Худалдааны татвар Монголд

Татварын хоёр дахь шатны шинэчлэл 2017 онд "хаалт"-аа хийнэ. Энэ хүртэл татварын зарим хуульд нэмэлт өөрчлөлт орж, олон улсын түвшинд ойртуулахаар зорьж буй. Ингэснээр Монгол Улсын татварын орчны өрсөлдөх чадвар сайжирч, шинэчлэлийн үр дүн бодитой харагдах юм. Харин гурав дахь шатны шинэчлэл 2018 оноос үргэлжилнэ. Энэ удаагийн шинэчлэлийн явцад Худалдааны татвар гэсэн шинэ хувилбар гарч ирсэн.

Дэлхийн 105 улсын татварын хувь хэмжээний судалгаагаар 17 улс худалдааны татвартай аж. Худалдааны татвар НӨАТ-ын тогтолцоотой ойролцоо бөгөөд зөвхөн татвар ногдуулах үйлдвэрлэл үйлчилгээний түншингээр ялгагддаг гэсэн. Үйлдвэрлэлийн, бөөний, импортын худалдааны татвар гэх зэрэг олон хувилбартай.

Манай улс 1998-2003 он хүртэл худалдааны татвартай байсан. Уг татварыг үйлдвэрлэл, импорт, бөөний худалдааны түвшинд хэрэгжүүлж байсан. Өмнөх шатанд төлсөн татварын хасалт хийдэггүй тул олон дахин татвар ногдуулж давхардал үүсгэдэг байжээ.

Экспортод хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг. Гэхдээ далд эдийн засгийг хянах боломжгүй. Энэ нь худалдааны татвараас татгалзах нэг шалтгаан гэнэ. Мөн татвар төлөхөөс зайлсхийх боломжтой аж. Түүнчлэн манай улс худалдааны татварыг нэвтрүүлэх үед үнийн өсөлт гарч байжээ.

Аливаа шууд бус татвар үнийн бодлогод нөлөөлдөг учир хэрэглэгчийн төлөх үнэ шууд бус татварын нөлөөгөөр нэмэгддэг аж. Шууд бус татвар болох худалдааны татвар нь орлого багатай иргэдэд илүү дарамт авчирдаг байна.

 

Б.Тогтох