Ж.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв тийм ч урт настай биш

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн удирдлагын танхмийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ирэх оны төсвийн талаар ярилцлаа. 
 
-Ирэх оны төсвийг хугацаандаа арайхийн баталлаа. Судлаач хүний хувьд ямархуу төсөв болсон гэж харж байна вэ?
 
-2015 оны төсөв өмнөх жилүүдийнхээс онцлогтой байсан. Тухайлбал, орлогын түвшинг харьцангуй бодитой тооцох гэж оролдлоо. Мөн тодорхой хэмжээнд зардлын хэмнэлт бий болгох гэж хичээсэн. Гэхдээ урсгал зардлыг танах дээр зохицуулалт, хяналтыг сайн хийж чадсангүй. Тэгсэн хэр нь хөрөнгө оруулалтын зардлыг их хэмжээгээр танасан. Ингэхдээ өмнөх жилүүдийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлж, шинээр энэ чиглэлд санхүүжилт бараг төсөвлөсөнгүй. Хэдийгээр өмнөх жилүүдийг бодвол орлогыг бодитоор төсөөлсөн ч хөрөнгө оруулалт хийх ёстой зарим ажлыг тойргийн гадна үлдээлээ. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх ёстой хөрөнгө оруулалтын төсвийг  үндэслэлтэй батлах шаардлагатай байсан гэж харж байгаа. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн үндсэн эх үүсвэр бол төсөв. Тиймээс нийгмийн суурь салбарын асуудалд бид бодлоготой хандах ёстой. Учир нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол Монгол Улсын ирээдүйг төлөөлж буй гэсэн үг юм. Хүүхэд багачуудын боловсрол чанартай, тав тухтай орчинд хэрэгжвэл Монголын ирээдүй төдийчинээ чанартай байж улс хөгжинө. Эрүүл мэндийн салбар ч мөн ялгаагүй. Хэдий хүндрэлтэй байсан ч орхиж үл болох асуудал гэж байдаг. Агаарын бохирдлыг бууруулах сан зэрэгт өгөх төсвийг танасныг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь энэ чиглэлээр өмнө маш их мөнгө тусгасан ч үр дүнд хүрээгүй. Төсөвт гол шалгуур нь үр дүнд хүрэх зүйлийг тодорхой тусгадаг байх ёстой. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарч өөрчлөх хэрэгтэй.
 
-Юу юм бол?
 
-Монгол Улсын төсвийн төлөвлөлт буруу явж байна. Төсвийг гүйцэтгэх засаглал, тэрхүү бодлогыг гардан хэрэгжүүлэгчид хийж, түүнийг УИХ хянан баталдаг. Гэтэл төсөв УИХ-аар хэлэлцэж эхлэхэд маш их өөрчлөгддөг. Өмнөх жилүүдэд орж ирж байсан төсвийг нэг их наяд орчим төгрөгөөр танаж байсан тохиолдол бий. Энэ нь нөгөө талдаа төсөв боловсруулж буй субъектууд төсөв, түүний зорилгоо зөв тодорхойлж, төлөвлөж  чадахгүй байгаагийн шинж юм. Эсвэл УИХ, түүний гишүүд тэдний ажлыг тэднээс илүү мэддэг гэсэн үг.
 
-Орлогын түвшинг бодитойгоор тооцох гэж оролдсон гэж та ярилаа. Зарим эдийн засагч харин ч хэт өөдрөгөөр төсөөлсөн гэж байсан. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт энэ жилийнхээс сайн байхгүй гэсэн тооцоо байгаа юм билээ?
 
