Төсвийн таналт ба үхэл амьдралын зааг

“Эрт дээр үед” Монголын элэгний эмч нар эх орондоо элэг шилжүүлэх хагалгааг хөгжүүлэхээр зорьж, 15 гахай дээр туршилт, дадлага хийжээ. 15 гахайд элэг шилжүүлэх хагалгаа амжилттай болж, эмч нар баяртай байлаа. Гэтэл нөгөө гахайнууд нь нэг нэгээрээ үхэж, сүүлдээ нэг ч гахайгүй болов. Эрхтэн шилжүүлэх хагалгааны дараа тэднийг асарч сувилах, эм байнга уулгах шаардлагатай байсан ч гахайнуудад өгөх эмийн төсөв мөнгөгүйгээс дээрх амьтад үхсэн хэрэг. Энэ үлгэр эрт дээр үед биш таван жилийн л өмнө Монголд болсон явдал. Тэгвэл гахайнуудад тохиолдсон энэ хөөрхий байдал өнөөдөр хүн дээр тулгарч ирээд байна. 15 гахайг үхүүлсэн шиг 300 гаруй хүнийг нөгөө ертөнц рүү явуулах уу.

Ард иргэдийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн таны шийдвэрээс олон хүний хүний амь нас аврагдах эсэх шалтгаалах нь. Эрүүл мэндийн салбарын 2015 оны төсвөөс 23 орчим тэрбум төгрөгийг танасан нь олон иргэний амьдралыг орвонгоор нь эргүүлэх хэмжээнд асуудлыг авчирчээ. Энэхүү таналт нь эрүүл мэндийн салбарт олон хүндрэлийг бий болгож байгаа ч хүний амь настай холбоотой нь эрхтэн шилжүүлсэн хүмүүсийн эмийн санхүүжилтийг хассан явдал юм.

Манай улсад гадаад, дотоодод эрхтэн тодруулбал, элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан 300 орчим өвчтөн байдаг бөгөөд эдгээр иргэн хагалгаанд орсон өдрөөсөө эхлэн дархлаа дарангуйлах эмийг өдөр бүр уудаг. Бүр насан туршдаа уух уг эмийн санхүүжилтийг улсын төсвөөс бүрэн хариуцаж иргэдээ дэмжиж иржээ. Гэтэл 2015 оны төсөвт дээрх хүмүүсийн уух эмийн санхүүжилтэд нийтдээ 2.2 тэрбум төгрөг тусгасныг 804 сая хүртэл танажээ. Энэ төсвөөр эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн уух эмийг тооцоход ирэх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг хүрэх л мөнгө гэдгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эдийн засагч Ш.Батцэнгэл хэлж байна. Үүнээс хойш эдгээр иргэн эмээ ууж чадахгүй болж, тасалдах, цаашлаад үхэх аюултай юм байна.


2015 оны төсөвт дээрх хүмүүсийн уух эмийн санхүүжилтэд нийтдээ 2,2 тэрбум төгрөг тусгасныг 804 сая хүртэл танажээ. Энэ төсвөөр эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн уух эмийг тооцоход ирэх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг хүрэх л мөнгө гэдгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эдийн засагч Ш.Батцэнгэл хэлж байна.


“Элэг, бөөр шилжүүлэн суулгуусан хүмүүст нэг өдөр ч тасалдаж болохгүй маш нарийн тунгаар олгогддог эм. Энэ эмийг уухгүй бол хүний эрхтнүүд нь ондоошиж, элэг, бөөр нь ховхорч үхнэ. Тиймээс УИХ-ын гишүүд аав, ээж, ахан дүү, найз нөхөдтэй. Өвчин хэнд ч хэзээ ч ирж, юу ч болж болно. Та нар минь бидний хийсэн хөдөлмөрийг талаар бүү болгооч, ард иргэдийнхээ элэг, бөөрний хагалгаанд хатуу бүү хандаач, хэдэн өвчтөнийг минь энэрэн хайрлаж, эмийн санхүүжилтийг бүрэн олгож өгөөч хэмээн УТНЭ-ийн зөвлөх эмч, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Д.Нямсүрэн, ЭМШУИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн нар гуйж байна.

Дархлаа дарангуйлах эм

Дээрх 300 гаруй хүмүүсийн хувьд дархлаа дарангуйлах эм нь амьд явах гол баталгааг бүрдүүлдэг хүчин зүйлүүдийг нэг. Өөрөөр хэлбэл, аав, ээж, ахан дүүсээсээ авсан бөөр, элгийг өөриймсүүлж, өөрийн биедээ “нутагшуулахын” тулд энэ эмийг өдөр бүр тусгай тунгаар насан туршдаа уух ёстой. Манайд 2006 оноос бөөр шилжүүлэх хагалгааг хийж эхэлсэн бөгөөд бүртгэлээр 154 хүн бөөр шилжүүлэх хагалгаанд орж, өнгөрсөн оны дүнгээр 1.1 тэрбум төгрөгийн дархлаа дарангуйлах эм уужээ. Эдгээрийн 60 нь гадаадад хагалгаа хийлгэсэн хүмүүс аж.

