Жуулчдын тоог нэг саяд хүргэнэ

Аялал жуулчлалын салбарынхан маргааш Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны байранд чуулна. ХБНГУ-д ирэх оны хавар зохион байгуулагдах “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд Монгол Улс Түнш орноор оролцохоор болсон билээ. 
 
Түнш орноор сонгогдсоноор манай улс дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр өөрийн сурталчилгааг давуу эрхтэйгээр явуулж, жуулчдыг эх орондоо татах таатай боломж бүрдүүлэх аж. Ингэснээр 2016 онд Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэнэ хэмээн зорьж байгаа юм байна.
 
Энэ ажлын хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулж буй гэнэ. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд зочид буудал, жуулчны бааз, гэр кэмп, ресторан зоогийн газар, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчид уулзалтад оролцох боломжтой. 
 
Уулзалтыг ССАЖЯ, “Аялал жуулчлал-Ирээдүй” төрийн бус байгууллага, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.
 
 
 
С.Аз