“Coal Mongolia-2015” мега төслүүдтэй танилцуулна

Mонгол улсын Ерөнхий сайд санаачлан нийт иргэдийн дунд явуулсан санал асуулгаас хүмүүсийн 56.1 хувь нь “Монгол улс мега төсөл болон бусад том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа эрчимжүүлж тэлэх нь зөв” гэсэн замыг сонгосон. Энэ нь “Coal Mongolia-2015” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Уурхайтай танилцах аялал”-ын ач холбогдлыг харуулж байгааг зохион байгуулагчид хэлж байна.  Тус аяллаар Энержи Ресурс, Эрдэнэс таван толгой, Таван толгой компанийн уурхайн ордуудтай газар дээр нь очиж танилцан, чухам ямар нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байгаатай өөрийн биеэр үзэж сонирхох боломжийг олгох аж. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн аяллаар гурван уурхайтай танилцах боломж юм. Тус аялалд хамтрагдахыг хүсэгчид тус чуулганы зохион байгуулагчидтай цахим хуудсаар нь дамжуулан холбогдох боломжтой юм байна.  http://www.coalmongolia.mn/index.php/en/
 
Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, уг салбарт тулгамдаж буй  гол асуудлуудаар нүүрсний зах зээлийн гол тоглогчид, хөрөнгө оруулагчид хийгээд Засгийн газрын төлөөлөл оролцон харилцан санал сонилцох боломжийг олгодог ”Coal Mongolia-2015” Олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн бүртгэл мөн энэ гуравдугаар сарын 10-ыг дуустал хөнгөлөлтэй үнээр бүртгэж байгаа аж.
 
Энэ удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн нь “Coal Mongolia” чуулганы таван жилийн ой, гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа (IPO) гарган нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татсаны таван жилийн ойг тус тус тохиолдуулан энэ оны дөрөвдүгээр сарын 9-10 өдрүүдэд Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр өндөр дээд түвшинд зохион байгуулахаар хурлын бэлтгэл ажлаа хийж байна.