Хямралыг амарч биш, ажиллаж давдаг

Үндэсний тусгаар тогтнолын баяр, Шинэ жилийн баяртай нийлээд бараг  зургаа  хоног амарсан монголчууд ийм шийдвэр гаргасан Засгийн газарт хэр их талархаа  бол. /Арванхоёрдугаар сарын 31-нд ажилласан албан газар тун цөөхөн байсан. Харин хүнсний дэлгүүрүүд, бялууны үйлдвэрүүдийн бараа, архи, дарсны борлуулалт  эл өдөр хуй салхи дайрах мэт байв/.
 
Олон хоног амрах нь агаар салхинд гарах цаг зав олдохоос авахуулаад сайхан санагдах ч эрхэм дээдсүүдийн дээрх шийдвэр “мэргэн” биш мунхаглал болж таарав.  Үүнийг  зүгээр нэг таагаад юм уу, төсөөлөөд хэлж байгаа юм биш. Дэргэдээ суугаа найз нөхөд, хань хамсаатан, эмээ, өвөөгөөс эхлээд ажил төрөл эрхэлдэг хүмүүс, хамт олон, бизнесийн хүрээнийхэн, эмч, багш нар гээд таарсан хүн бүртэйгээ энэ талаар санал солилцоход  хүмүүсийг амраахаасаа илүүтэй  хямрааж байна гэсэн сэтгэгдэлтэй нь олонхи байсан болохоор хэлж байгаа хэрэг.  Үүнтэй олон хүн санал нийлэх байх. Эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулаад  багагүй хугацааг үдэж байгаа монголчуудад баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглээд, бэлэг сэлт солилцоод явах тэнхэл ч байхгүй, хүсэл ч үгүй хүндхэн цаг үе, өнөөдөр. Ийм үед хэнбугай ч олон хоног  амраад юм уу, зугаа цэнгэл бодоод хэвтэхийг хүсэхгүй. Бүсээ чангалаад, чардайгаад ажиллаад л байхаас өөрцгүй цаг гэж ойлгож яваа. Гэтэл Засгийн газар болон төрийн түшээд нь иргэдийнхээ тэрхүү бүсээ чангалсан байдлыг дэмжиж баяр ёслолыг умартан улам сайн ажиллаж хамтдаа хямралыг даван туулахад уриалах ёстой байтал баярын өдрийг хэрхэн сунгах талаар бодон төлөвлөж, бүтэн тав хоног амрах шийдвэр гаргасан  нь  төрийн бодлого харалганыг харуулах ажгуу.
 
Нэгэнт олон хоног амрах болчихож байгаа болохоор хүмүүс гэртээ зүгээр хэвтээд байхыг хүсэхгүй.  Яаж ийгээд шинэ жилээ өргөн дэлгэр тэмдэглэчих юмсан гэж хоосон шахуу хэтэвчээ  тэмтрэх нь тэр. Тэмтрээд ч хэтэвч, халааснаас нь мөнгө гарахгүй нь ойлгомжтой тул эзэгтэй нар ээмэг бөгжөө барьж ломбард гүйж, өндөр настнууд ач зээгээ баярлуулахын тулд  тэтгэврийн зээл авах жишээтэй.  Олон хоногийн амралтыг  айл хэсэхгүй, архи дарс уухгүй, агаар салхинд  гарч  зөв боловсон өнгөрөөсөн   хэсэг ч бий.  Хамгийн гол нь өнөөдрийн хоол, маргаашийн талхны мөнгөө арайхийн хүргэж ядаж байгаа дундаж болон дунджаас доош түвшний өрх гэрүүд хэдий ядарч байсан ч хүний дор орохгүй гэдэг монгол зангаараа ах дүү нарынхаа  хүүхэд багачуудад бэлэг өгөх, гацуурыг нь  мөнгөөр  мялаахгүй байж чадаагүй нь ойлгомжтой.  Хүүхэд багачуудаа дагуулчихсан Цагаан сар тэмдэглэж буй аятай тор дүүрэн бэлэг сэлт цуглуулчихсан бөөн бөөнөөрөө хээвнэг алхах дүр төрхийг та бүхэн  хотын хаа сайгүй хараа биз ээ. Тав хоногт юу эсийг амжуулах билээ. Ууж наргих дуртай хэсэгт бол  хавтгай найрлах далим  болов.  Ялангуяа ахмад настнууд ач зээ нараа баярлуулах гэж хэрэндээ л ядарсан байх. Уг нь бол Шинэ жил тэдний ядардаг баяр биш. Гэтэл одоо сар хагасын дараа Цагаан сар болохоор “Яана аа” гэсэн айдас болгоомжлол настнуудад  хургах болов.  Уг нь тэд  Цагаан сараа тэмдэглэх гэж  тэтгэврийн зээл авдаг байтал шинэ жилээр авчихсан. Дахин зээлэх эрхгүй учраас тэр.
 
Зүй нь бол арванхоёрдугаар сарын 29-нд  Үндэсний тусгаар тогтнолын өдөр гэж заавал амрах ёстой юм бол амраад, 31-нд  он солигдох мөчид гэр гэртээ шинэ оноо сайхан угтаад л маргаашнаас нь ажлаа хийсэн бол хүүхэд, хөгшид маань ч ядрахгүй, өр зээл тавихгүй, төсөв мөнгөнд хэмнэлттэй байх байлаа.
 
Монголчуудын баяр ёслол далимдуулж амрах байдал сүүлдээ утгаа алдаж Шинэ жил Цагаан сар нь ялгагдахаа болих нь. Гэтэл Хятад, Солонгос, Япон зэрэг хөрш зэргэлдээ Азийн оронд жилдээ нэг, хоёрхон л удаа баяр тэмдэглэдэг. Харин Монгол хямраад байгаа хэрнээ амралт, баярын орон болж хувирч байгааг юу гэж ойлгох вэ.
 
Уг нь олон нийтийн  дунд шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шийдлийн Засгийн газрын тэргүүний хувьд баяр ёслол далимдуулж олон хоногоор амрах асуудал дээр өмнөхөөс   арай өөр байдлаар хандана  байх гэсэн  найдлага  байсан байж таараа. Гэтэл тэрбээр Шинэ жилээр тав хоног амрах түүхэнд байгаагүй шийдвэр гаргасан нь харамсалтай л юм. Төсөв мөнгө сайтай, эдийн засаг баян байх үед бол бас ч яах вэ гэж бодох санж.  Хэт олон хоногийн амралт хүнд  үед иргэдийг хямралын ангал руу улам түлхэв.  Хямралыг амарч биш, ажиллаж л давдаг баймаар.
 
Б.Санжааханд