-Нүүрсний экспорт өмнөх жилүүдтэй харьцуулахад 20 орчим сая тонн гэж тооцсон нь боломжийн тоо. Гэхдээ яг экспортлох талаас нь авч үзвэл бусад судлаачтай санал нэг байна. Өмнө нь 33 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөөд жилийн эцэст 20 хүрэхгүй сая тонныг хилээр гаргасан байх жишээтэй. Энэ нь төсөвт маш хүчтэй нөлөөлж, улс орны бодлогын хэрэгжилтэд саад тотгор болж байсан. Үүнтэй харьцуулахад бодитой болгох гэж оролдсон гэж хэлж буй юм. Алт, зэсийн баяжмал, нүүрс зэрэгт үнэ, хэмжээний тооцоолол нь бодитой байж чадах эсэх нь эргэлзээтэй. Үүнээс гадна төсөвт нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг нэлээд өндрөөр тооцсон байсан. Гэтэл тэр үнээр өнөөдөр бид нүүрсээ экспортолж чадах уу. Мөн дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ хэлбэлзэлтэй байгаа. Тухайлбал, зэсийн үнэ 2012 оноос хойш унах хандлагатай байна. Татварын орлого ирэх оны төсвийн гол бүрэлдэхүүн хэсгийг бүрдүүлж байгаа. Энэ орлогыг ч өөдрөгөөр төсөөлсөн. Гэтэл өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалтай, зарим нь цалингаа тавьж чадахгүй байна. Энэ нь ирэх онд сайжрах уу гэвэл үгүй. Тэгэхээр татварын орлого төдийлэн өсч чадахгүй. Гэтэл зарим татварыг нэмэгдүүлэх замаар татварын суурийг нэмэгдүүлэх тухай ярьж байна. Энэ нь цагаа олсон асуудал мөн эсэх нь хариултгүй. Иймд орлогуудад болгоомжтой хандах хэрэгтэй. Цалин хөлс, нийгмийн даатгалын орлого биелэх хандлагатай байдаг. Гэхдээ энэ нь төсвийн гол бүрэлдэхүүн хэсэг биш шүү дээ.
 
-Монгол Улс нэгдсэн төсөвтэй болох ёстой талаар бишгүй ярьж байна. Хэрэв Хөгжлийн банкны зарлагыг төсөвт тусгавал улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын алдагдал найман хувьд хүрэх тооцоо байна. Тэгэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчиж эхэлнэ. Энэ тохиолдолд яах ёстой юм бэ?
 
-Монгол нэгдмэл улс. Төрийн бодлого нь ч нэгдмэл, нэгдсэн байдлаар тодорхойлогддог. Төсөв бол Монгол Улсын төрийн бодлого хэрэгжүүлэх санхүүгийн үндсэн эх сурвалж. Төсвөөр улс орны бодлого хэрэгжиж байна. Төсвөөс гадуурх мөнгөн урсгал өмнөх хоёр жилд маш их байсан. Одоо ч байна. Ийм байдал манайд тохирохгүй, нэгтгэх ёстой. Үүнийг бүхэлд нь тооцож байж Монгол Улсын төрийн бодлогыг тодорхойлж байх нь зүйтэй. УИХ-ын баталсан төсвөөс гадна Засгийн газрын мэдлийн хүрээнд мөнгөн урсгал байгаад буй нь учир дутагдалтай. Үүнийг төсвийн тодотголоор ч юм уу аль болох хурдан хугацаанд нэг төсөвтэй болох ёстой. Тэгэхээр төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрэхгүй гэсэн заалт зөрчигдөж таарна. 
 
-Хуулиа өөрчилнө гэсэн үг үү?
 
-Эдийн засаг эмзэг байгаа үед төсвийн алдагдлыг өсгөх нь дарамт болно. Алдагдал бусад эх үүсвэрийг ашиглахаас аргагүй байдал руу шахна. Тиймээс алдагдлыг нэмэгдүүлэх зарчмыг баримтлах боломжгүй. Ирэх оны төсөв тийм ч урт настай биш. Засгийн газрын бүтэц, Ерөнхий сайд нь томилогдоогүй байхад баталсан учраас ойрын хугацаанд төсөвт тодотгол хийх байх. Тэр үед зарлага болон орлогын төлөвлөлт, төсвөөс гадуурх мөнгөн урсгалаа хэрхэн оруулж ирэх талаар шийдэх ёстой. Төсөв буруу төлөвлөж, таамаглаж  буй нь эдийн засагт хор уршигтай байгаад байна. 
 
-Инфляцийг долоон хувьд барина гэсэн. Ийм боломж бий юү?
 
-Боломж маш бага. Үүнийг Монголбанкны зорилтот инфляци гэж ойлгож байгаа. Манай зах зээлийн нөхцөл хэлбэлзэл өндөртэй, хүүгийн түвшин ийм байгаа үед инфляци нэг оронтой тоонд байх нь эдийн засгийн тэнцвэржилтэд эерэг нөлөөтэй байна. Гэтэл өнөөдөр инфляци 13 хувьтай байна гэдэг эдийн засагт сөрөг үзэгдэл байгаагийн шинж. Тиймээс инфляцийг барих боломж хомс. Харин эсрэгээрээ хямрал даамжраад нийт иргэдийн худалдан авах чадвар суларсан үед инфляци буурдаг тал бий. Ийм нөлөөллөөр буурахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм зүйл тохиолдохгүй байхыг хүсч байна. 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр манайд ийм тохиолдол гарч байсан.  Харин төсвийн бодлогыг эдийн засгийн нөхцөл байдалтай сайн уялдуулан тодорхойлж төсөв мөнгөний бодлогын харилцан шүтэлцээг бий болгож чадвал бидэнд инфляцийг өнөөгийн түвшингээс бууруулах боломж бий.
 
-Ам.долларын ханшийг ирэх оны төсөвт 1750 төгрөгөөр тооцсон байна лээ. Валютын ханш цаашид тогтворжих хандлага байна уу?
 
-Валютын ханшийг одоо байгаа хэмжээнээс бууруулах зорилт тавьсан нь зөв. Гэхдээ бууруулах боломж байгаа эсэх нь эргэлзээтэй. Валютын орох урсгал татарч, гарах урсгал саарч чадахгүй байгаатай ханшийн өсөлт хамааралтай. Гадаад худалдааны алдагдал буурсан гэсэн валютын ханштай холбоотой нэг эерэг мэдээ бидэнд байгаа.. Гадаад худалдаа төлбөрийн тэнцлийн нэг л бүрэлдэхүүн хэсэг. Хэдийгээр алдагдал буурсан ч эдийн засагт сайн дүр төрхийг авчрахгүй байгаа. Учир нь гадаад худалдааны эргэлтийн энэ “эерэг” талыг бий болгосон гол бүтцийг бид анхаарах шаардлагатай. Экспорт бага зэрэг нэмэгдсэн хэдий ч гол бүтэц нь ирээдүйд хийх хөрөнгө оруулалтыг дэмжих техник тоног төхөөрөмж авах хэсэгт байна. Түүнчлэн төлбөрийн тэнцлийн бусад урсгал болон санхүүгийн данснууд сөрөг байгаад байна.Төлбөрийн тэнцэл 2012 онд 1.7 тэрбум ам.долларын ашигтай байсан бол өнгөрсөн онд 1.8, энэ оны эхний хагас жилийн байдлаар 500 сая ам.долларын алдагдалтай явж байна. Өөрөөр хэлбэл, сард 100 гаруй сая ам.долларын алдагдалтай яваад байна гэсэн үг. Тэгэхээр төлбөрийн тэнцлээ сайжруулж, гадаад валют орох сувгаа нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Валютын ханшийг 1700-гаас бууруулж байж эдийн засаг дахь ханшийн сөрөг нөлөөллийг багасгаж чадна. Ядаж 1600 орчим төгрөгт барьж байж валютын ханшаас хамаарсан сөрөг нөлөөллийг багасгаж чадна.
 
 
 
 
С.Заяа