Элэгний хувьд гадаадад элэг шилжүүлсэн 137, дотоодод 10 хүн бий. Манай улс дөрвөн жилийн өмнөөс элэг шилжүүлэх хагалгааг хийж эхэлсэн. Элэгний өвчлөл, хавдраар Монгол дэлхийд тэргүүлж яваа орон гэдгийг бид мэддэг. Элэгний В, С вирусийн халдвартай иргэн жилээс жилд нэмэгдэж байгааг эмч нар байнга ярих. Вирусыг сайтар эмчлээгүй тохиолдолд 15-20 жилийн дараа элэгний хатуурал, хавдарт хүрч, элэг шилжүүлэх мэс засалд орохоос өөр аргагүйд хүрдэг байна.

Ер нь Монголд 300-400 хүн элэг шилжүүлэх мэс засалд орох зайлшгүй шаардлагатай гэсэн статистик бий. Харин одоогоор 60 гаруй өвчтөн УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэх төвд элэг шилжүүлэхээр хандаад хүлээж байгаа аж. “Иргэдийнхээ элэгний өвчлөлийг харахаар бид жилд 10 биш 20, 30-аар нь хагалгаа хиймээр байдаг. Гэвч төсөв мөнгөний асуудлаас болж, санаснаараа хагалгааг хийж чадахгүй байна. Өвчтөнүүдийн маань эмийн тунг тааруулах, хагалгааны дараа байнга уух дархлааны эмийн төсвийг хассанд харамсаж байна” хэмээн Элэг шилжүүлэх үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн ярилаа.

Хэрвээ энэхүү эмийн санхүүжилтийг Төсвийн тодотголоор нэмж өгөхгүй бол 300 хүний амь нас ирэх дөрөвдүгээр сараас аюулд хүрч, улмаар хагалгаанд орохоор дугаараа тэсэн ядан хүлээн буй бөөрний 35, элэгний 10-аад хүн ч хорвоогийн мөнх бусыг үзүүлэх сэтгэл өвдөм бодит байдал УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэх төвд бий болжээ. “Гэхдээ өвчтөнүүд үхэхгүйн тулд хувиараа гадаадаас эм худалдан авч ууна. Өдөртөө л 20-33 мянган төгрөгийн эмийг өдөр бүр насан туршдаа уухаар тооцож бодоод үзээрэй. Иргэдийн маань амьдрал өнөөдөр ямар байгаа билээ. Төрөөс энэ эмийг дааж байж л монгол хүний амь нас аврагдана гэдгийг О.Сэргэлэн эмч онцолсон.


Эрүүл мэндийн салбарын төсвийн таналт Эрхтэн шилжүүлэх төвийн үүдийг хаахад хүргэсэн мэдээллийг дуулгая. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүмүүс дээрх төвд хэвтэн эмчлүүлдэг.


Цаашлаад эрүүл мэндийн салбарын төсвийн таналт Эрхтэн шилжүүлэх төвийн үүдийг хаахад хүргэсэн мэдээллийг дуулгая. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүмүүс дээрх төвд хэвтэн эмчлүүлдэг. Учир нь ийм өвчтөнүүд энгийн өвчтөнүүдтэй хамт нэг өрөөнд хэвтэж болохгүй. Ариун цэврийн, төрөл бүрийн нянгийн халдвар авах магадлалтай тул энгийн өвчтөнүүдийн өрөөнөөс тусгаарлаж, тусгай өрөөнд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байдаг. Энэхүү учир шалтгааныг Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр ойлгож, нийслэлийн төсвөөс энэ төвийг УНТЭ-т байгуулан өгч, эмч, өвтөнүүдийг баярлуулж байсан түүхтэй.

Харин одоо эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэсэн хүмүүсийг энгийн өвчтөнүүдийн өрөөнд хэвтүүлэхээс өөр аргагүй байна хэмээн эмч нар ярьж байна. Мөн нэгдүгээр эмнэлэг өөрөө дотрын тасаг бүрээсээ найм найман орыг хасаж, гишүүдийн баталж өгсөн төсөвт тааруулж ажиллахаар төлөвлөжээ. Ор хасах байтугай нэмэх шаардлагатай байгаа өнөө үед эмнэлгүүд төсөвтөө тааруулан ийм хэмнэлтүүд хийж эхэлжээ. Энэ бол Нэгдүгээр эмнэлгийн нийт төсвийн зөвхөн эмийн санхүүжилт дээр гарч буй нэг л хүндрэл юм.

