Аршад Сайед: Пийбоди компанийн хувьд урам хугарахаар шийдвэр болсон

Д. Бэхбаяр 
 
Багагүй цаг хугацааг авсан Тавантолгойн тендерийн ялагчийг тодруулснаас хойш яриа хэлэлцээрүүд үргэлжилж байна. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон өнцгөөс янз бүрийн асуудал хөндөн бичиж байна. Энэхүү тендерт АНУ-ын Пийбоди компани нэг оролцогч болж үлдэх нь ойлгомжтой гэсэн дүр зураг олон нийт, бодлого тодорхойлогчдын дунд ч байсан юм. Тус компанийн Монгол, Энэтхэгийг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Сайедтай ярилцлаа. Түүний ярилцлага олны сонирхлыг татах биз ээ. Аршад Сайед тендерийн сонгон шалгаруулалтаас хойших анхны ярилцлагаа “Mongolian Economy” сэтгүүлд өгсөн юм.
 
-Тавантолгойн тендерийн ялагчид тодорсон. Пийбоди компани энэ төсөлд оролцож өрсөлдөхийн тулд долоон жилийн туршид Монголд үйл ажиллагаа явуулсан. Олон нийтийн дунд Пийбоди Тавантолгойн төсөлд оролцох нэг компани мөн гэдэг ойлголттой болсон байсан. Гэвч асуудал өөрөөр эргэлээ. Та юу хэлмээр байна вэ?
 
-Манай компанийн хувьд харамсалтай шийдвэр болсон. Мөн бусад барууны хөрөнгө оруулагчид ялангуяа уул уурхайн шилдэг техник, технологи, үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагааны стандарт, зарчмуудыг нэвтрүүлэхийг хичээдэг компаниуд энэ шийдвэрийг тийм ч таатай хүлээж аваагүй болов уу.
 
-Үндэсний компанитай хамтарсан байх ёстой гэсэн шинэ заалт оруулсан байхад танайх яагаад ганцаар тендерт орсон юм бэ? Энэ нь л унах гол шалтгаан болсон гээд байгаа шүү дээ?
 
-Бидний танилцуулсан тендерийн саналын талаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөх нь төдийлөн зохистой биш юм. Тендерийн нууцлал гэж байдаг. Гэхдээ би зарим нэг зүйлийг хэлье. 2010 онд Тавантолгойн тендер зарласнаас хойш бид гурван Засгийн газрын нүүр үзжээ. Манай компани Тавантолгойн ордыг ямар арга замаар хөгжүүлэх саналаа тухайн Засгийн газар болгоны тавьсан нөхцөл, шаардлагад нийцүүлэн боловсруулж танилцуулж ирсэн. 
 
Анхны үйл явц 2010 онд эхэлсэн. Тавантолгойн төслийн тендерийн эхний шатанд Пийбоди бусад таван компанийн хамт шалгарч, хоёр дахь шатанд гурван оролцогч тодроход ч манайх үлдэж чадсан. Гэвч тухайн үед тендерийн дүнг ҮАБЗ-өөс түдгэлзүүлсэн. Хоёр дахь явц 2013 оны сүүлээр Засгийн газраас Пийбодид хамтран ажиллах санал тавьснаар Шеньхуа, Эрдэнэс Тавантолгой, манай компанийн дунд Тавантолгойн ордыг хөгжүүлэх гурван талт яриа хэлэлцээр 2014 оны нэгдүгээр сард эхэлсэн. Энэхүү гурван талт хэлэлцээр таван сарын туршид амжилттай үргэлжилж, Тавантолгойн төсөлд урт хугацаанд хамтран ажиллах үйл ажиллагааны гол зарчмуудаа тодорхойлсон санамж бичгийн Тавантолгой төслийг эцэслэн боловсруулж, гарын үсэг зурахын өмнө Засгийн газраас гэнэт зогсоосон. Гурав дахь нь 2014 оны наймдугаар сард Засгийн газар Тавантолгойн ордын талаар 268 тоот шинэ тогтоол гаргаж, 2010 онд зогссон тендерийн үйл явцыг өнгөрсөн оны аравдугаар сард дахин эхлүүлсэн. Шинэ тогтоолоор төсөл хэрэгжүүлэх компанид Монголын талын оролцогчийн эзэмшил 51 хувиас доошгүй байх болон бусад шинэчилсэн нөхцөл шаардлагуудтай тендерийг нэг сарын хугацаатай зарласан. Дараа нь хугацааг дахин нэг сараар сунгасан.Тэрхүү Шинэчилсэн шаардлагыг хангасан үндэсний компани нь “Энержи Ресурс” байсан. Тус компанитай хамтрах шаардлага гарсан бөгөөд маш богино хугацаанд хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хийх хэрэгтэй болсон гэсэн үг. 
 
