“Саусгоби Сэндс”-ийн хэрэг ба Эдийн засгийн үхлийн цэг

Тавантолгой, Оюутолгойгоос үүдэлтэй асуудал гадаад дотоод гэлтгүй олон улсын анхааралд өртөж, чихнээс хонх уяад нэлээд хугацааг авч буй. Тэгвэл үүнтэй зэрэгцэн гарч ирсэн дугаар III асуудал нь “Саусгоби Сэндс” ХХК-ийн удирдлагуудтай холбоотой хэрэг ба тус хэргийн талаарх шүүхийн шийдвэртэй холбоотой олон талын мэдэгдлүүд юм. Энэхүү асуудлын үр дагаварууд Монголын эдийн засагт үхлийн цохилт ч  өгөхөөр нөхцөл байдал үүсгээд байгаа бөгөөд улмаар Тавантолгой, Оюутолгойн асуудлын өмнө гарч, нэгдүгээр хурцадмал асуудал болж хувирах нь. 
 
Товчхондоо хэргийг эргэн сөхөхөд АНУ-ын иргэн Жастин Капла “Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Санхүүгийн ерөнхий менежер Филиппиний иргэн Хиларион В.Кажукомтай хамтран компанийнхаа 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж Авлигатай тэмцэх газар үзсэн. Тодруулбал, Татварт ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татварт ногдох орлогыг бууруулж 90 тэрбум гаруй төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум гаруй төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ. Мөн тус компанид ажиллаж байсан Кристобал Ж.Дэвидийг тус хэрэгт бүлэглэн 1.7 их наяд төгрөгийн татвараас зайлсхийсэн болох нь тогтоогдсон хэмээн нийт 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх улсаас томилогдсон шинжээчдийн дүгнэлт гарсан. Улмаар хэргийг шүүн тасалтал хэрэгт холбогдох гаднын иргэдийг Монголоос гарахыг нь хориглосон. 
 
Өнгөрсөн баасан гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх хурлаар дээрх шинжээчдийн дүгнэж гаргасан мөнгийг уг компаниар төлүүлэхээр боллоо. Тус шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаярын мэдээлснээр хэрэгт холбогдолтой хүмүүсийг чанга дэглэмтэй хорих ангид 5-6 жил ял эдлүүлэхээр болсон байна. Мөн тэд тус бүр нэг сая төгрөгийн эд хөрөнгийг улсад хураалгахаар болжээ. Тус шүүхээс хэргийг гурван хоногийн турш хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн нь энэ гэдэг тайлбарыг бидэнд өглөө. 
 
“Саусгоби Сэндс”-ийнхэн давж заалдана
 
Харин тус шийдвэрээс үүдэн “Саусгоби Сэндс” компанийн Хонконгийн төв удирдлагаас мэдэгдэл хийсэн. Бид “Саусгоби Сэндс” Монгол дахь удирдлагуудын байр суурийг энэ асуудал дээр сонирхоход тэд Хонконг дахь удирдлагуудынхаа мэдэгдэлтэй дуу нэг байна гэдгээ хэллээ. Товчхондоо, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан албан ёсны мэдэгдэлдээ “Шинжээчдийн хилс дүгнэлтэд үндэслэн ял оноох ёсгүй. Бид хуучин ажилтнуудаа тууштай хамгаалж байгаа бөгөөд давж заалдах болно” гэсэн байгаа. Хэрэг үүсгээд буй 35 тэрбум төгрөг хаанаас гарч ирсэн талаар тус компаниас лавлахад “Ор үндэслэлгүй тоо. Бид Татварын ерөнхий газарт удаа дараа шалтгалт хийгээд өгөөч гэх хүсэлтийг тавьсан ч огт шалгалт хийгээгүй” гэлээ. Компанийн зүгээс уг хэрэгт холбогдуулан хууль, хяналтын байгууллагуудаас томилогдсон шинжээчдийн  хийсэн дүгнэлтүүдийг алдаатай гэж үзэж байна. Шинжээчид нийт дөрвөн удаа дүгнэлт гаргасан. Тэдний дүгнэлтүүд өөр хоорондоо агуулгын хувьд зөрчилтэй, харилцан нэг нэгнийгээ үгүйсгэсэн, дүгнэлт тус бүрийн дүнг татвараас зайлсхийсэн мэтээр буруу тайлбарласан гэх. Тухайлбал, энэ оны арванхоёрдугаар сарын шинжээчдийн дүгнэлтэд “Саусгоби Сэндс” ХХК-ийн удирдлагууд 35.3 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэжээ. Гэтэл энэ мөнгө нь 2012 оны арванхоёрдугаар сарын дүгнэлтийн 234 тэрбум төгрөгөөс 85 хувиар, энэ оны нэгдүгээр сарын дүгнэлтийн 84.9 тэрбум төгрөгөөс 59 хувиар тус тус буурсан харилцан адилгүй дүн аж. 
 
