Хяналт тавихын тулд боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй

Татвар төлөгч бидний мөнгийг төрийн байгууллагууд юунд зарцуулж буйг нээлттэй ил тодоор зарлахаар Шилэн дансны тухай хуульд тусгасан.
 
Тиймээс  энэ сарын 25-н гэхэд  шилэн дансны мэдээллийг байршуулах цахим хуудсыг бэлэн болгож, ирэх сарын 1-нээс яам агентлагууд төсвийн зарцуулалттай холбоотой санхүүгийн мэдээллээ оруулах аж. Үүнтэй холбоотойгоор Нээлттэй нийгэм форумаас “Орон нутгийн төсөвт иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. 
 
Төсвийн зарцуулалтыг хянахад иргэний нийгэм болоод хууль тогтоогчдын оролцоо давхар хангагдсан тохиолдолд ил тод байдал бүрэн утгаараа хэрэгжинэ хэмээн Олон улсын төсвийн үйл ажиллагааны төслийн багийнхан үздэг байна. Харин орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл төсөв гэж юу вэ, юунд зарцуулагдах уу гэдэг дээр иргэдийн боловсрол муу байгааг онцолсон. Учир нь,  иргэдийн оролцоотойгоор төсвийн тодотгол хийхэд тэд санал зөвлөмж өгөх чадвар дутмаг байдаг аж.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан  Шилэн дансны тухай хууль хуулбарласан бус манай улсын хөрсөнд бууж чадсанаараа онцлогтой гэнэ. Энэ талаар уг хуулийг боловсруулах ажлын хэсэгт  ажилласан МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор, дэд проф А.Энхбаяр “Уг хууль хэрэгжсэнээр Монгол Улсын иргэн бүр нийгмийн даатгалын санд нийт хэдэн төгрөг байна вэ, бидний татварын мөнгөөр улс орон, ард түмэнд зориулж юу хийж байгааг мэддэг болно. Энэ маш том давуу тал. Харин үүнийг  үнэлж дүгнэн хариуцлага тооцоход иргэдийн сэтгэлгээ боловсрол сайжрах хэрэгтэй” гэв.  
 
Төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж буй зарим газрыг иргэд хянах боломжгүй байх юм. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газар, Батлан хамгаалахын яам, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагын үйл ажиллагаа төрийн нууцад хамаардаг учир төсвөө ил тодоор тайлагнахгүй аж. 
 
 
 
 
А.Бүрэнжаргал