Тендерт өгсөн саналаа олон нийтэд танилцуулах нь зохимжтой биш гэдгийг дээр хэлсэн. Пийбоди компанийн анхнаасаа баримталж ирсэн үндсэн зарчим бол Тавантолгой төслийг хөгжүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Монгол Улсад хамгийн их үр өгөөж, ач холбогдол өгөх үр дүнтэй хувилбарыг сонгох нь нэн чухал гэж үздэг. Үүний тулд хувийн хэвшлийн эсвэл төрийн өмчийн компанитай хамтрах гээд бүх төрлийн хувилбарт бид нээлттэй хандаж байсан. Гэтэл энэхүү тендерийн шаардлагын дагуу үндэсний хувийн хэвшлийн компанитай хамтрах, тэгээд нэг, хоёрхон сарын дотор яриа хэлэлцээр явуулах нөхцөл үүссэн. Бид дээрх үндсэн зарчмаа чухалчлан баримталсан, нөгөө талдаа хугацаа үнэхээр богино байсан тул Шеньхуа болон Энержи Ресурстэй хийсэн яриа хэлэлцээр маань тендерийн хугацаанд амжиж тодорхой эцэслэгдэж чадаагүй юм. 

Шинэ тогтоолоор төсөл хэрэгжүүлэх компанид Монголын талын оролцогчийн эзэмшил 51 хувиас доошгүй байх болон бусад шинэчилсэн нөхцөл шаардлагуудтай тендерийг нэг сарын хугацаатай зарласан. Дараа нь хугацааг дахин нэг сараар сунгасан.Тэрхүү Шинэчилсэн шаардлагыг хангасан үндэсний компани нь “Энержи Ресурс” байсан. Тус компанитай хамтрах шаардлага гарсан бөгөөд маш богино хугацаанд хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хийх хэрэгтэй болсон

 
-Мэргэжилтнүүдийн зүгээс Пийбоди компани сайн санал өгсөн гэдэг. Харин олон нийтэд, ялагдахаар хэмжээний муу санал өгсөн юм байх даа гэсэн ойлголт байна л даа?
 
-Манай компани Тавантолгойн урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үндсэн зарчмаа өнөөг хүртэл хэвээр хадгалж ирсэн. Бусад оролцогчийн тендерийн санал бидний энэхүү зарчмыг агуулсан бол би сайн гэж үзнэ. Пийбоди бол Тавантолгойн ордыг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн шилдэг технологи, шинэ арга барилыг нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах, дотоодын жижиг, дунд бизнесийг дэмжих, компанийн засаглалыг бэхжүүлэх улмаар Монгол Улсыг бүс нутагтаа, олон улсад нүүрсний томоохон тоглогч болгох хэмжээнд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санал боловсруулсан.
 
Бид Засгийн газрын зүгээс тавьсан тендерийн баримт бичгийн асуулт, заалт бүрт тодорхой хариулт өгсөн. Бид төслийн ойрын хугацааны асуудлуудыг шийдвэрлэхээс гадна иймэрхүү томоохон төслийг хэрэгжүүлэхдээ баримталдаг дунд болон урт хугацаанд 10, 20, 30, 40 жилд тогтвортой ажиллаж чаддаг байхад анхаарч, олон улсын шилдэг менежмент, арга ажиллагааг нэвтрүүлэх, техник, технологи, олон улсын хэмжээний санхүүжилт босгох, нарийвчилсан эдийн засгийн судалгаа, төлөвлөлт хийх асуудлуудыг тусгасан. Тавантолгойг цогцоор нь харж хөгжүүлэхийг зорьсон сайн төслийн санал өгсөн гэж бодож байгаа.
 
-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан энэ үед Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хэр зөв бэ?
 
-Чухал асуулт байна. Төслийн үнэ цэнийг урт хугацаанд нэмэгдүүлэх суурь системийг бий болгох нь өнөөдөр хийх хамгийн чухал зүйл юм. Үүний тулд уурхайн ашиглалтын үйл ажиллагааг цогцоор нь явуулахад шаардагдах дэд бүтцийг хөгжүүлж, нөөцийг баталгаажуулж, нарийвчилсан судалгаа шинжилгээ, төлөвлөлт хийх шаардлагатай. Хажуугаар нь одоо ажиллаж буй Тавантолгойн уурхайнуудын олборлолтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой. Мөн шаардлагатай санхүүжилтийг босгох ажлыг эхлүүлэх нь зөв. Харин нүүрсний зах зээл сэргэх үед ордоо бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулж, үнэ цэнийг нь өсгөж, үр ашгийг нь хүртэх хэрэгтэй.
 
-Шеньхуа, Сумитомо, Энержи ресурсын консерциум ийм байдлаар ажиллаж чадах болов уу?
 
