Орлогогүй төсвийн тодотгол

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого энэ оны эхний арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр 5.267.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 16.2 хувиар буюу 1.019.1 тэрбумаар дутуу биелсэн байна. Төсөв алдагдалтай байгаа ч шинэ Засгийн газар байгуулагдсан учир Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлттэй холбогдуулан ирэх оны төсөвт тодотгол хийхээр гүйцэтгэх засаглалаас тогтоолын төсөл боловсруулан УИХ-д өргөн бариад буй.
 
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төсвийн тодотголыг хийхдээ орлогыг тодотголгүй, зөвхөн шинээр байгуулагдсан яамдын төсвийг батлахаар оруулж ирж байгаа нь учир дутагдалтай. Нэгэнт орлого нэг их наядаар тасарсан нөхцөлд орлогоо тодотгож байж төсвийн тодотголоо хийх ёстой. Гэтэл Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор яамдын төсвийг баталж өгөх үүднээс тодотгол оруулж ирж байна. Орлогоо тодотгохгүй төсөвт тодотгол хийхээр орлогыг бүрдүүлж байгаа гааль, татварынхан аж ахуй нэгжүүдээ дарамталж эхэлнэ” гэхэд Сангийн сайд “Төсөвт тодотгол хийх шаардлага нь Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор хуулийн дагуу явж байгаа. Орлогыг бодитой болгох асуудлыг шийдэх бололцоо энэ удаагийн төсвийн тодотголоор гарахгүй” гэх тайлбарыг өгсөн. 
 
Учир нь, өмнө байсан бүх төрийн байгууллагууд арваннэгдүгээр сард зардлаа санхүүжүүлжээ. Өөрөөр хэлбэл, дансныхаа үлдэгдлийг ашиглах хэлбэрээр санхүүжүүлсэн аж. Тиймээс хэрэглэсэн мөнгөө буцааж авчраад зардлаа бууруулах ямар ч боломжгүй гэдгийг тэрбээр онцолсон. Энэ удаагийн төсвийн тодотголыг Засгийн газрын бүтэцтэй холбоотой хийж буйг дээр дурьдсан.
 
Ерөнхий сайд хяналт шалгалтаа багасгах үүргийг гааль, татварынханд өгсөн. Тиймээс төсвийн орлого бүрдүүлэхэд хэцүү байгаа аж. Гэхдээ аж ахуйн нэгжүүд Иргэдийн хурлаас баталсан татвараа төлөх үүрэгтэй. Үүнд 300 орчим тэрбум төгрөгийн татварын асуудал багтаж буй юм. “Энэ татвараа олох ёстой. Ерөнхий сайд хяналт шалгалтаа зогсоо гэсэн болохоос оногдуулсан татвараа битгий төл гэдэг үүрэг өгөөгүй” хэмээн Сангийн сайд хэллээ. 
 
2014 оны төсвийн тухай хуулийг батлахдаа  он дамжин  шилжих үлдэгдлээ 1.4 их наяд төгрөг байхаар баталсны дагуу үлдэгдлээ тооцох төлөвлөгөөтэй байгаа. Харин 2.4 их наяд төгрөг нь Засгийн газрын дотоод бондын  нийт үлдэгдэл  хэмжээ юм байна. Цаашид нэмж бонд гаргавал Засгийн газрын дотоод өрийн үлдэгдэл 2.7 их наяд  төгрөгт хүрэх аж. Иргэдэд арилжаалсан нь нийт бондын тав хүрэхгүй хувийг эзэлж байгаа бол ихэнх нь арилжааны банкуудад очжээ. Иргэдийн хадгаламж өсч байгаа нь бизнес эрхлэх  сонирхол бага болсонтой холбоотой гэж Сангийн яам үзжээ. Мөнгө хадгаламжинд байршиж, эдийн засгийн эргэлтэнд  орохгүй байх нь сайн зүйл биш  гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. 
 
Ямартай ч төсвийн тодотголоор 2014 онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулах ажлын зардлыг бууруулан тооцох. Төрийн албан хаагчдын цалинг энэ онд салбарын онцлог, инфляцын түвшинтэй уялдуулан ялгавартай, үе шаттай нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт болон орон нутгийн төсвийн орлогод зайлшгүй шаардлагатай зарим өөрчлөлтийг тусгах. Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас хэмнэх боломжтой зарим арга хэмжээний зардлыг бууруулан тооцох, Хүний хөгжил сангийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотойгоор шинээр үнэт цаас гаргах эрхийг нэмэгдүүлэх  аж. 
 
 
 
С.Аз