Үндсэн хууль 23 дахь жилтэйгээ золгож байна

Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна хэмээн 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардчилсан шинэ үндсэн хуулиа баталж байсан түүхтэй.
 
Үндсэн хууль бол тухайн улс  оршин тогтнож байгаа хууль зүйн үндэс төдийгүй зах зээл, ардчилсан нийгмийн илэрхийлэл. 
 
Ардчилсан үндсэн хууль нь ард түмний оюуныг бүхэлд нь дайчилсан ард түмний хамтын бүтээл байсан гэдэг. Тодруулбал, захиргаадалтын үеэс мултарч ардчилал, эрх чөлөөг зарлан тунхаглаж байсан тухайн үед хуулийн төслийг нийт ард түмнээрээ гурван сар гаруй хугацаанд санал авч, Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцэж байсан аж. Түүнчлэн Ардын их хуралд өргөн барьж, тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоотойгоор 76 хоног хэлэлцэн баталж байжээ. 
 
Монголчуудын баримтлах хамгийн чухал тоглоомын дүрэм бол үндсэн хууль. Гэтэл өдгөө хүн нь эдэлдэггүй хүний эрхийн лоозонтой, иргэд нь оролцдоггүй иргэний нийгмийн уриатай болсоныг судлаачид хэлж байна. Сүүлийн үед хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий гэж хэсэг бүлэг үзэх болсон. 
 
Гэсэн ч үндсэн хуулийн бүрэлдэхүүнд гар бие оролцон бүтээлцсэн Монгол Улсын ард түмэн дээрх хуулийг хэрхэн хэрэгжүүлж ямар шалтгааны улмаас өөрчлөх үндэслэлтэй байгаа нь ойлгомжтой биш. 
 
Монгол Улсын баатар Үндсэн хуулийн эхийг баригч ардын багш, гавьяат багш Б.Чимэд өөрийн бичсэн “Үндсэн хуулийн үзэл баримтлал” номондоо ямар нэг “изм” баримтлаагүй, аль нэг улсын хууль орчуулан дагаж засаагүй эх орны хөрсөнд буусан хууль” гэдгийг онцолж байсан.  
 
Тийм ч учраас Үндсэн хууль батлагдсан тэр өдрүүдэд Монгол Улс дэлхийн анхаарлын төвд орж, НҮБ-аас “Монгол Улс анх удаа Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг тусгайлан бүлэг болгож орууллаа” хэмээж байсан. Бодит байдал дээр Үндсэн хуулийг дагаж мөрдөх 23 жилд Монгол орон улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн хууль эрх зүйн орчин хэр булингартаж байгааг бид өдөр тутмын амьдралдаа харж буй. 
 
Төрийн бүх шатны байгууллагыг чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулдаг тогтолцоог бүрдүүлж чадлаа хэмээн Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ өдрийг цохон тэмдэглэж мэндчилгээ дэвшүүлж байна. Үнэн хэрэгтээ  чөлөөт ардчилсан сонгууль явагдаж байгаа үгүйг бид бүгд харж ам амандаа “арай ч дээ” гэцгээж байгаа ч эрх чөлөөгөө боомилуулсаар. 
 
Бид хуулийн дагуу амьдардаг ард түмэн биш мэт. Өнөөгийн нийгмийн үзүүрээс хууль хэрхэн хэрэгжиж байгаа энгийн жишээг харахад танил тал, хөрөнгө мөнгө, эрх мэдэлгүй л бол эгэл амьдрах итгэл найдвар хэн бүхнээс холдсоор. Хууль журмыг дагаж мөрдөх “хууль” боловсруулах шаардлагатай ч юм шиг. Эдүгээ байгаа хуулиа хэрэгжүүлэхгүй хэрнээ сайжруулах өөрчлөх гэсэн шинэчлэл нь хэр оновчтойг бодолцох нь зүйтэй. Эс бөгөөс хэдэн олигархуудын эрх ашигт илүү үйлчилсэн хууль болох хувирахгүй гэсэн баталгаа байхгүй билээ. 
 
 
 
 
А.Буянзаяа