“Саусгоби Сэндс” компанид хэрэг үүсэхээс нэг жилийн өмнө Үндэсний татварын ерөнхий газарт шалгалт хийлгэх хүсэлт ирсэн гэдгийг ҮТЕГ бидэнд батлан хэлсэн. Татварын ерөнхий газар тухайн оны татварын иж бүрэн шалгалт хийх жагсаалтад “Саусгоби Сэндс” компанийг оруулсан байж. Гэтэл Авлигатай тэмцэх газраас тус компанийн гүйцэтгэх захирал АНУ-ын иргэн Жастин Капла нарыг мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Гэвч АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Саусгоби Сэндс” компанийн татвараас зайлсхийсэн асуудал нь манай харъяаллын шалгах асуудал биш гээд хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэжээ. Ийнхүү хэрэг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжсэн бөгөөд  ҮТЕГ тус компанид аудитын шалгалт хийх эрхгүй болсон байна. ҮТЕГ-ын ажилтны хэлж буйгаар хэргийн шинжээчдийн багт тус байгууллагаас  нэг мэргэжилтэн ажиллаж байгаа аж. Уг нь хэрэг үүсгэхээс өмнө татварын акт, дүгнэлт гарах ёстой. Гэтэл татварын шалгалтын дүгнэлтийг алгасан дараагийн шатанд шилжсэн гэж шүүгдэгчдийн зүгээс үзэж байна. 
 
Монголд үйл ажиллагаа явуулдаг “Махонни Леотта” хуулийн фирмийн захирал Жеймс Лиотта шүүхийн шийдвэр гарсны дараахан Блүүмберг телевизэд өгсөн ярилцлагадаа одоогийн үүсээд буй асуудлыг нэг төрлийн хүн барьцаалж буй гэмт хэрэг гэж үзэж байгаагаа хэлсэн. Тэрбээр мөн “Иргэний болоод захиргааны төрлийн хэргүүдийг ҮТЕГ, МХЕГ тэргүүтэй Монголын төрийн аппаратууд томоохон компаниудын эсрэг гаргаж ирэх хандлагатай болсон. Товчхондоо, хэрвээ бидний хүсч буй төлбөр, өөр бусад зүйлийг өгвөл бид барьцааны хүнийг чинь суллана гэдэг асуудал яваад байна. Энэ нь Монголд зөвхөн Жастин Каплан болон Кристиан Ларри нараар хязгаарлагдахгүйгээр үргэлжилсэн үйл явц болчихлоо” гэсэн юм. 
 
