Нийслэл төсвөө тодотгоно

Монгол Улсын ирэх оны төсөвт өнгөрсөн долоо хоногт тодотгол хийсэн. Тэгвэл нийслэл 2014 оны төсвөө мөн тодотгохоор болжээ. Ингэхдээ Монгол Улсын 2014 оны төсвийн орлогын биелэлтийн дүнгээс хамаарч орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын хэмжээ 12 тэрбум 155.2 сая төгрөгөөр буурч, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг 36 тэрбум 656.5 сая төгрөг болж байгаа юм. 
 
Улсын тусгай шилжүүлгээр санхүүждэг нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, соёл, биеийн тамир, хүүхэд хамгаалал, газрын харилцаа, кадастрын үйлчилгээний салбарын энэ оны үйл ажиллагаа урсгал зардал 1 тэрбум 723.2 сая төгрөгөөр нэмэгдэж, 259 тэрбум 334.4 сая төгрөг болж буй. 
 
Мөн төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх хугацаа хойшилсонтой холбогдуулан нийслэлийн төсвийн суурь зарлагыг 76.9 сая төгрөгөөр бууруулж, тус өөрчлөлттэй уялдуулж нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх орлого 153.9 сая төгрөөр нэмэгдэж 44 тэрбум 538.8 сая төгрөг төвлөрүүлэх болсон байна. Энэ оны эхний арваннэгдүгээр сарын төсвийн орлогын гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсөвт 453.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 45 тэрбум буюу 9.1 хувиар тасарчээ. 
 
Тиймээс орлогын нэр төрөл бүрээр төсөвлөгдсөн хэмжээнээс тасалдах болон давж биелэх бодит шалтгааныг тооцож, төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөг 53 тэрбум 356.8 сая төгрөгөөр бууруулан 402 тэрбум 649.9 сая төгрөг байхаар, дүүргүүдийн орлогод өөрчлөлт оруулахгүй байхаар тооцоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийслэлийн дүнгээр төсвийн орлогын төлөвлөгөөг 504 тэрбум 897.9 сая төгрөг байхаар тооцон 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгажээ.
 
 
С.Аз