Ханиаднаас ингэж сэргийлээрэй

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотой ханиад томууны өвчлөл нэмэгдсээр байна. Нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй, нэг орон дээр дөрвүүлээ хэвтэж, ор олдохгүй байгаа эхчүүд хүүхдээ аван коридорт хэвтэж байна. Социализмын үед ашиглалтад орж байсан тус эмнэлгүүд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх нийслэлийн хүн амд хүрч үйлчилж чадахгүй болоод удаж буй. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлэг 100 хүүхэд хэвтэн эмчлэх хүчин чадалтай бол өдгөө 300 гаруй багачууд эмчлүүлж байна. Энэ талаар эмнэлгийн удирдлагууд “Баянзүрх дүүрэг 200 орчим мянган хүн амтай. Хүүхдийн өвчлөл их байгаа учраас коридорт ч хамаагүй авч, эмчлэхээс өөр аргагүй” хэмээж байсан.  
 
Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа учир томуу, томуу төст өвчнийг хүндрэхээс нь өмнө эцэг эхчүүд гэрийн нөхцөлд “аргалах” хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Тиймээс энэ талаарх зөвлөгөөг хүргэж байна. 
 
Ханиад томуу вирусээс үүсдэг, амьсгалын цочмог халдварт өвчин бөгөөд гэнэт өндөр халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрч байгаа аж. Үүнээс сэргийлэхийн тулд хүүхэд гэлтгүй томчууд ч биеийн эсэргүүцэлээ сайн байлгахын тулд витаминаар баялаг амт чанартай хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй юм байна. Мөн 
 
-Хамрын  салстыг сонгино, сармисын тосон  ханд, оксолины тос түрхэх.
 
-Гичтэй  бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх.
 
-Витамин С-ээр баялаг жимс болон шүүс, витамин С хэрэглэх
 
-Өдөрт 2-3 хумс сармисыг хоол, ундандаа хэрэглэх.
 
-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх. 
 
-Царван, морин шарилжны хандаар хоолой зайлах.
 
-Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна, ТТТӨвчнөөс урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг худалдан авч зааврын  дагуу хэрэглэвэл үр дүнтэй.
 
-Халуун аарц, сармистай хар шөл, чацарганы шүүс,  халуун гичтэй хоол, цагаан танг буцалган уух, шингэн ихээр уулгах, 
 
-Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах.
 
-Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмнүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
 
Томуу, томуу төст өвчнөөр сэргийлэх аргууд
 
-Цагаан гаа, сармистай шөл
 
-Аарц (шөлөнд чанаж уулгаж хөлөргөх)
 
-Сүүнд сармис буцалгаж уулгах
 
-Хүйтэн агаар амьсгалахгүй байх
 
-Ам хамар хоолойд утлага хийх
 
Томуугийн А(H1N1) вирусын халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2 хувийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4.0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт нэг удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. 
 
Дашрамд дурьдахад, томуугийн өвчлөл их байгаатай холбоотой өрхийн эмнэлгүүд бямба гаригт 10-14 цаг хүртэл ажиллаж, үзлэг оношилгоо хийж байгаа юм байна. 
 
 
 
С.Аз