Ц.Баатарсайхан: Би улаан буудай, гурилын үнийг өсгөх гэсэн сонирхлын бүлгийн эсрэг л зогссон

Монголын тариалан эрхлэгчдийн зарим хэсэг, гурил үйлдвэрлэгчдийн нэгээхэн  хэсгийнх нь хооронд маргаантай асуудал үүссэн нь Засгийн газар, УИХ-ыг хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, уг  бодлогыг  шинэчлэн боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсэг хүртэл гарахад хүргэсэн.  Өнгөрсөн долоо хоногт талбай дээр комбайн, трактор эгнүүлэн тавьж, улаан буудай асгаж жагссан “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан” холбооны зүгээс тавьж байгаа асуудлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой илэрхийлсэн. Тэд  Нэгдүгээрт, дотоодын улаан буудай байхад Засгийн газар  20.0 мянган тонн  буудай импортолж  байгааг эсэргүүцэж, мөн гурил үйлдвэрлэгчид эх орны хөрснөө ургасан тарианы чанарыг стандартын шаардлага хангахгүй байна гэж үзэх нь буруу. Хоёрдугаарт, тус  холбооны гишүүд  намрын ургацаасаа зах зээлд борлуулсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг авч чадахгүй байгаа, төрөөс улсад тушаасан улаан буудайн урамшууллыг удааж, тохирсон хэмжээнээсээ багаар олгох гэж байгааг буруутгасан асуудлаар жагсаал хийсэн.Тус жагсагчдын буруутгаад байгаа “Гурил үйлдвэрлэгчдийн”  холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан ямар асуудлыг  тавьж байгаа вэ гэдэг нь төдийлэн тодорхой бус байсан. Тэгвэл энэ асуудлаар түүний  байр суурийг сонирхлоо
 
-Баатарсайхан захирлаа, та хэвлэлээр гарах дургүй. Гэхдээ өнөөдрийн улаан буудай тойрсон маргаантай асуудалтай холбоотой  “од” болчихоод байгаа учраас ямар асуудлын төлөө яваад байгааг танаас тодорхой сонсох гэсэн юм. 
 
-Талбай дээр жагссан хүмүүсийн ярьж байгаа шиг  Баатарсайханд зориулж хууль гаргасан зүйл  байхгүй. Яасан гэхээр, Монгол Улс 2013 онд  буудай, гурил импортлохдоо квот олгодог  хуультай болсон. Өмнө нь  хүн бүхэн дураараа гурил, буудай оруулж ирдэг байсан. Дураараа гэдэг нь шаардлага хангахгүй гэсэн үг биш шүү дээ. Шаардлага хангасан зүйл оруулж ирж байсан. Өнөөдрийн тэмцэл хийгээд байгаа хүмүүс квот авдаг болсноор далимдуулж айлгаж байгаад буудайны үнийг өсгөх гээд л байгаа юм шүү дээ. Тэдний өмнөөс жаахан зоригтой дуугардаг нь би.  Ингэчихвэл энэ нөхөр жаахан айж магадгүй гэж  бодсон байх. Миний бүр инээд хүрээд байгаа. 
 
Би яагаад “од” болчихоод байгаа вэ  гэхээр энэ хүмүүс Баатарсайхан руу дайрвал айж магадгүй  гэдэг ч юм уу, эсвэл энэ рүү дайрвал баян ажилчин анги учраас муухай харагдуулж чадаад, буудай импортыг зогсоочихож магад гэж харж байж болох юм. 
 
-Чингисийн талбай дээр ачааны машинтай  буудай асгаж, хог болгож  байгааг харахад үнэхээр л дотооддоо арвин буудайтай жил гурил үйлдвэрлэгчид нь авахгүй, гаднаас буудай оруулна гээд ямар ч утгагүй юм бэ дээ гэж олон нийтэд ойлгогдохоор зүйл болсон. Та үүнийг хэрхэн харсан бэ?
 
-Тэр ийм ш дээ. Тариаланчдын улсад тушаасан нэг тонн улаан буудай тутамд 100.0 мянган төгрөгийн урамшуулал өгнө гэж тооцож байтал анхнаасаа улсын төсөвт 25 тэрбум төгрөг суусан. Засгийн газар хямралтай үед тэрийгээ хүргэх гээд л 70 мянган төгрөгийн урамшуулал өгөх болчихсон чинь түүнийг үг хэлээр эсэргүүцэх муухай харагдах гээд байсан учраас тийм зүйлээр илэрхийлсэн. 
 