-Үнэнийг хэлэхэд санаа зовж байна. Бид талуудтай ярилцаж байсан. Харин энэ консерциум бидний хэлсэн саналыг ойлгоод үйл ажиллагаандаа нэвтрүүлээд ажиллавал сайн хэрэг. Тэдний төсөл төлөвлөгөөг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэхүү том төслийг дэлхийн хэмжээнд аваад явах мэдлэг, туршлагатай компаниуд мөн үү гэдэгт эргэлзэж байна. Шеньхуа бол бүс нутгийн хэмжээнд буюу Хятадад үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн томоохон, чадалтай компани гэдгийг хэлэх хэрэгтэй. Үндэстэн дамнасан олон улсын туршлага гээд яривал арай өөр л дөө. Энержи ресурсын хувьд яах аргагүй Монголын нүүрсний том компани. Харин Пийбоди нь 130 жилийн түүхтэй АНУ, Австралид үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн дэлхийн хэмжээний компани юм. 
 

Тэдний төсөл төлөвлөгөөг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэхүү том төслийг дэлхийн хэмжээнд аваад явах мэдлэг, туршлагатай компаниуд мөн үү гэдэгт эргэлзэж байна. Шеньхуа бол бүс нутгийн хэмжээнд буюу Хятадад үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн том, чадалтай компани. Үндэстэн дамнасан олон улсын туршлага гээд яривал арай өөр л дөө 

 
 
-Одоо Пийбоди компани ямар төлөвлөгөөтэй байна вэ? 
 
-Пийбоди Монгол улс дахь үйл ажиллагааны стратегиа эргэн харж байна. Цаашид өөр боломжтой төслүүд байх эсэх, эсвэл үйл ажиллагаагаа зогсоогоод бусад оронд анхаарал хандуулахаа удахгүй шийднэ. 
 
Бид долоон жил Монголд ажилласан болохоор өөрсдийгөө Монголын компани шиг л санаж байлаа. Пийбоди Монголын хөгжлийн нэг хэсэг. Тиймээс ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө явна гэж бодож байсан. Өнгөрсөн нэг сарын хугацаанд болсон үйл явцыг харахад биднийг гаднын компани гэсэн хандлага гаргаж ирсэнд харамсаж байна.
 
Засгийн газраас тендерийн үр дүнгийн талаар манайд өгсөн албан захидалд “Пийбоди компани тендерт шалгарч чадсангүй, тендерт оролцсонд баярлалаа” гэсэн маш товч хон мэдэгдэл байв. Урам хугарахаар захидал байлаа. Олон улсын томоохон тэр дундаа барууны хөрөнгө оруулагчид Пийбодигийн Монголд ажилласан он жил, зарцуулсан хугацаа, идэвхи зүтгэл, итгэл найдвар, мөн Засгийн газрын тендерийн сонгон шалгаруулалтын үйл явцыг хараад сэтгэл нь гонсойсон болов уу. Бид өнөөдрийг хүртэл Монгол Улсын төр, иргэдэд хамгийн сайн сайхныг хүсэж ирсэн. Цаашид ч Монголын төр Тавантолгойн ордоо зөв бодлогоор, зөв менежментээр хөгжүүлээсэй гэж хүсэж байна.
 
-Та ордын ирээдүйг хэрхэн харж байна вэ. Учир нь та энэ чиглэлээр нэлээд судалсан хүн. Хэрхэн яаж хөгжүүлэх талаар зөвлөгөө өгнө үү?
 
-Монгол Улсын нүүрсний салбар онцлогтой. Геологийн тогтоц орд бүр дээр өөр өөр байдаг. Байгаль орчны асуудал маш чухал. Эхлээд Тавантолгойн ордыг хөгжүүлэн ашиглах үндсэн гол зарчмуудыг тодорхойлох ёстой. Тавантолгойн ордын нөөц бол Монгол Улсын үнэт баялаг. Энэхүү баялгийг хэрхэн оновчтой зөв ашиглах уурхайн ашиглалтын системийг гаргаж ирэх хэрэгтэй. Дэлхийн хэмжээний уул уурхайн цогцолбор болгон хөгжүүлэхэд анхаарч, нүүрс баяжуулах, эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортлох , түүнчлэн цаашдаа нүүрс шингэрүүлэх, хий гаргах гэх мэт асуудлуудыг цогцоор нь авч үзэх ёстой. Нэгдсэн дэд бүтцийг байгуулах нь хамгийн чухал. Мөн байгалийн хязгаарлагдмал нөөцүүдийг зөв ашиглах хэрэгтэй. Жишээ нь усыг зөв зохистой хэрэглэх, уурхайн ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах хэрэгтэй. 
Төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхдээ хэд хэдэн асуудлыг онцгой анхаараасай гэж бодож байна. Эхлээд, төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн судалгаа хийж, бодит нөөцийг тодорхойлж, улмаар урт хугацаанд хэрхэн оновчтой ашиглах төлөвлөгөө боловсруулах ёстой. Нүүрсийг олборлож, боловсруулж, нийлүүлэхэд анхаарах нь мэдээж. “Тавантолгойн нүүрс” гэсэн брэнд бүтээгдэхүүн бий болгож олон улсын зах зээлд нийлүүлэх. Зах зээл уналттай үед бага олборлодог, зах зээл сэргэхэд хэмжээгээ нэмэгдүүлж үйлдвэрлэдэг байх жишээтэй. Хамгийн гол нь зах зээл, худалдан авагчид нийцсэн стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлтэйгээ уялдуулж төлөвлөгөөгөө боловсруулах ёстой. Түүнээс жилд олборлон борлуулах хэмжээг эрс нэмэгдүүлж, энэхүү хэмжээг урт хугацаандаа байнга ийм байхаар төлөвлөж болохгүй гэсэн санаа.
 
