Оюутолгой компани энэ онд 175-195 мянган тонн зэс үйлдвэрлэнэ

Oюутолгой компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа гаргажээ.  Тайлант хугацаанд нийт 50300 тонн зэс, 278 мянган унци алт үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны гүйцэтгэлийн талаар Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Оюу толгой шинэ тутам бизнес хэдий ч өнгөрсөн онд бүтэн жил тасралтгүй үйлдвэрлэл явуулсан анхны жилээ амжилттай үдлээ. Бэрхшээл сорилт багагүй энэ оныг үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлж, борлуулалтыг нэмэгдүүлсэн үзүүлэлттэй дуусгалаа” гэсэн юм. 
 
Харин энэ онд тус компани 175-195 мянган тонн зэс 600-700 мянган унци алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тус компани нь Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм.
 
Оюутолгойн дээд удирдлага “Рио Тинто” компанийн зүгээс Оюутолгой компанийг дэлхийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байгаа гэдгийг хэллээ. 
 
 
 
 
А.Буянзаяа