Ж.Эрдэнэбат: Санхүүжилтүүд дандаа өр хэлбэрээр эх үүсвэрээ бий болгосон байна

Монгол Улсын төрийн сан өнөөдрийн байдлаар -717 тэрбумын үлдэгдэлтэй, Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд, нийт  3.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнтэй холбогдуулж Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдалд бодит дүгнэлт өгөх шаардлагатай байгаа аж. Мөн "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны зээл, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулах нь зүйтэй УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. 
 
Бүлгийн хуралдааны үеэр Сангийн сайд Ж.Эрдэнэбат улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.
 
-Та ажлаа аваад удаагүй байна. Гэсэн ч Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?
 
-Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор 2014 оны төсвийн тодотголыг өргөн бариад байна. Ер нь, байдал хүнд байгаа. Маш  олон санхүүжих  зардлууд ар араасаа хүлээгдсэн, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 64 хувьтай явж байна. Он дуусах хүртэл хэдхэн хоногт 600 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх шаардлага Сангийн яаманд үүсээд байна. Гэтэл ийм боломж хомс. Орлогын төлөвлөгөө өмнө нь нэг их наяд төгрөгөөр тасарсан учраас үүний зарцуулалтыг бүрдүүлж гаргах асуудал нь хүндрэл үүсгэж байна. Төсвийн  тодотголыг бодит нөхцөлд тулгуурлан өргөн барихыг  бодсон ч  хугацааны хувьд төсвийн жил  дуусах дөхсөн байхад санхүүжилтүүд  дандаа өр хэлбэрээр эх үүсвэрээ бий болгоод  гарчихаад байгаа. Өмнөх Засгийн газрын хэрэглэсэн зардлыг хасч тооцох ямар ч бололцоогүй,  бодит байдалд нь нийцүүлж орлого, зарлагыг тус бүр  нэг их наяд төгрөгөөр бууруулах боломжгүй байна. Тиймээс  өмнөх Засгийн газрын тавьсан өрийг барагдуулах, бүтэцтэй холбогдуулан яамдад бүтэц, орон тооны хуваарилалтыг хийх чиглэлд 2014 оны төсвийн тодотголыг боловсруулж, өргөн барьсан. 
 
-Тасарсан орлогыг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх гарц байгаа бол?
 
-Төлөвлөснөөс 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу байгаа. Гэхдээ гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр манай яам шийдсэн. Тендер нь зарлагдаагүй төсөл хөтөлбөрүүд бий. Он дуустал 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага бий. Нэгэнт төрийн сангийн данс хэдэн зуун тэрбумаар хасах руу орж дутуу биелсэн  орлогынхоо төлөвлөгөөний  гүйцэтгэлийг хангаад явчихсан байгаа. Тиймээс урсгал зардал,  хөрөнгө оруулалтын зардалд нийт 600 тэрбум төгрөг гаргана. Нийт олох бололцоотой орлого нь 300 орчим тэрбум гэж тооцоолж байгаа. Үлдсэн орлогыг ямар эх үүсвэрээс яаж бүрдүүлэхийг Засгийн газраас шийдвэр гарах байх. 
 
 
С.Заяа