Өршөөгөөд байж болох уу

Монгол улсад 70 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдагаас ойролцоогоор 35 мянга буюу тал орчим хувь нь байнгын үйл ажиллагаа явуулдаг. Гэвч нэмүү өртгийн албан татварт (НӨАТ) хуулийн дагуу хамрагдаж байгаа нь цөөхөн байна. Энэ нь манай оронд далд эдийн засаг ямар байр эзэлж байгаагийн тод жишээ.
 
Хуулинд зааснаар арван сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд НӨАТ-д хамрагдах ёстой. Гэтэл орлого багатай, эдийн засаг хямралтай гэх шалтгаанаар илүү гарсан орлогоо нуун дарагдуулж албан татвараас зайлс хийх үйлдэл нэгэнтээ даймжирчээ.
Хэрэв хууль зөрчин орлогоо бүрэн мэдэгдэхгүйгээр 21 саяас дээш хөрөнгө нуун дарагдуулсан бол эрүүгийн хэрэг үүсгэдэг.
Өршөөлийн хууль туйлширч байна
 
Энэхүү татварын асуудлыг шийдэх үүднээс хэдэн жилийн өмнө өршөөлийн хууль баталж 5.6 их наяд төгрөг улсын төсөвт оруулсан гэдэг. Анх удаагаа хэрэгжүүлж байгаа хуулийн хувьд энэ нь туйлын зөв бодлого байж болох. Учир нь манай улс зах зээлийн өрсөлдөөнт нийгэмд шилжээд удаагүй байгаа. Төр засаг нь хөлөө олоход бас л цаг хугацаа шаардлагатай.
 
“Шийдлийн” гэх Засгийн газар байгуулагдах үед Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Монголд “Хариуцлага” хэрэгтэй байна гэсэн. Хариуцлагыг бий болгохын тулд хүмүүжил хэрэгтэй. Суурь буруу бол цаашдаа зөв явах нь ховор. Тиймээс анхнаасаа баталсан хуулиа олигтой хэрэгжүүлсэн бол одоо яригдаад байгаа татварын өршөөлийн хууль дахин сөхөгдөхгүй байсан болов уу.
 
Ойр, ойрхон өршөөлийн хууль батлаад байвал аж ахуй нэгж эрхлэгчид ташаа ойлголттой болох аюултай. Учир нь энэ өршөөлийн хуулийг дахин батлах магадлалтай гэж тэд хүлээдэг болно. 
Мөн тэдний хувьд эдийн засгийн бэхшээлтэй энэ үед аль болох суутгалд хамрагдахгүй байхыг эрмэлзэж байгаа. Иймд одоогийн нөхцөлд энэхүү хуулийг батлах нь бодлогын алдаа байх магадлалтай гэж үзэж болно.
 
Далд эдийн засагтай тэмцэх үндсэн арга бол хатуу төр. Үүний тод жишээ бол 1920-д оны сүүлээр АНУ-д баримталж байсан “Хорионы” гэх хуулийн үр дагаварыг хэрхэн дарсан нь юм. Гэтэл гуйж, аргадаж байгаа мэт өршөөлийн хуулиар төсвийн цоорхойг нөхөх бодлого амжилтанд хүрнэ гэж үү. Анхны өршөөлийн хуулийн хэрэгжилт дууссаны дараа татварын хяналтыг хатуу болгосон бол татвараас зайлсхийх үйлдэл багасах байсан. Бизнес эрхлэгчид ч гэсэн хуулиа эрхэмлэж сурах боломжийг нэгэнтээ алдсан байж болох юм. 
 
Монгол Улсын эдийн засгийн орчин өдөр ирэх тусам Грек улстай төстэй болж байна. Далд эдийн засаг, хээл хахууль, улсын өрийн хэмжээ, мөн ялангуяа өрөө барагдуулах чадвар гээд сул талууд олонтаа. Иймд бусад улс оронд гараад байгаа алдааг давтахгүй байхыг төр засаг бодолцох цаг болсон. Эрх чөлөөтэй ардчилсан улс хууль цааз үйлчилдэггүй анархист /эмх журамгүй/ байдлаас бүрддэггүй. Эрхээ эдлэж байгаа бол “Хариуцлагатай” байх нь иргэний үүрэг.
 
 
 
Б. Өнөболд