Блүүмберг агентлаг тус хэргийн талаар мэдээлэхдээ Монгол Улсыг төлбөрийн чадамжгүй байдал нь татварын аргаар мөнгө олж ирэхэд чиглүүлж байна гэх утгатай байв. “Саусгоби Сэндс”-ийг бусдын арааны шүлсийг гоожуулахуйц уурхайн лицензүүдтэй, орлогын хувьд сайн байгаа гэдгээр нь сөхөрч буй эдийн засгийн хувьд нэмэлт орлого босгох боломжуудын нэг гэж үзсэн байх талтайг зарим шинжээч хэлж байна. Авлигатай тэмцэх газрын сүүлийн таван жилийн статистикаас харахад гадаадын 28 иргэн эрүүгийн хэрэгт холбогдсон байна. Тэдний тав нь ял авчээ. Тус тоонд Жастин Капла тэргүүтэй одоогийн хэрэгт холбогдолтой хүмүүс ороогүй.  
 
Саусгоби Сэндс ба хөрөнгө оруулалтын орчин
 
Чухамдаа энэ хэрэг Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг ажиллаж буй энэ үед сөхөгдөж хурцадмал байдал үүсгэсэн нь манайд яав ч таатай үр дүн авчрахгүй. Шүүхийн шийдвэр гарсны маргааш зөвхөн “Саусгоби Сэндс” гэлтгүй Монголтой хамааралтай компаниудын үнэт цаасуудын индекс унаж буйг Хонконгийн хөрөнгийн биржийн цахим хуудаснаас харж болох юм. Өнөөдөр шүүхийн шийдвэрийн тухай мэдэгдэл, түүнийг буруутгасан өнгө аястай мэдээллүүд зөвхөн хэвлэл мэдээлэл гэлтгүй олон бизнес эрхлэгчийн цахим шуудангаар дамжин ирж байна. Энэ нь олон нийтэд таатай сэтгэгдлийг өгөхгүй байгаа нь мэдээж. Тэр дундаа хөрөнгө оруулагчдад ихээхэн хүндээр тусч, Монголд ажиллаж амьдрахаас эмээж байгаагаа хэлэх хүн цөөнгүй байна.
 
Энэ асуудалтай холбогдуулан АНУ-ын Элчин сайдын яам, Монголын бизнесийн зөвлөл, Америк-Монголын зөвлөл, Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөл тэргүүтэй нэр нөлөө бүхий  олон байгууллагаас удаа дараа мэдэгдэл гаргаад байна. Тэдний зүгээс уг хэрэг ойрын хугацаанд ухаалаг байдлаар шийдэгдэхгүй аваас олон улсын хэмжээнд очиж, илүү том асуудлын эхлэл болж мэдэх нь гэж анхааруулж байна. Тэд зөвхөн АНУ-ын иргэнийг бариад хорьчихсонд бус  хүний эрхийг зөрчиж,  Монголоос гарах эрхийг нь хориглож, улмаар иргэний болоод захиргааны шүүхээр шийдвэрлэх бүрэн нөхцөлд ийнхүү эрүүгийн хэмжээнд хүргэж, хангалттай баримт нотолгоо бүрдүүлээгүй байхад ийм шийдвэр гаргасанд дургүйцэж байгаагаа илэрхийлсээр байгаа билээ.
 
Монголчуудын дуу хоолой ба хөрөнгө оруулагчдын таагүй мэдэгдлүүд
 
Нөгөө талаас “Fortune”, “Time” зэрэг барууны томоохон хэвлэлүүдэд Монголын шүүх засаглалыг буруутгасан өнгө аястай мэдээлэл их гарч байгаа аж. Эдгээр мэдээллийг уншсан монголчуудын зарим нь цахим ертөнцөөр тэр дундаа фэйсбүүк, твиттерээр Монголын шүүх бие даасан, хэн нэгнээс үл хамааран зөвхөн хуульд захирагдан шийдвэр гаргадаг гэдгээ одоо харуулах хэрэгтэй хэмээн үзэж байна.  
 
