Б.Лхагважав: Хуулийг эсэргүүцэж буй хэсгийн хувьд зүгээр л хардаж байна

Төр орших ганц найдвар нь ард түмний татвар. Үүнтэй холбоотой татварын нөхцөл байдлыг шинэчлэх үүднээс эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийг идэвхжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих зорилготой гаргах хэрэгтэй гэж хууль санаачлагчид үзэж буй. Харин эсрэгээрээ ямар ч тооцоо судалгаагүй үр дүнгүй гэж үзэх хэсэг ч бий. Тус хууль хэрэгжсэнээр ямар давуу талууд бий болох талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа. 
 
 
- Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлах үйл явц ямар шатандаа явж байна вэ?
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль Засгийн газраас Улсын их хуралд шилжсэн. Хуулийг батлах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Засгийн газраас УИХ-аар хэлэлцэх явцад танхимын зүгээс бизнес эрхлэгч нарын дуу хоолойг хүргэж идэвхтэй оролцсон. Тус хуулийг гаргаснаар макро эдийн засгийн үүднээс хэрэгтэй гэдэг байр суурь илэрхийлсэн. Өдийг хүртэлх 23 жилийн турш, зах зээл “нойлоос” эхэлж байх үеэс оролцож явна. Энэ хугацаанд ганцхан өнөөдөр эдийн засгийн хүндрэл болоод байгаа юм биш. Тэртээ 1990 онд дэлгүүрийн лангуун дээр зөвхөн давс байсан үеийн бизнесийг бид мэднэ. Үүний дараа 1997 онд Азийг хямрал нөмөрсөн үеийг бид давж байлаа. Мөн 2009 онд манай эдийн засаг -1.6 хувь руу орж бүх зүйл уналтад байх үед татвар төлөгч бизнес эрхлэгчид л давж гарахад дэмжлэг болж байсан. Өнгөрсөн хугацаанд туулж байсан дээрх хямралыг төрийн сангийн зөв бодлоготой уялдуулж, баялаг бүтээгч нарт урам зориг өгч давж гарсан. Тийм учраас энэ хууль өнөөдөр хэрэгжих шаардлага тулгараад байна. 
 
- Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлах хэрэгтэй гэж үзэж буй шалтгаан юу вэ? 
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс төрийн сангийн бодлогыг хойш тавиад зөвхөн төрийн мөнгөний бодлогыг баримтлан эдийн засгаа аварна гээд зах зээлд ойролцоогоор арван их наяд төгрөг нийлүүллээ. Мөнгө хэвлэж, зээл авч, бонд гаргалаа. Гэтэл байдал яагаад сайжрахгүй байна. Макро эдийн засгийн ололт, мөнгөний нийлүүлэлтийг шингээдэг зүйл нь микро эдийн засаг буюу компаниудын тайлан. Гэтэл манай ААН-үүдийн 98 хувь нь хоёр тайлан гаргадаг учир энэ их мөнгийг шингээж чадахгүй байна. Санхүүгийн тайлан буруу гарч байгаа нь өөрсдийгөө эрсдэлд оруулж хөгжлөө хойш татах үндэс болж байна. 

- Эдийн засагт зээл, бонд, мөнгө хэвлэх зэрэг олон замаар орж ирсэн  мөнгөний ашгийг хэн хүртэж байна вэ?
Улс төртэй ойрхон хэсэг бүлэг компаниуд л хүртэж байна. Миний бодлоор өнгөрсөн хоёр жилийн шинэчлэлийн Засгийн газрын алдаа бол нийт баялаг бүтээгч нарт хандсан зөөлөн бодлого явуулж чадаагүй. Зөвхөн хэсэг бүлэгт хандсан бодлого явуулсан нь зах зээлийн үндсэн зарчим болсон өрсөлдөөнийг байхгүй болгосон. Харин одоо дэмжлэг өгсөн салбар бүхэн нь ар араасаа дампуурахад бэлэн болсон байна. Тухайлбал, төгрөгөөр зээл авсан компаниуд ирэх 2017 онд ам.доллараар зээлээ эргэж төлнө. Төгрөгөөр авсан зээлээ ам.долларт шилжүүлэхэд 30 хувийн алдагдал хүлээж таарах болж байна. Үүнийг нь жамаараа үйл ажиллагаагаа явуулж буй компаниуд төлнө. Ийм шудрага бус зүйл байж болохгүй.  
 
- Хууль батлагдсанаар энэ байдал яаж өөрчлөгдөх вэ?
Ил тод байдлын тухай, өршөөлийн тухай хуулийг гаргачихаад улс төрчид нэг жил амарчих. Тэд энэ хуулиа гаргачихаад жил амраад ирвэл эдийн засаг чинь өөрөө бараг “сэв”  хийтэл босоод ирэхээр байна. 

- Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа ойролцоо хуулиуд гаргасан. Өнөөдрийн хууль хэрэгжсэнээр гарах гээд байгаа үр дүн өнгөрсөнд баталсан хуулиудаас яагаад гараагүй юм бэ? 
Нэг жишээ дурьдахад 2008 оны татварын тухай хууль батлагдсанаар 5.6 их наяд төгрөг ил гарсан байдаг. Тухайн үед манай улсын төсөв дээрх мөнгөний 20 хувьд хүрэхтэй үгүйтэй байсан. Мөн тус хугацаанд тав гаруй их наяд төгрөгийн гаднын хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Энэ бүхний үр дүнд 2011 онд эдийн засаг 17.6 хувиар өссөн бөгөөд энэ нь дээрх хууль, хөрөнгө оруулалтын үр нөлөө юм шүү.Түүнээс ганцхан зэсийн үнэ өссөнөөр эдийн засаг сайжирч байсан юм биш. 
 
