Үндэсний шилдэг 100 брэндийг тодруулна

Монгол Улсад хөдөө аж ахуй, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, гадаад зах зээлд өрсөлдөхүйц үндэсний брэнд бий болгох, тэдгээрийг олон нийтэд таниулан сурталчилах зорилгоор “Үндэсний Шилдэг 100 Брэнд” төслийг МҮХАҮТ, “Авентюрин Энтертайнмэнт” хамтран явуулж эхэлжээ. 
 
Уг төслийн хүрээнд төрөөс үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж анх удаагаа зохион байгуулж буй үндэсний хэмжээний хамгийн том төсөл аж. Тиймээс үндэсний шилдэг 100 брэндийг монголын дотоод зах зээлд хэрэглэгчдэд хүрч болох бүхий л сувгаар таниулах юм байна. Ингэхдээ шилдэг брэнд хэрхэн бий болдгийг хэрэглэгчдэд таниулан цаашид  дэлхийн зах зээлд үндэснийхээ брэндийг нэвтрүүлэх гарцыг нээх зорилго өвөртөлжээ. 
 
Төслийн үргэлжлэх хугацаа нийт зургаан сар бөгөөд шилдэг брэндийг хэрэглэгчид болон үзэгчдийн хамтаар шалгаруулах аж. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн судалгаа, хамтран ажиллагч байгууллагын санал зэрэгт үндэслэн, сонгох юм байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ санал болгон танилцуулахыг хүсвэл МҮХАҮТ-д хандах боломжтой.
 
Дашрамд дурьдахад, Үйлдвэр хөдөө аж ауйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төрийн банк, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо дэмжигчээр, “Эрдэнэт” хивс ХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа аж.
 
 
С.Аз