Эдийн засаг агшиж, инфляци буурах уу

Мөнгөний бодлогын үр нөлөөг хэмжиж болох үзүүлэлт инфляци. Төгрөгийн үнэ цэнийг бодитой илтгэх уг тоо өнгөрсөн сард улсын хэмжээнд 12.1 хувьтай гарсан. Давхар оронтой яваа инфляци энэ оны эцэст бага зэрэг буурах төлөвтэйг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, эдийн засагч Б.Түвшинтөгс хэллээ.

Гэхдээ инфляци Төвбанкны зорилтот түвшин болох нэг оронтой тоо руу шилжих бодлогын орон зай тун хязгаарлагдмал байгааг тэрбээр нэмж дурьдсан юм. Өнөөгийн нөхцөлд инфляци буурах нь эдийн засаг агшиж байгааг нэг талаар илэрхийлдэг байна. Энэ нь эрэлтийг өдөөх иргэдийн худалдан авах чадвар муудаж байгааг өгүүлэх аж.

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн сараас хуралдаж, мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэлсэн. Инфляцийг тогтворжуулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, макро орчинд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор бодлогын хүүг энэ оны долдугаар сард 1.5 хувиар нэмж одоогийн түвшинд хүргэсэн юм. Үүний үр дүн одоо гарч байгааг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал онцолж байсан удаатай.

Төсвийн тэлэлттэй бодлогын эсрэг Монголбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж магадгүй. Гэхдээ ирэх оны төсөвт тодотгол хийсэн тохиолдолд мөнгөний бодлогын хүүг заавал чангалах шаардлагагүйг Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болд тэмдэглэсэн. Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг нэмэх эсвэл хэвээр үлдээх салаа замын уулзварт ирээд байна. Тэд ямар сонголт хийхийг бид харах үлдлээ. Гэхдээ сонголт хийх шалтгаан нь инфляци бус 2015 төсвийн бодлого юм.

 

Б.Баяртогтох