Би яагаад “од” болчихоод байгаа вэ  гэхээр энэ хүмүүс Баатарсайхан руу дайрвал айж магадгүй  гэдэг ч юм уу, эсвэл энэ рүү дайрвал баян ажилчин анги учраас муухай харагдуулж чадаад, буудай импортыг зогсоочихож магад гэж харж байж болох юм. 

 
 
-Баатарсайхан  импортын буудай оруулахын тулд дотоодын улаан буудайн цавуулгийг стандартын шаардлага хангахгүй байна гэж худлаа хэллээ гэж ярьж байгаа шүү дээ. Энэ тал дээр та ямар тайлбар хийх вэ?
 
-Өнөөдөр манай “Улаанбаатар гурил”  дотоодын улаан буудайн ургацаас хамгийн ихийг нь авсан. Мөн нийт гурилын үйлдвэрлэлийн ихэнх хэсгийг нь үйлдвэрлэж байна.  Дотоодын улаан буудайн ургац хэн нэгэн хүн их хураасан  гэхээр их болчихдог, бага авсан гээд хэлчихээр бага болчихдог, хэн нэгэн чанаргүй гэхээр чанаргүй, чанартай гэхээр чанартай болчихдог зүйл биш. Би баримт, тоон дээр үндэслэсэн зүйл л ярьж байгаа.  Монгол Улс өнөөдөр 3.0 сая хүн амтай. Эрүүл мэндийн яамнаас гаргасан статистикийг харахаар  нэг хүн  жилд 105 кг гурил хэрэглэдэг гэсэн тооцоо байна. Үүнийг бодоод  үзэхээр манай  нийт гурилын хэрэгцээ 315.0  мянган тонн  болно. Энэ бол иргэд гэртээ гурилтай шөл, боорцгоо  хийдэг, талх, нарийн боовны  үйлдвэрүүд талх, бялуу хийх нийт  хэрэглээг оруулж тооцоод шүү дээ. За тэгвэл 315.0 мянган тонн гурил үйлдвэрлэхэд 450.0 мянган тонн буудай хэрэгтэй. Маш энгийн тоо.  Гэтэл Монгол Улс өнгөрсөн жил 350.0 мянган тонн  таваарын буудай тушаасан. Эндээс л гэхэд 100.0 мянган тонн буудай дутаж байгаа биз дээ. Тэгвэл өнгөрсөн намар 10.0 мянган тонн сая 20.0 мянган тонн нийт 30.0 мянган тонн импортын буудай орж ирлээ. Цаана нь 70.0 мянган тонн  дутаж байна. Үүнийг нотлох баримтыг үзүүлье.  Энэ цаасан дээр байгаа намрын ургац хураалтын борлуулалтын мэдээ болон өнгөрсөн сарын 31-ний байдлаар гаргасан гурилын үйлдвэрүүдэд байгаа буудайн мэдээллийг хар. Өнөөдөр Монгол Улсад 145,8 мянган тонн буудай байна.  Энэ нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх ТЭДС болон гурил үйлдвэрлэгчдэд байгаа нийт нөөцийн хэмжээ  гэсэн үг. 
 
-Хэл ам дагуулаад байгаа 20.0 мянган тонн  улаан буудайг дээрх тоонд оруулаагүй гэсэн үг үү? 
 
-Оруулсан. 145,8 мянган тонн буудайн 84,0 мянган тонн  нь чанарын шаардлага хангаж байна. 61,0 мянган тонн нь чанарын шаардлага хангахгүй байна. 84,0 мянган тонныг  энэ хоёрдугаар сараас дөрөвдүгээр  сарын хооронд тээрэмдээд дуусчихна. Цаана нь тавдугаар сараас наймдугаар  сар хүртэл бүтэн дөрвөн сар байна.  Эдгээр сард монголчууд юу идэж амьдрах вэ. 
 
Бид 70.0 мянган тонн  буудай импортлоод стандартын шаардлага хангахгүй 60,0 мянган тонн буудайгаа хаях гээд байгаа юм биш шүү дээ. Үүнтэй холиод тээрэмдэх буудай оруулж ирэх л санал тавьсан. Ерөөсөө л энэ. Тэгвэл талбай дээр жагссан  хүмүүс ингүүлэхгүй л гэж байна. Жишээ нь чи бараа гаднаас оруулж ирээд байвал тухайн барааны үнэ зах зээл дээр тогтвортой байна биз дээ. Импортыг хоригловол үнэ өснө. Тэгж л үнэ өсгөх сонирхол байна, тэдэнд. 
 
