Улсын төсвийн гурван хувийг ХАА-н салбарт зарцуулдаг

Манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгд ордог. Ийм том газар нутагтай ард түмний  38 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Энэ чухал салбарын үйл ажиллагаатай холбоотой “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийг боловсронгуй болгох” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.  

Салбарын сайд томилогдоод удаагүй байгаа учир өнөөдрийн хэлэлцүүлэг олон талын ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна. Тус салбарт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт тааруу байгаа юм. 
Тодруулбал, ХАА-н салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2011-2013 онд хүртэл 91 хувиар нэмэгдсэн ч ДНБ-д тус салбарын эзлэх хувийн жин буурсаар иржээ. Энэ нь уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой гэнэ.
 
Нөгөөтэйгүүр улсын төсвийн гурван хувийг эзэлж байгаа нь эдийн засгийн гол салбар гэж үзэж буй энэ үед хөрөнгө оруулалт шаардлагатайг илтгэж байна. Тус салбар дотроо мал аж ахуй хамгийн өндөр буюу 89 хувийг эзэлж байна. Гэсэн ч манай орны эрс тэс уур амьсгал нь мал аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргах ёстойг харуулдаг.
 
Тодруулбал, үхрийн аж ахуй хөгжүүлэхийн тулд тэжээлийн бааз суурийг бэхжүүлэх, мал эмнэлэг үржлийн ажлыг сайжруулах хэрэгтэй аж. Нэг үхрээс авах ашиг шим 35 кг мах байгаа нь хөгжингүй орнуудтай харьцуулахад 2.5-3 дахин бага үзүүлэлт юм. Мөн ОХУ-аас бусад улс руу махны экспортолдоггүй. Зөвхөн үхрийн аж ахуйг ойрын 8-10 жилд хөгжүүлэхэд 260 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийжээ.
 
Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнийг бууруулах боломжийн талаар Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал. Д.Болдбаатар “Тус салбар өртөг өндөртэй учир гурил махны үнийг бууруулна гэдэг хязгаарлагдмал зүйл. Гэхдээ үнийг тогтвортой байлгаж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь эдийн засаг талаасаа давуу” гэлээ. Түүнчлэн 2012 оноос хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг банкууд хэрэгжүүлэх  боломжтой эсэхийг эрэлхийлж уг арга хэмжээг зохион байгуулж буй гэлээ. Гэхдээ банкны зээл хөнгөлөлттэй боллоо гээд зорилтот хэрэглэгчдэд биш өөр зүйлд зарцуулж байгаа эсэхийг хянах хэрэгтэйг хуралд оролцогчид онцоллоо.
 
Харин хөдөө аж ахуйн салбар хөгжихийн тулд байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвартай байх зарчимд тулгуурлах ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр хэллээ.
 
Дээрх хэлэлцүүлгийг Монголбанк, Хүнс хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулсан юм.
 
 
 
А.Бүрэнжаргал