Шатдаг занар: Ирээдүйн түлш мөн үү

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн оны долдугаар сард УИХ-аар батлагдсан. Уг хуулинд уламжлалт бус газрын тосыг зохицуулах заалт багтсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлсэн байна. Уламжлалт бус газрын тос гэдэг нь байгалийн битум, занар, тослог элс, нүүрсний давхаргын метан хий юм. Огт хууль эрх зүйн зохицуулалтгүй байсан уламжлалт бус газрын тосны эрэл,  хайгуул, ашиглалт нь энэхүү хуулийн шинэ заалтаар зохицуулалттай болсон байгаа.
 
Эдгээр байгалийн эрчим хүчний бүтээгдэхүүнүүдийн дунд олон нийтийн анхаарлын төвд байгаа бүтээгдэхүүн бол шатдаг занар юм. Монгол улсын хувьд тус байгалийн баялгийг олборлож эхлээгүй бөгөөд албан ёсны нөөц батлагдаагүй байгаа. Одоогоор Монголын газар нутаг дахь занарын урьдчилсан нөөцийг ойролцоогоор 790 тэрбум тонн гэж Монголын Уул Уурхайн Яам мэдэгдсэн.
 
Дашрамд дурьдахад АНУ, мөн Франц, Их Британийн хойд хэсэгт орших Шотланд улсад шатдаг занарыг 19-р зуунаас эхлэн олборлож эхэлсэн. Анхандаа занараас гаргаж авсан түлшийг өдөр тутмын гэрэлтүүлэг болон машин төхөөрөмжийн тосолгоонд ашиглаж байжээ. 19-р зууны сүүлээр дэлхийн бүх тивд шатдаг занарын уурхай нээгдсэн бөгөөд 20-р зууны эхээр Хятад улс энэ аянд мөн нэгдсэн. 
 
Энэ үеээр Ойрхи-Дорнодоос их хэмжээний газрын тосны нөөц илэрч шатдаг занарын салбарт оруулах хөрөнгө оруулалт 21-р зуун хүртэл огцом удааширсан байна. Гэвч 1973 оноос эхлэн газрын тосны үнэ тогтмол нэмэгдэн нөөцийн хязгаарлагдмал байдал нь тодорсон учир АНУ, Хятад, Австрали гэх мэт улсууд шатдаг занарын үйлдвэрлэлээ дахин сэргээсэн.
 
Монгол улсын хувьд шатдаг занарын хайгуул 1970, 1980-д оноос ЗХУ-ын оролцоотойгоор хийгдэж байжээ. Уул Уурхайн Яамны Дэд Сайд асан О. Эрдэнэбулганы “Манайд шатдаг занарын судалгаа хайгуулын ажил зохих түвшинд хийгдэж байсан. [...] 1990-ээд оны эхээр Монголын геологич эрдэмтэн Бат-Эрдэнэ, Жаргал нар Монгол орны шатдаг занарын тархацын газрын зураг гаргаж мэдээллийг нэгтгэн судалсан байдаг. Нөөцийн талаар урьдчилсан таамаг мэдээлэл байгаа ч хангалттай мэдээлэл дутмаг байна. Гэхдээ өмнөх судалгаанууд дээр үндэслээд харахад хангалттай нөөц бий гэдэг нь тодорхой байгаа юм” гэж занарын асуудал анх сөхөгдөж эхлэх үед хэлж байсан.
 
Занарыг боловсруулах үйл явц газрын тосноос илүү өндөр өртөгтэй байдаг. Өнөөгийн шинжлэх ухаан өндөр хөгжсөн эринд ч гэсэн энэ зөрүү нь буурахгүй байна. Гол шалтаан нь шатдаг занарыг боловсруулахад их хэмжээний эрчим хүч хэрэг болдогтой шууд холбоотой. Олборлолтын хувьд ч хөрсний бүтцээс хамааран өртөг өндөртэй байдаг. 
Жишээ нь АНУ-д занарын хий олборлохдоо нэг цооногийг наймаас арван сая ам.доллараар ухдаг хэмээн Америкийн Эрчим хүч мэдээллийн газар тэмдэглэжээ. Түүнчлэн Америкийн “IHS” эдийн засгийн мэдээллийн байгууллага онцолсноор, АНУ-аас гадна ОХУ, Аргентин, Алжир гэх мэт олон хүчирхэг өрсөлдөгчид энэ зах зээл дээр гарч ирэх магадлалтай байна.
 
Иймд газрын тосны нөөц шавхагдаагүй энэ үед шатдаг занарын хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийх нь оновчтой шийдвэр мөн болохыг тунгаан бодох нь зохистой болов уу.
 
Б. Өнөболд
 
"Mongolian Economy" сэтгүүл хоёрдугаар сарын дугаартаа  шатдаг занарын тухай дэлгэрэнгүй нийтлэл хүргэх болно