Чадварлаг боловсон хүчингүй бол мега төслүүд гадныханы гарт л байх болно

Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлэг энэ сарын 13-нд болж өнгөрсөн. “Эрдэс баялаг бидний Боломж” уриан дор зохион байгуулагдсан олон нийтийн хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг, мэргэжлийн холбоод, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцсон. Энэ үеэр Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер, Уул уурхайн зөвлөх багш Д.Түмэннасан “Өнөөдрийн хэлэлцүүлгээр уул уурхайн чиглэлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх асуудлаар нэг ч  хүн үг дуугарсангүй. Сууриа бэлдэхгүйгээр бид хол явахгүй. Түүнчлэн салбарын яаманд нь нэг ч уул уурхайн инженер байхгүй байна.  Холбогдох сургуулийн багш нарынх нь чадвар сул хэвээр” байгаа талаар саналаа хэлсэн юм. Ингээд бид түүнтэй чанартай боловсон хүчин бэлтгэх асуудлаар ярилцсан юм. 
 
- Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх асуудал манай улсад ямар байдалд байна вэ? 
 
Үүнтэй холбохгүй байх аргагүй нэг асуудал байна. 1990 оноос хойш Монгол Улсын боловсролын систем бүтэн дампуурчээ. Өнөөдөр манайд есдүгээр анги төгссөн  хүүхдүүд ирээд гуравдугаар ангийн тоо ч бодож чадахгүй байна. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ч суурь муутай хүнд юу ч заагаад нэмэргүй байгаа юм. Түүнчлэн тус салбарыг хөгжүүлэх хамгийн гол хөшүүрэг бол чадварлаг боловсон хүчин. Тиймээс салбарын яамнаас бодлогын хэмжээнд анхаарч ажиллах хэрэгтэй. Гэтэл “Эрдэс баялгийн салбар 2025-II” салбарын хөгжлийн тодорхойлох томоохон хэлэлцүүлгээр энэ тухай нэг ч санаа оноо дэвшүүлсэнгүй. Дэлхийн жишигт хүрсэн уурхайн үйл ажиллагаа руу шилжиж байгаа энэ цагт боловсон хүчний асуудал тулгамдаж байна. 
 
- Салбарын мэргэжилтэн бэлтгэхэд тулгамдаж байгаа асуудал юу вэ? 
 
Аливаа зүйлийг хэлээд өгөхөд Монгол хүн амархан сурдаг. Манай улсын сургалтын агуулга жилээс жилд өөрчлөгдсөөр байгаад чанаргүй болж байна. Сурагч өөрөө сурчихдаг гэсэн хандлага руу чиглүүлснээр олон зүйл орхигдож байна. Дээд боловсрол авах гэж ирж байгаа хүүхдүүдийн суурь боловсрол үнэхээр хангалтгүй.  Бага ангийн тоо бодож чадахгүй, зөв бичихэд суралцаагүй тийм л хүмүүс дипломын инженер болох гээд ирдэг. Энэ талаар ШУТИС-ийн профессор багшаас асуухад “Мөнгөө төлсөн бол ирээд суудаг юм. Хугацаа нь дуусахаар буцдаг юм” гэх жишээтэй. Иймээс бид ерөнхий эрдмийн суурь боловсролын бодлогодоо анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Үүнийг  тогоон дотор нь ажиллаж байгаа хүний хувьд нүдээрээ харж чихээрээ сонсож байна. 
 
- Уул уурхайн компаниуд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц болж байна. Цаашид бид боловсон хүчнээ яаж хөгжүүлэх вэ? 
 
Дээр хэлсэн Монголчуудад заагаад өгөх юм бол бүхнийг сурах чадвартай. Гэхдээ бидний сургалтын агуулга Монгол хүмүүсийг залхааж, уйдаасан хэт “сийрэг” бодлогоор явж байна. Австралийн политехникийн коллежийн хувьд материаллаг бааз сайтай. Суралцагчид нь ямар нэг компанийн нэр дээр суралцдаг. Тэгсэнээр тэтгэлэг авах, хөдөлмөр хамгаалал, цалин тэтгэмж баталгаатай байдаг. Сургалтынхаа 30 хувьд онол үзчихээд 70 хувьд нь дадлага хийдэг тогтолцоотой. Төгссөний дараа ажлын байр бэлэн байдаг. Харин манай улсад ажлын байр тодорхойгүй. Тийм учраас илүү олон талын мэдээллийг олгох шаардлагатай болдог. Манай боловсролын систем гаднын төлөвлөгөөг бүтнээр нь хуулбарлахаар хөрсөнд  бууж өгөхгүй байна уу даа гэж боддог. Түүнээс монгол хүмүүс хаана ч гологдохгүй. Тухайлбал, “Ivanhoe Mines” компанид ажиллаж байсан залуус Канад, Австралид өрөмдлөг хийгээд сард 35 мянган ам.долларын цалин аваад явж байна. Цаашлаад Монгол Улсад чадварлаг боловсон хүчин байхгүй бол Оюутолгой гэх мэт энэ том ордууд гаднын хүний гарт л байх болно гэсэн үг. 
 
- Суурь боловсрол хамгийн чухал нөлөө үзүүлэх нь ээ? 
 
Чадамжид суурилсан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд боловсролын яамнаас санаачилсан. Боловсрол олгож буй энэ асуудалд үнэхээр санаа зовж байна. Ерөнхий эрдмийн боловсрол хамгийн чухал. 20 гаруй жил уурхай дээр ажиллалаа. 10 жил тус салбарын багш хийж байна. Олон төрийн нүүр үзнэ гэдэг шиг социализмын үед ямар байсан. Одоо яаж өөрчлөгдөж байгааг харж байна. Бид өнгөрсөн бүхнээ үгүйсгэдэгээ болих хэрэгтэй. Давуу байгаа зүйлсээс авах юмаа авахгүй автоматаар бүгдийг хуулдаг байдал өндөр эрсдэл дагуулж байна. Үндсэн суурин дээр нь шинэчлэлийг бүрдүүлж өгөлгүйгээр бол уламжлалт арга ухааныг үгүйсгэж болохгүй. Ямар ч салбарын хөгжил боловсон хүчнээс шалтгаална. Ойлголтгүй хүний хувьд бол уул уурхайн боловсон хүчнийг том машин жолооддог, газар ухдаг мэтээр төсөөлдөг шиг байгаа юм. Бидний ойлголтоор бичил уурхай гэж нэрлэдэг. Тийм ойлголт ерөөс байхгүй. “Нинжа” гэж нэрлэгдээд байгаа энэ хүмүүс уул уурхайн нэр хүндийг унагаж байна. