Д.Болормаа: Хувьчлалыг ямар хэлбэрээр явуулахыг УИХ шийднэ

Өмч хувьчлалаас ирэх оны төсөвт 153 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Чухам хэчнээн аж ахуйн нэгжийг ямар журмаар хувьчлах гэж буй талаар Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга Д.Болормаагаас тодрууллаа.
 
-УИХ-д “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл өргөн барьсан гэсэн. Хэчнээн аж ахуйн нэгж хувьчлах вэ?
 
-УИХ-д өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд 22 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг хувьчлахаар тусгасан. Ингэхдээ нээлттэй дуудлага худалдаа, хувьцаа гаргах, хамтарсан компани байдлаар хийхээр төлөвлөсөн. Гэхдээ чухам ямар хэлбэрээр байхыг УИХ хэлэлцүүлгийн явцдаа шийдэх байх. Одоо бид алдаанаасаа сургамж аваад хэн нэгний өмчлөлөөс илүүтэй хамтын үйлдлээр цаашид үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ нь эргээд зах зээлийн зарчмаар хөгжиж эдийн засагт хувь нэмрээ оруулж эхлэх нь хувьчлалын гол үр дүн юм. Анх хувьчлал явуулж байхад төрийн нэрийн өмнөөс аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх чадамжтай компаниуд цөөн байсан. Харин одоо төрийн өмчийн хувьчлал явагдах нөхцөл бүрдсэн.
 
-МИАТ компанийг хувийн хэвшилтэй хамтарч эзэмших нь эрсдэл дагуулахгүй юу. Энэ тал дээр Төрийн өмчийн хороо ямар байр суурьтай байгаа бол?
 
-Хувийн хэвшлийн авиа компаниуд бүгдээрээ алдагдалтай ажиллаж байна. Учир нь, бүгд өөрсдөө газрын үйлчилгээг тус тусдаа явуулдаг. Тэгэхээр эдгээр компани хоорондоо нэгдвэл алдагдалтай ажиллахгүй. Дотоодын компаниуд алдагдалтай ажиллаж байхад манайд орж ирж буй гадны авиа компаниуд ашигтай ажиллаад байдаг. Яагаад гэвэл тэд бүрэн бойжсон, бэлэн зах зээлд орж ирж байна. Тиймээс бид үндэсний эв нэгдэлтэй байвал зах зээлээ өөрсдөө хамгаалаад яваад байх боломжтой.
 
-Төрийн өмчийн хороо ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?
 
-Иргэдийн дийлэнх нь Төрийн өмчийн хороог төрийн өмчийг үнэгүйдүүлж зарж борлуулдаг газар гэж ойлгож ирсэн. Үнэн хэрэгтээ манай хороо олон чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, яамдын байр, зам, барилга зэрэг төрийн өмч. Эдгээрийн хадгалалт хамгаалалт, ашиглалтыг хийж байдаг. Нөгөөтэйгүүр энэ чиглэлийн хууль эрхзүйн орчинг мөрдөж буй эсэхэд хяналт шалгалт тавьдаг юм. Төрийн үйл ажиллагааг явуулахдаа хуулийн дагуу шударга ил тод байдлаар явуулж байгаа эсэхийг мөн хянадаг. Төр иргэддээ нийгмийн хариуцлагын үйлчилгээг үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц, зам харгуй, цахилгаантай байлгах ёстой. Энэ нь иргэдийн эрүүл тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг төр үзүүлэх ёстой. Төрийн өмчийн хороо гадны хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд татахаасаа илүүтэй төрийн технологийн шинэчлэлийг төрийн өмчид хийж байна. 
 
 
С.Аз
 
 
Өмч хувьчлалтай холбоотой дэлгэрэнгүй нийтлэлийг уншигч Та манай сэтгүүлийн ирэх сарын 1-ний дугаараас сонирхоорой.