Дахиад нэг баримт хэлье. Тариалан эрхлэгчид 2-3 хоногийн өмнө /2015.02.04/ буудайн урамшуулал гэж төрөөс 25 тэрбум төгрөг авлаа. Нэг тонн буудайнд 70,0 мянган төгрөг өгч байгаа. Тэгвэл 20,0 мянган тонн импортын буудайгаар  жишээ татаад харьцуулаад үзье. Ийм хэмжээний буудайнд тариаланчид 1,4 тэрбум төгрөгийн  урамшуулал авдаг. Гэтэл бид 20,0 мянган тонн  улаан буудай импортоор оруулж ирсэнийхээ төлөө Монгол Улсын гааль болон НӨАТ –т 1,4 тэрбум төгрөгийн татвар  төлж байна. Аль нь ариун явдал байна. /инээв/
 
-61.0 мянган тонн  шаардлага хангахгүй буудайн цавуулгийн хэмжээ хэдэн хувьтай байгаа вэ?
 
-23 хувиас доош. 
 

145.8 мянган тонн буудайн 84.0 мянган тонн нь чанарын шаардлага хангаж байна. 61.0 мянган тонн нь чанарын шаардлага хангахгүй байна. 84.0 мянган тонныг энэ хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд тээрэмдээд дуусчихна. Цаана нь тавдугаар сараас наймдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сар байна. Эдгээр сард монголчууд юу идэх вэ

 
 
-Буудайн 23, 24, 25 хувийн цавуулаг гурил болохоороо 28 хувийн цавуулгийн хэмжээг хангачихдаг гээд байх юм. Тийм  үү?
 
-Чи үүнийг надаас биш, мэргэжлийн хүнээс асуу. Жишээ нь “Талх чихэр” компанийн гавьяат технологич Янжин гуай стандартын талаар тодорхой ярих байлгүй дээ. 18 хувийн цавуулагтай буудай гурил болохоороо цавуулгийн хэмжээ нь 2-3 хувь  өсдөг. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Энэ тоонуудыг санаанаасаа зохиогоогүй. Энэ жишээ нь өргөн хэрэглээний буудайн гурилын физик химийн үзүүлэлтийн стандарт  хэмжээг харуулсан Монгол Улсын стандарт байна. Энд  нэгдүгээр гурил 26 хувиас дээш байна. Талхны зориулалтын гурилын физик үзүүлэлт 30-аас дээш байх ёстой. Тиймээс 30 хувийн цавуулагтай талхны гурил  хийхийн тулд  ядаж 27 хувиас дээш цавуулагтай гурил байх ёстой. 
 
Монгол Улсад байгаа гурилуудаас Оросын “Цесна” үйлдвэрийн 1-р гурилын цавуулаг 28.4 хувь, “Алейка”  үйлдвэрийн цавуулаг 29,4 хувь байна. Энэ чинь дотоодын гурилын чанар стандарт тааруу байгааг илтгэж байна. Иргэд дотоодын гурилдаа итгэхээ байнгуут үнэтэй ч  гэсэн орос гурил авдаг. Ийм чанартай гурил хийхийн төлөө ОХУ-аас жаахан буудай оруулаад ирэнгүүт  муу хэлэгддэг. Гэтэл хаврын тариалалтын үрийн буудайг импортоор авахаар сайн болдог байж таарах уу.
 
-Дотоодын улаан буудай 100 хувь чанартай байна гэж байхгүй. Үрийн чанар, хөрсний үржил шим гээд тулгамдсан асуудал байгааг тариаланчид ч байнга ярьдаг. Тиймээс гурилын цавуулаг муу байгааг анх удаа хэлж байгаа ч юм биш  л дээ. Ганц та биш, талх нарийн боовны үйлдвэрийнхэн ч хэлж ирсэн. Үүнийг шинэ асуудал юм шиг хүлээж авч, улс төржүүлээд  байгааг гайхаад байна. 
 