Гурван сая дахь иргэн ба 300 хүний амь нас

Монголчууд жилд 58-60 тэрбум төгрөгийн эм уудаг байна. “Эмийн зохистой хэрэглээ гэж бий. Эмийн төсвийг тэгштгэн хасаж болохгүй. Хэрэгтэй хэрэгггүй эмүүдэд дүн шинжилгээ хийж, жинлэж байж асуудалд хандах ёстой. Эрхтэн шилжүүлсэн хүмүүсийн энэ онд уух эмийн нэмэлт санхүүжилт зайлшгүй хэрэгтэй байна” хэмээн УТНЭ-ийн Эрхтэн шилжүүлэх төвийн дарга П.Батчулуун хэлэв.

Ер нь цаашид эрхтэн шилжүүлэх иргэний тоо жилээс жилд нэмэгдэх нь ойлгомжтой учраас эрүүл мэндийн даатгалын системийг сайжруулж, өндөр өртөгтэй хагалгааг төрөөс тодорхой хувийг хариуцаж улсаа, иргэнээ хайрлаж хамгаалах тогтолцоог хөгжүүлэх ёстойг эмч нар байнга ярьсаар байгаа. Гадаад улс орнуудад эрхтэн шилжүүлэх хагалгааны зардлын 80-100 хувийг төрөөс нь хариуцдаг байна.

Манай хойд хөрш гэхэд л 100 хувь бүрэн дааж, иргэнээ хайрласан,мөн улсаа, анагаах ухааны салбараа хөгжүүлэх том бодлого хэрэгжүүлдэг аж. 40, 50, 100 сая хүн амтай улсад нэг хүний амь нас ч юунаас ч эрхэм чухалд тооцогддогийн жишээ нь эрүүл мэндийн салбарынх нь бодлогоос харагддаг. ДЭМБ улс орнуудыг ДНБ-ийхээ доод тал нь 7-9 хувьтай тэнцэхүйц санхүүжилтийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байж энэхүү салбараа авч явна гэсэн зөвлөмж гаргасан байдаг. Уг зөвлөмжийг бусад улс мөрдөж ажилладаг бол Монгол Улс ДНБ-ий 2.7 хувийг л зарцуулж байгаа нь төр иргэдийнхээ эрүүл мэндэд хэр анхаардгийг харуулна. Мөн дэлхийн жишигт иргэн хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахын тулд 25 хувийг өөрөөсөө төлөхөд санхүүгийн эрсдэлд ордог тооцоо байгаа бол монголчууд 35-45 хувийг төлөөд явж байна.


ДЭМБ улс орнуудыг ДНБ-ийхээ доод тал нь 7-9 хувьтай тэнцэхүйц санхүүжилтийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байж энэхүү салбараа авч явна гэсэн зөвлөмж гаргасан байдаг. Уг зөвлөмжийг бусад улс мөрдөж ажилладаг бол Монгол улс ДНБ-ий 2,7 хувийг л зарцуулж байгаа нь төр иргэдийнхээ эрүүл мэндэд хэр анхаардгийг харуулна.


УИХ-ын энэ хаврын чуулганаар Эрүүл мэндийн албан журмын даатгалын хуулийн төслийг хэлэлцэнэ.Энэхүү төсөл эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж эмч, иргэд хүлээн байгаа.Тус хуульд өндөр өртөгтэй хагалгааны зардлын тодорхой хувийг ЭМД-ын сангаас даах заалт явж буй нь талархууштай. Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авахаар хөөрцөглөн баярлаж, төсөв мөнгө батлан, бэлтгэл ажлыг хангах өдрүүд үргэлжилж байна.

Олуулаа болох тусам улс орон хөгжинө. Баярлууштай үйл явдал. Гэхдээ гурван саяыг бүрэлдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж, төрдөө хийх ажлаа хийчихсэн, хийж яваа 300 гаруй хүний амь дээсэн дөрөөн дээр ирээд буйд УИХ-ын гишүүд анхаарч, иргэнээ, сонгогчоо бодож, амьд явахын төлөө уудаг эмийн санхүүжилтийг нь нэмж баталж өгнө гэдэгт итгэнэм. Мөн анагаахын шинжлэх ухааны том ололт болох элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо нэвтрүүлэн хөгжүүлэх үйлсэд зүтгэж яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өнөөдрийг хүртэл хийсэн ажлыг талаар болгож, тэдний сэтгэл зүрхийг мохоож, урмыг нь хугалахгүй гэдэгт сэтгүүлчийн хувьд найднам.