Хайгуулын лиценз олгоход будлиан үүсээгүй

Засгийн газраас аж ахуйн нэгж, иргэдэд сүүлийн гурван жилд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Харин өчигдрөөс хайгуулын зөвшөөрлийн өргөдөл олгох дугаарыг цахимаар тарааж эхэлсэн. Гэтэл иргэдийн зарим нь тусгай зөвшөөрөл авах өргөдлөө шинэ системээр илгээх гэсэн боловч сервер хүлээж авахгүй байна гэх гомдлыг бидэнд ирүүлсэн юм. Эдийн засгийн энэ хүнд үед гаднын хөрөнгө оруулагчдад эерэг мэдээлэл болж буй энэхүү үйл явдал зарим асуудлаас үүдэн булхайцсан гэх хардлага төрүүлээд амжив. Энэ талаар Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ статистик мэдээллийн хэлтсийн дарга С.Цогзолмаагаас тодрууллаа. 
 
-Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шинэ системд алдаа гарсан уу?  Иргэд материалаа цахимаар илгээж болохгүй байгааг зарим хувийн хэвшлийнхэн өнөөх л танил тал, өнгө үзэмжтэй холбож байна. 
 
-Бид тусгай зөвшөөрлийг олгохдоо  ил тод, төрийн үйлчилгээг хүндрэлгүй үзүүлэх зорилгоор өргөдөл хүлээн авах дугаарыг цахимаар олгож эхэллээ. Одоогийн байдлаар /2014.01.26/ өглөөний 08:00 цагаас эхлэн эхний 30 дугаарыг цахимаар олгоод байна. Систем ашиглалтад орсон эхний өдөр 370 гаруй аж ахуйн нэгж бидэнд хандсан учир ачаалал ихтэй байсан болохоор серверээс хариу өгөх гэж удсан. Харин дугаарыг дээр доор нь олгох, систем унах асуудал гараагүй. Бид системийн аюулгүй байдлын үүднээс Тагнуулын ерөнхий газрын Кибр аюулгүй байдлын газартай хамтарч ажиллаж байгаа.Өмнө нь Ашигт малтмалын газрын үүдэнд үүсдэг байсан дараалал, түүнээс үүддэг хүндрэлтэй асуудлуудыг больё гэж энэ системийг гаргасан. Тиймээс танил тал, өнгө үзэмж хардаг асуудал гарахгүй гэсэн үг. 
 
-Эхний ээлжинд дугаараа авсан 30 иргэн Ашигт малтмалын газарт өргөдлөө хэзээ гаргах вэ?
 
-Энэ систем Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар “Хэн түрүүлж ирнэ түүнд үйлчилнэ” гэсэн зарчимаар ажиллана. Дугаараа авсан иргэд Ашигт малтмалын газарт өнөөдөр өргөдлөө өгнө. Бид аж ахуйн нэгжүүдийн өргөдөл гаргах дугаарын тоог нэг өдрийн өмнө Ашигт малтмалын газрын цахим хуудсаар зарлаж байгаа. 
 
-Нийт газар нутгийн хэчнээн га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор Төрөөс тогтоогоод байгаа вэ?
 
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай нийт нутаг дэвсгэрийн 71.5 хувийг эзэлж байгаа. Үлдсэн 28.5 хувийн тодорхой хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон. Харин нийт нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор тогтсон. Үүнээс 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар, 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно. 
 
 
 
Г.Орхон