Төсвийг нэг их наяд төгрөгөөр танана

Энэ оны Төсвийн тухай болон бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат УИХ-д өргөн мэдүүлсэн. Татварын орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүйгээс энэ оны төсөв 1.1 их наяд төгрөгөөр тасарсан байна. Мөн ирэх оны төсвийг нэг их наяд төгрөгөөр бууруулах шаардлага үүсчээ. Мөн Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлт орохоор байгаа юм. 
 
Харин Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэлээд өөрчлөлт оржээ. Тухайлбал, Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хүний хөгжил санд төвлөрүүлэх ногдол ашгийг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгон өөрчлөх, Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан авсан 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн хүүд 2014 онд бэлэн мөнгөөр 15, татварын орлогоор 3.5 сая нийт 18.5 сая ам.долларын төлсөн байна.
 
Үүнтэй холбоотой Хүний хөгжил сангийн зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7.433.8 сая төгрөгөөр нэмж батлуулах, 2012 оны төсөвт гаргасан бондын үндсэн төлбөрт төлөх хэмжээг 21.413.3 сая төгрөгөөр нэмж батлуулах, Хүний хөгжил сангаас хаах урьдчилгаа төлбөрийн цэвэр дүнг 81.537.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх.  Тус сангийн урьдчилгаа төлбөрт хаагдаж байгаа улсын төсвийн орлогын хэмжээг 119.145.8 сая төгрөгөөр бууруулах. Мөн дээрх сангийн 2014 оны төсөвт нэмж 320.000.0 сая төгрөгийн бонд гаргахаар төсвийн тодотголд тусгажээ. Нэмж бонд гаргахыг УИХ-ын гишүүдийн зарим нь эсэргүүцэж байна. 
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батцогт “Засгийн газар бодитой төсөв УИХ-д оруулж ирье. Өөрсдийгөө хуурсан төсөв батлаад нүдэн балай, чихэн дүлий сууж таарахгүй. Төсвөө татаж ав, бодитойгоор харж хөрсөн дээр бууя. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе. Аймаг, аймгаар нь шүүж төсвийн гүйцэтгэл нь хэдэн хувьтай байгааг бодитой гаргаж ирээд дараа нь төсвөө яръя” гэсэн бол гишүүн Д.Ганхуяг төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр бус гурван хувь болгох санал гаргаж байв. 
 
 
С.Аз