-2013 оноос квот тогтоочихсонд л асуудлын учиг байгаа юм. Өмнө нь биднийг импортын буудай оруулж ирэхэд хэн ч юу ч ярьдаггүй  байсан. Гурил ч ялгаа байхгүй. Гурилын квот бараг өгөхгүй байгаа. Яах ч арга байхгүй нэгдүгээр гурил, дээд гурил дээр жаахан импортын  квот олгож байгаа. Гурил импортлогчид өнөөдөр яагаад зоригтой дуугарч чадахгүй байна вэ гэхээр Монголд өнөөдөр  80 гурилын үйлдвэр бий болчихсон. Дахиад ч  үйлдвэр баригдаж байна.  
 
-Дотоодын үйлдвэрлэл, зах зээлийг хамгаалах төрийн бодлого байх л даа. Би хувьдаа дээрх квотыг байх ёстой гэж үзэж байна. 
 
-Чи юу гэж бодоод байгааг  мэдэхгүй.  Өнөөдөр  улсын хэмжээнд тушаасан 350.0 мянган тон буудайн 58 хувь нь чанарын шаардлага хангаж байна. Яваандаа нийт шаардлагатай 450.0 мянган тонн улаан буудайгаа хурааж аваад, нөөцөлчихвал өөр хэрэг байх. 
 
-Жагсагчид намар борлуулсан  буудайныхаа үнийг авч чадахгүй өнөөдрийг хүрч байгаа тухай санал хэлж байсан. Танай “Улаанбаатар” үйлдвэрийн  хувьд өнгөрсөн намрын ургацаас хэдий хэмжээний түүхий эд базаасан бэ. Үнэ төлбөрийг нь барагдуулаагүй зүйл байгаа юу?
 
-Манай  үйлдвэрийн  хувьд нэг  ч төгрөгийн өглөг байхгүй.  Хамгийн их буудайг дотоодын ургацаас авсан. Хэрвээ би өгөөгүй байсан бол өнөөдөр Баатарсайхан өгдөггүй гээд  ярина даа. Тэр жагсаад байгаа хүмүүсийн хувьд  өнөөдөр гурилаа ямар ч төлбөрийн чадваргүй, гурилынхаа стандарт, чанарыг хангадаггүй нэг нөхөрт өөрсдөө айлгаж байгаад чанаргүй буудайгаа зарчихаад, одоо  уйлан дуугараад байгаа нь ямар учиртай юм. 
 

 2012 онд нэг тонн улаан буудайн зах зээлд борлуулах үнэ 350.0 мянга байсан. 2013 онд 420.0 мянга байсан, 2014 онд 550.0 мянга болсон. Ийм байдлаар аажмаар өсөөд хөгжөөд явах ёстой. Гэтэл энэ хооронд буудайн үнэ өссөн шиг нийт ард түмний цалин өссөн үү гэвэл өсөөгүй. Би бол энэ талд илүү боддог хүн. Гурил гэдэг бүтээгдэхүүн Монголын 3.0 сая хүн амын өдөр, шөнөгүй хэрэшлэдэг өргөн хэрэглээний бараа учраас би аль болох хэрэглэгчдийг боддог.

 
 
-Тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчид бол миний бодлоор нэг зоосны хоёр тал. Эвтэй найртай илүү дотно хамтарч ажилладаг, сайн ойлголцдог л байх ёстой байх.  Гэтэл жилийн жилд  тариаланчид буудайгаа өндөр үнэтэй өгнө гээд  нөгөө талд гурилынхан  хямд авна гэж зөрчилддөг. Эцэстээ хоёр талын  наймааны асуудалдаа   Засгийн газрыг  татан оролцуулах байдлаар хэрүүл маргаан болох нь онцгүй л зүйл юм даа. Цаашдаа үүнийг яаж засах ёстой вэ?
 