Дараа нь төслийн санхүүжилтийн төлөвлөгөө. Энэ нь төсөл эдийн засгийн үр өгөөжтэй байхад чиглэнэ. Өөрийн болон зээлийн санхүүжилтийн хоорондын харьцаа ямар байх, санхүүжилтийг хаанаас ямар эх үүсвэрээс олоход бодит тооцоо шаардлагатай. Мөн дотоодын жижиг, дунд компаниудыг дэмжиж, тэднийг хөл дээрээ босоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ханган нийлүүлэгч, гэрээлэн гүйцэтгэгч байдлаар эдгээр бизнесийг сайтар дэмжих ёстой. Ханган нийлүүлэлтийн гэрээ, үйл явц ил тод, нээлттэй байж, тэгш оролцоог хангана гэдгийг хэлмээр байна. 
 
Хамгийн сүүлд нь ажиллах хүчний асуудал нэн чухал. Төсөл нь хэр олон ажлын байр бий болгох, ажилтнуудыг хаана яаж хэрхэн сургах, шинэ техник технологийг хэрхэн нэвтрүүлэн эзэмшүүлэх гэсэн асууудлууд бий. 
 

Пийбоди Монгол улс дахь үйл ажиллагааны стратегиа эргэн харж байна. Цаашид өөр боломжтой төслүүд байх эсэх, эсвэл үйл ажиллагаагаа зогсоогоод бусад оронд анхаарал хандуулахаа удахгүй шийднэ

 
 
-Та Монголд анхлан Дэлхийн банкны Суурин төлөөлөгчөөр ирж байсан.  Шийдлийн Засгийн газрын бодлогыг хэрхэн харж байна. Эдийн засгийн уналтыг сэргээх ямар арга зам байна вэ?
 
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ дээр хамгийн сүүлд хэлсэн үгийг талархалтай хүлээн авсан. Гол асуудлуудаа тодорхойлсон нь чухал. Олон намын төлөөллөөс бүрдсэн Засгийн газар. Гэхдээ Засгийн газраас хийх ажлууд хүн бүхэнд таалагдах албагүй. Хамгийн зөв гэж үзсэн бодлогоо тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн эдийн засгийн байдал бол богино хугацааных юм. Түүнийг даван туулж, эдийн засгаа сэргээхийн тулд эрс шийдэмгий бодлогуудыг хэрэгжүүлэх нь зөв.
 
Би төр, засгийн зарим хүнтэй уулзаж санал бодлоо солилцож байсан. Хамгийн чухал асуудал бизнесийн голлох бараа бүтээгдэхүүний цикл (мөчлөг) юм. Үүнд анхаарал хандуулж, зөв шийдэл хайх ёстой. Зөв шийдэл нь орлого их олж байх үедээ хадгалах, орлого багасахад хадгалсан мөнгөө зарцуулах. Өнөөдөр Засгийн газар төдийгүй айл өрхүүд ч орлого их олох үедээ тэр хэмжээгээр нь зарцуулдаг. Мөн санхүүгийн болон мөнгөний бодлогыг уялдуулах хэрэгтэй байна. Хэдийгээр эдийн засаг буурсан ч төсвийн хувьд зарцуулах боломжтой орон зайг харах л шаардлагатай. Нөөцийг бүрдүүлж, орлогын тодорхой хувийг Тогтворжуулалтын сан байгуулаад хийж хадгалах нь хамгийн үр өгөөжтэй. Эдийн засаг муудсан үед сангаасаа хэрэглэж, хүндрэлийг давдаг бусад орны жишгийг Монгол Улс мөрдвөл ач холбогдолтой. Эдийн засгийг эргэн сэргээхэд чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх нь үр дүнд хүргэнэ гэж бодож байна.