Монгол дахь Америкийн худалдааны танхимаас энэ хэргээс үүдэн хамгийн хурц мэдэгдлийг хийсэн билээ. Тэд Монголын бизнесийн орчны тухайд гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг ойлголт үүсч болзошгүйг хэлэхийн зэрэгцээ Ж.Каплагийн шүүхээр хэргээ шударга шийдүүлэх эрх илт зөрчигдсөн нь илэрхий байгаа учир өдгөө явагдаж буй АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монголд үзүүлэх тусламжийн талаарх хоёрдугаар хэлэлцээрийг “АмЧам”-ын зүгээс дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. АНУ-аас ирдэг томоохон төсөл, санаачлагуудын хүрээн дэх мөнгийг цаад талаас одоогийн байдлаар шууд хориглочихоогүй байгаа ч Монголын данс руу шилжүүлэг хийхээ зогсооход ойрхон байгааг холбогдох хүмүүс хэлж байна. 
 
Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлөөс, Татварын байх ёстой хэмжээнээс доогуур төлсөн нь Сангийн яамны дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхээр яагаад эхэлж оролгүй шууд эрүүгийн шүүхэд шилжсэн бэ гэдэг нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Гаднын шинжээч, мэргэжилтнүүд энэ хэрэг яагаад шууд эрүүгийнх болов гэдэг дээр гайхаж байгаагаа илэрхийлжээ.  Бусад орны жишгээр болон Монгол Улсын Татварын тухай хууль тогтоомжид заасны дагуу татварын талаарх маргааныг иргэний журмаар шийдэх бүрэн боломжтой гэж Монголын Бизнесийн зөвлөлийнхэн мөн үзжээ. Түүнчлэн тус шийдвэрийг Монголд ажиллаж буй гадаадын иргэдийн эрх ашиг зөрчигдөж болзошгүйг харуулсан муу жишээ гэлээ. 
 
Мөн шүүх хуралд оролцсон АНУ-ын элчин сайд Пайпэр Кэмбэлл тэргүүтэй Элчин сайдын яамны хэд хэдэн албан хаагч шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсч байсныг онцолсон. Улмаар шүүгдэгчид шүүх хурлын үеэр орчуулгыг ойлгохгүй байгаагаа тэдэнд мэдэгдэж, өөрсдийгөө ч ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн байна. Элчин сайдын яамнаас “Бид үйл явцыг цаашид анхааралтай ажигласаар байх болно” гэв. Мөн Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх О.Чулуунбатын хэлсэн үгийг онцолжээ. Тэрбээр “Бизнесийн асуудлаарх маргаанд компани нь холбогдсон гаднын удирдах албан тушаалтнуудыг шүүн таслах, тэдэнд хилээр гарах хориг тавих нь Монгол Улсад орж ирэх гаднын шууд хөрөнгө оруулалтад мэдэгдэхүйц хөнөөлтэй” гэсэн юм.  
 
Хэдий  Монгол дахиад нэг боломж хүртэх эрхтэй ч гэсэн цаг үеийн дараалсан таагүй олон үйл явдал нь цаг хугацаа, боломжуудын далайцыг хазаарлаж байна гэж гаднын хувийн хэвшлийнхэн хэлж байна. “Саусгоби Сэндс”-ийн хэрэг ганц компанийн асуудал ч зарим мэргэжилтнүүд товчхондоо энэ асуудал Монголын эдийн засагт “үхлийн цэг” болж магадгүй гэж таамаглаж байна. Мөн өдий хүртэл хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн олон төрлийн оролдлогууд ч үр дүнгүй салхинд хийсч мэдэхээр байгааг тэмдэглэж буй. Хэрвээ Оюутолгой цаашлаад энэ хэрэг нь даамжирвал дэлхийн хөрөнгө мөнгөний зах зээл дээр Монгол “Simply uninvestable” буюу хөрөнгө оруулахад огт тохиромжгүй орон гэсэн ангилал руу унаж мэдэх юм. Тэр үед өнгөрсөн онуудын өндөр өсөлт, их мөнгө гайхам дурсамж болон үлдэх биз ээ. 
 
 
Б.Энхцэцэг, Г.Орхон