Татвар төлдөг шударга системийг албаар нэвтрүүлэхгүй байна. Өнөөдөр бизнес эрхлэгчдийн хүсэл бол орлого олж байгаа бүхэн адилхан татвар төлөх юм. Ямар ч тохиолдолд татвар төлөх шудрага систем бол нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт байдаг. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн шударга системийг дэлхий дээр хүн төрөлхтөн уг нь нээчихсэн юм. Манай улс НӨАТ-ыг 1997 оноос хойш буруу хэрэглэж байгаа. Хар зах зээлээс авардаг механизмыг нь ерөөсөө ажиллуулахгүй байна. Тус хуулийг батлаад ирэх хавраас НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох системийг нэвтрүүлж долдугаар сараас бүх нийтээрээ татвар төлдөг системийг нэвтрүүлж, нийгмээрээ эрүүлжих шаардлагатай гэж би хувьдаа бодож байна. 
 
- Дээрх хуулийг эсэргүүцэж байгаа зарим хэсэг байна. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
Татварын цоорхой болсон хар зах зээл, хуурамч тайлан балансаас авлига авч буй хэсэг байна. Хэрвээ энэ хууль батлагдвал тэдэнд авилга өгөх хүн олдохгүй. Тийм учраас тэр бугшсан авилга авдаг этгээдүүд үхэн үхтлээ байр сууриа хамгаалах зорилготой байна. Дараагийн хэсэг бол өнгөрсөн хугацаанд гарч байсан хууль дүрмийг мэдэхгүйгээр зүгээр нэг хардалт тээж байна. 
 
- Бизнесийн байгууллагуудыг нэгтгэж буй Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд үзэл бодлоо илэрхийлж байгаа аж ахуйн нэгжүүдийн байр суурь энэ хууль дээр ямар байна вэ? 
Компанийн хөгжлийн түлхүүр бол санхүү бүртгэл гэдгийг эрх биш одоо бүгд ойлгох болсон. 10 жилийн өмнө нэг сая төгрөгөөр компанийнхаа үйл ажиллагааг эхэлж байсан бизнесийнхэний орлого одоо нэг тэрбум болсон байх жишээтэй. Гэтэл тэр хүн эхний хоёр жилд тайлангаа хуурамчаар үйлдсэн. Тэр нь үргэлжилж явсаар зөв замдаа оръё гэтэл НӨАТ-ын өрөнд орсон байдаг. Мөн эрүүгийн хуулийн зүйл заалтаар 20 сая төгрөгийн орлого нуусан бол таван жил шоронд ял эдлэх болсон байдаг. Ийм мухардалд орсон учраас л шинэчлэлийг хийх хэрэгтэй байна гэж үзсэн. 

- Хууль батлагдсаны дараа үнэхээр шударгаар татвараа төлөөд эхлэх үү? 
Хамгийн гол нь хуулийг олон нийтэд сайн танилцуулж сурталчлах хэрэгтэй. Өмнө нь зургаан сарын хууль гарч байхад дөрвөн сар гаруйн хугацаанд журмыг нь гаргаж байгаагүй. Энэ нь зөвхөн өөрсдөдөө ашиглах гэж хууль гаргасан болохыг илтгэж байна. УИХ-ын үүрэг бол хууль гаргах. Түүнчлэн  хамгийн гол нь гарсан хуулиа сурталчлах. Гэтэл тэр үед төрөөс нэг ч төгрөг энэ үйл ажиллагаанд зарцуулаагүй. Би хувиасаа 35 сая төгрөг зарцуулж өөрөө рекламдсаны үндсэн дээр 2800 гаруй компани хамрагдсан. Өнөөдөр дэлхийн улс орон бүр санхүүгийн системээ эрүүл болгож хөрөнгө оруулалтыг татах боломжийг эрэлхийлж байна. Тайлан нь үргэлж худал хуурмаг гарч байгаа байгууллагад хэн ч хөрөнгө оруулахгүй. 

- Татварын шинэчлэл хийсэн тохиолдолд үнэнчээр татвараа төлж байгаа гэх хяналтыг хэрхэн хийх вэ? 
Хяналтыг хүчтэй цагдаа, хүчтэй дарга хийдэггүй юм. НӨАТ-ын буцаан олголтыг ахиу өг. Орон сууцны нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаагаад өгчих. Тэр тохиолдолд тухайн барилгын компанийн санхүүгийн бүртгэл үнэн зөв болох юм. Мөн хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт нь зөвхөн санхүүгийн үнэн зөв тайланд тулгуурлаж хөгждөг. Шийдвэр гаргагчид энэ хуулийг ойлгохгүй байвал ядаж өнгөрсөн хугацаанд гаргасан хоёр хуулиа сайн судал гэж хэлмээр байна. Түүнчлэн хуулиа танилцуулах ажилд төр, татварын ерөнхий газар нь эсрэг ажиллаж буй тохиолдолд их хэцүү. Тиймээс энэ удаагийн хууль батлагдсан тохиолдолд танхимаар дамжуулж бүх аж ахуйн нэгжийг хамруулах, бүх иргэдийг оролцуулах болно. Хуульд хамрагдсанаар, санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргах. Үүний цаана хөрөнгийн зах зээлээс ашиг олж, хөрөнгө оруулалтаар бизнесээ өргөжүүлэх томоохон боломжууд нээлттэй болно. 
 
 
 
 А.Бүрэнжаргал