Хар алтны салбарын индэр ”Coal Mongolia-2015” урьж байна

Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хар алтны салбарт тулгамдаж буй  гол асуудлуудаар ярилцдаг ”Coal Mongolia-2015” Олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн оролцогчдоо бүртгээд эхэлжээ. 
 
Тус чуулган нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж олон улсын хэмжээнд Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг.  
 
Энэ удаагийн “Coal Mongolia-2015” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг “Coal Mongolia” чуулганы таван жилийн ой, гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа (IPO) гарган нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татсаны таван жилийн ойг тус тус тохиолдуулан энэ оны дөрөвдүгээр сарын 9-10 өдрүүдэд Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэж байна.
 
Өнгөрсөн жил хоёр өдөр үргэлжилсэн“Coal Mongolia-2014”-д гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөгч оролцож байв. Тухайн үед төр засгийн төвшинд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь харагдаж байлаа. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэндчилгээ дэвшүүлж, Уул уурхайн сайд Д.Ганхуяг үг хэлж, илтгэл тависан. Өнгөрсөн жил уулзалт уул уурхай, ашигт малтмалын салбарт томоохон хууль, тогтоомжууд батлагдсаны дараа болж буйгаараа онцлогтой байсан билээ. Тухайлбал, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар баталсан. 
 
Монголын нүүрсний салбар 2013 онд ихээхэн уналтад орж, ердөө 18 сая тонн нүүрс экспортолжээ. Улмаар 2013 оноос эхлэн урд хөршийн зах зээлийг бусад өрсөлдөгчдөдөө алдах болсныг мэргэжилтнүүд хэлж байв. Тэгвэл энэ мэт хүндрэлийг Монголын нүүрсний компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд  хамтраад  даван туулах ёстой гэдгийг “Coal Mongolia-2014” дээр онцолж байсан юм. 
 
Нэгэн үе бодлогогүй олон хууль баталж, хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Харин энэ удаад “буруугаа ойлгож” салбарын бодлогыг аль болох тогтворжуулахад анхаарсан байдалтайгаар салбарынхан “Coal Mongolia-2015”-г угтах нь. 
 
Нүүрсний зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн төлөв байдал, нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлого тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл авах мөн хөрөнгө оруулагчид болон Монголын уул уурхайн салбарын гол төлөөлөгчидтэй уулзах, санал бодлоо солилцох, харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг “Coal Mongolia-2015”  олгодог. Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын  чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцохыг хүсэгчид доорх холбоост хандаж болох юм байна.