-Энэ асуудалд тариалан эрхлэгчид  гэж 385  аж ахуйн нэгжийг хамруулж болохгүй. Жишээ нь Пэрэнлэй гээд тэргүүнтэй Монголын тариалан эрхлэгчдийн нэгдсэн холбооныхон өнөөдөр Засгийн газартай хамтарч ажиллахаа илэрхийлж байх жишээтэй. Би сая Ерөнхий сайдтай уулзсан. УИХ-аас ажлын хэсэг гарлаа. Асуудлыг зөвөөр харж, цэгцлэх биз дээ. Ер нь бол эдийн засгийн хямрал болоод монгол хүний худалдан авах чадвар доройтож байна. 2012 онд нэг тонн улаан  буудайн  зах зээлд борлуулах үнэ 350.0 мянга байсан. 2013 онд 420.0 мянга байсан, 2014 онд 550.0  мянга болсон. Ийм байдлаар аажмаар өсөөд хөгжөөд явах ёстой. Гэтэл энэ хооронд буудайн үнэ өссөн  шиг нийт ард түмний цалин өссөн үү гэвэл өсөөгүй. Би бол энэ талд илүү боддог хүн. Гурил гэдэг бүтээгдэхүүн Монголын 3.0 сая хүн амын өдөр, шөнөгүй хэрэглэдэг  өргөн хэрэглээний  бараа учраас би аль болох хэрэгчлэгчдийг боддог. 
 
-Эдийн засаг хүндрэлтэй байхад бүтээгдэхүүний үнээ өсгөхөөс илүү өөрөөр зардлаа хэрхэн бууруулах вэ гэдэг асуудлыг бодохоос аргагүй байх л даа.
 
-Манай хувьд гурилын үйлдвэр зохих хэмжээнд ашиг олох ёстой. Бид компанийнхаа менежментийг улам сайжруулаад, зардлаа өсгөхгүй талаасаа ажиллаж хөгжих ёстой юм. 
 
-20.0 мянган тонн импортын буудайнаас танайх хэдэн хувийг авч байгаа вэ?
 
-5000 тонныг нь манайд хуваарилсан. 
 
-Цаашдаа ирэх жилүүдэд импортын буудайн хэмжээг  нэмэгдүүлэх шаардлагатай юу?
 
-Би яаж мэдэх вэ. Энэ нөхөд яах юм. 

-Та санал тавьсан хүн ш дээ?
 
-Аль ч улс бүтээмжээ улам нэмэгдүүлээд, зардлаа байнга бууруулахын төлөө чармайгаад явах учиртай. Өнөөдөр улаан буудайн  385 аж ахуйн нэгжид  10.0 мянган хүн ажиллаж байна. 80 гурилын үйлдвэрт мөн тооны хүн ажиллах жишээтэй. Тэгэхээр  20.0 мянган хүний эрх ашигтай харьцуулахад 3.0 сая хүн амын эрх ашиг нь чухал биз дээ.
 Энэ бол дэлхийн бүх улсад болдог жамаараа болоод мэтгэлцэж муудалцаж явсаар байгаад журмандаа ороод хөгжих замаараа л явагдаж байна. 
 
-Танай үйлдвэрийн хувьд гурилын үнээ нэмэхгүй гэсэн бодлоготой байгаа юм байна гэж ойлгож болох уу?
 
- Гурилын үнийн  хувьд буудайны үнэ ямар байхаас хамаараад шийдэгдэх асуудал. Дотооддоо буудайн хэрэгцээгээ зуун хувь хангаж байвал өөр хэрэг. Гэтэл зуун хувь хангаж чадахгүй байгааг далимдуулж буудайны үнээ өсгөөд, гурилын үнийг өсгөх гээд буйн эсрэг л би зогсож байгаа ш дээ. 
 
- 20.0 мянган  тонн буудай оруулж ирээд сайжруулагчаар ашиглаад явахад  гурилын үнэ өсөхгүй байх боломжтой юу?
 
-Мэдэхгүй  шүү дээ. Энэ зөвхөн надаас хамаарахгүй.  Өнөөдөр  нэг ам.долларын ханш 1950-1960 төгрөг байна. Ингэж байснаа 2500 болчихвол импортоор буудай оруулж ирсэн ч өснө. Үүнийг мэдэхгүйгээс цааш би өнөөдөр өсгөнө, өсгөхгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ миний зүрх сэтгэлд байгаа нэг зүйл бол хүнд үед  3.0 сая хүн амын гол хэрэглээ болсон  гурилын үнийг зохиомлоор өсгөхгүй байх юмсан гэсэн бодолтойгоор бусдад ад шоо үзэгдээд явж байна.  Өнгөрсөн намар би буудай оруулж ирэх санал тавихад бас л ингээд квотыг болиулсан. Хэрвээ өнгөрсөн намар хангалттай  буудай авсан бол өсгөхгүй байж чадах байсан. Тэгэхээр ямар өгөгдөл өгөгдөхөөс хамаараад байна. 
 
И.Отгонжаргал