Нийслэлд ирэх онд 3 сургууль, 9 цэцэрлэг барина

Нийслэлийн ирэх оны Төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. НИТХ ирэх оны төсвөө үндсэн гурван бодлогын чиглэлд тулгуурлан боловсруулсан аж.  

Ингэхдээ нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ирэх оны эдийн засаг, нийгмийн зорилтыг хангах зорилгоор нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлан, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогын хэмжээг өмнөх оны түвшнээс бууруулахгүй байх зарчмыг баримталжээ. Мөн тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, орон тооны давхардлыг арилгахад анхаарсан байна.  

Тиймээс хэмнэлтийн горимд шилжсэн төсөв болж байгаа хэмээн хотын удирдлагууд үзэж байна. Тухайлбал, "Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр"-ийн хүрээнд урсгал зардлыг 57 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Мөн 186 удирдах албан тушаалтан буюу нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, зөвлөх, агентлагийн орлогч дарга нарын орон тооны цалин, холбогдох зардлыг төсвийн орлогоос хасаж тооцоод байгаа аж. 
 
Хот улсын төсөвт жилд 41 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг байна. Ирэх оноос энэ орлогыг өгөхөө больж, Сангийн яамнаас боловсруулсан төслийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, оюутан, цагдаа нарын нийтийн тээврийн хэрэгслийн хөнгөлөлтийн 53.1 тэрбум төгрөгийг хариуцахаар болжээ.
 
Энэ нь хотод 12 гаруй тэрбум төгрөгийн зардал шинээр нэмэгдсэн гэсэн үг юм. Харин нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардал болох 280 тэрбум төгрөгийг улсын төсвөөс шийдвэрлэхээр болсон талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ. 
 
Ирэх онд томоохон бүтээн байгуулалтын ажлыг бүгдийг нь хийх боломжгүй учир нийслэлийн Засаг даргын багцад байгаа  178.4 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулхаар болжээ. 
 
Үүний 42.1 тэрбум төгрөгийг нь ирэх онд үргэлжлэн хийх төсөл хөтөлбөрт, 19.2 тэрбумыг нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дагуу концессын гэрээгээр хийх ажилд, 117 орчим тэрбум төгрөгийг шинээр хийх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт санхүүжүүлэхээр төсөвлөсөн аж.
 
Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад оруулахаар болжээ. Автозамын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бол шинээр нийслэлийн хүүхэд, багачууд, залуучуудад зориулан одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн байрыг өргөтгөж, Хүүхдийн урлан бүтээх төв, Залуу техникчдийн ордон болгохоор хөрөнгө мөнгийг нь төсөвлөжээ. 
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал