Бүсээ чангалж, хэмнэлт гаргах төсөв

-Арилжааны банкуудын чанаргүй зээлийг шийдлээ –
 
УИХ ирэх оны төсвийг хугацаандаа арайхийн баталлаа. Арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуультай ч хууль тогтоох байгууллагынхан Засгийн газрын бүтэц, сүүлдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудал гээд сар гаруйн хугацаанд маргалдаж, мэтгэлцсэн. Хэрүүлтэй уруултай улсын төсвөө өнөөдөр ийн батлав. Ингэж хэлэх учир нь Н.Алтанхуягийн Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төслөө буцаан татаж, дахин “боловсруулсан”. 
 
Ийн удаан дуншсан ирэх оны төсвийн төслийг товчлон базъя. Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 7.159.9 тэрбум төгрөгөөр, Монгол Улсын төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцсэн/ хэмжээг 7.599.2 тэрбум төгрөг байх нь. 
 
Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2015 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 655 тэрбум 417.5 сая төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 195 тэрбум 556.8 сая төгрөг байхаар батлав. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд ирэх оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 34 тэрбум 385.8 сая төгрөг байна.
 
Ирэх оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1 их наяд 815 тэрбум 740.1 сая төгрөг хүртэл, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 277 тэрбум 460.6 сая төгрөг байхаар тогтоожээ. Харин ирэх оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 160 тэрбум 322.1 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээг 15 тэрбум 410.5 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 201 тэрбум 962.2 сая төгрөг байхаар баталлаа.
 
Энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “2015 оны төсвийг цаг хугацаанд нь батлахад ажлын хэсгүүд идэвхитэй ажиллалаа. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ийм хэмжээний буурсан төсөв баталж  байсангүй. Мөн улстөрийн нөхцөл байдлын хувьд  Засгийн газар огцорсон, Сангийн сайдгүй хүнд үе таарлаа. Хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, өмнөх жилүүдэд 20-30 хувиар өсч байсан үр ашиггүй зардлуудыг бууруулсан. Тухайлбал дэд, орлогч, зөвлөх гэх шинээр үүссэн  орон тоон дээрх 345 хүнийг цомхотгосноор 3 тэрбум, төрийн байгууллагын 540 орон тоо бууруулснаар 4 тэрбум, бараа ажил үйлчилгээний зардлыг 32  тэрбум төгрөгөөр бууруулсан Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн  байгууллагын зардлыг хөндөөгүй. Цаашдаа төрийн албан хаагчдын орон тоог бууруулах ажлыг үргэлжлүүлнэ.
Хоёрдугаарт, 2010-2013 онд ажил нь эхэлсэн 400 гаруй обьектын  санхүүжилтыг шийдэж, арилжааны банкуудын чанаргүй зээлийн асуудлыг  нэг тийш болголоо. Гэхдээ УИХ-ын 30 дугаар тогтоолыг эргэж харах хэрэгтэй. Хөгжлийн банкинд 302 тэрбум төгрөгийн обьектыг шилжүүлсэн. Энэ бүхний үр дүнд төсвийн алдагдал 439.2 тэрбум буюу хязгаараас 0.2 хувиар сайжирч батлагдлаа” гэв.
 
Ирэх жил шинээр 141  сургууль, цэцэрлэг,  эмнэлэг, дотуур байр ашиглалтад орно. Мөн цалин тэтгэврийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр  болсон. Гэхдээ  энэ бүхэн төрийн алба хаагч, өндөр настны нийгмийн баталгаа болж чадахгүй учир төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай байгаа аж.
 
 
 
С.Аз