“Хөгжлийн бэрхшээлтэй” салбар

Эрүүл мэндийн салбарт энэ онд 624 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Энэ сарын сүүлээр төсөв батлагдсанаар салбаруудын үйл ажиллагаа хэрэгжиж эхлэх нөхцөл бүрдэж буй. Өнгөрсөн онд тус салбарт 570 орчим тэрбум төгрөг төсөвлөж байсан бол эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед 54 тэрбум төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн Засгийн газрын шинэчилсэн бүтцээр Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамба томилогдсон. Тэрбээр өмнө нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. 
 
Манай улсын эрүүл мэндийн салбар өнөөг хүртэл хэл ам дагуулж “хөгжлийн бэрхшээлтэй” гэгдэж ирсэн. Мөнгөгүй бол өвчин тусах эрх байхгүй. Учир нь мөнгөтэй нэг нь үйлчилгээний чанар, үр дүнг эрэлхийлэн өндөр хөгжилтэй орныг зорих жишгийг төрийн түшээд түүчээлээд буй. Тэгвэл энэ онд тус салбараас гадагш урсаж буй мөнгийг дотооддоо үлдээх бодлогыг барьж ажиллана гэдгийг салбарын сайд хэлсэн. Ингэхийн тулд хамгийн их шүүмжлэлийг дагуулдаг эмчийн ур чадвар, эмнэлгийн салбарын үйлчилгээний доголдол ачааллыг нэн тэргүүнд арилгахаар ажиллах аж. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, эмнэлгийн хүрэлцээгүй байдал нь асуудлыг улам бүр хурцатгаж байдаг. 
 
Жил бүр шинэчлэл хийж, хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй салбар гэж үздэг ч өнөөг хүртэл тус салбарт хийсэн ажлын үр дүн, өгөөжийг үнэлж дүгнэхээс илүү үгүйсгэх нь олонтаа. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Хууль эрх зүйн орчны хүрээнд эрүүл мэндийн салбарын засаглалыг сайжруулахад чиглэсэн шинэчлэлийг хийхээр онцлоод байна. Түүнчлэн тус салбарын санхүүжилтийг боловсронгуй болгохтой холбоотой эрх зүйн асуудлыг хөндөх, хувиарлагдсан төсвийн зарцуулалтыг үр дүнтэй болгоход чиглэсэн ажлыг анхааралдаа аваад байгаа талаар хэллээ.
 
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус салбарт төсөвлөгдсөн хөрөнгө бодитой үр дүнгээ өгсөн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй. Урсгал зардал төдийхнөөр ам таглаж байгаа нь чамлахаар байгаа юм. Мөн 20 гаруй барилгын ажил  царцсан байгаа учир хөрөнгө оруулалт хандуулж сэргээх ажлын товлоод байгаа аж. 
 
Хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна гэх асуудал жил бүр хөндөгдсөөр ирсэн ч өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шинээр ашиглалтад орсон хүүхдийн эмнэлэг байхгүй байна. Харин энэ онд Засгийн газрын шийдвэрээр хүүхдийн болон төрөх эмнэлэг барих ажлыг хэрэгжүүлэхээр бодлогодоо тусгаад байгаа гэнэ. Тодруулбал, Яармагт байршилтай 300 ортой эх хүүхдийн эмнэлэгийг концессын гэрээгээр сэргээн засварлах, дүүрэг болгоны эрүүл мэндийн төвийг өргөтгөх ажлыг хөтөлбөртөө тусгажээ. 
 
Өнөөгийн байдлаар эрүүл мэндийн салбарт гурван төрлийн санхүүжилт байгаа талаар тус яамнаас мэдээлсэн.Тодруулбал,
Улсын төсөв-70 хувь
Эрүүл мэндийн даатгал-20 хувь
Төлбөртэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-10 хувийг эзэлж байна. 
 
Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч төсвийн тодотголын үеэр танаж болохгүй зардлууд хумигдсан байгааг салбарын сайд учирласан. Үүнд эмийн төсөв, эрүүл мэндийн өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагддаг урсгал зардал танагджээ. Засгийн газар, УИХ төсвийн тодотголыг хэлэлцэхдээ тухайн салбарын яам, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан тооцоо судалгаанд үндэслэж шийдвэр гаргаагүй нь ажил үйлчилгээ явуулахад олон нийт болон мэргэжилтнүүдийн бухимдлыг багагүй хүргэж буй.
 
Түүнчлэн эрүүлжүүлэхийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн асуудал нь салбарын үйл ажиллагаанд багагүй дарамт болж буй аж. Энэ мэтчилэн харилцан уялдаагүй бодлого шийдвэр нь ачааллыг нэмэгдүүлж үйл ажиллагааны тэнцвэргүй байдлыг бүрдүүлж байна. 1990-ээд оноос өмнө социалист системээр явж байсан Эстони, Кригизстан зэрэг улс эрүүл мэндийн салбараа уялдаа холбоотой цогцоор нь хөгжүүлснээр амжилтад хүрчээ. Эмнэлгийг бие даалгаж, хүний нөөц санхүү, менежмент зэргийг хэрхэн шийдэх эрхийг өөрсдөд нь өгсөнөөр хариуцлагыг бий болгож, алдаа гаргахгүй ажиллах дадлыг бий болгосон туршлага байдаг.
 
Салбарын сайдын үзэж буйгаар эрүүл мэндийн салбараар гадагшилж байгаа мөнгөн урсгалыг дотооддоо төвлөрүүлэх нөхцлийг бүрдүүлэхээр зорьж буй гэнэ. Энэ он бүхэлдээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанаржуулахад чиглэх аж. Ингэснээр хоёр, гурав дахь шатны эмнэлэгүүдэд тулгараад байгаа ачаалал буурна гэж үзжээ. 
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал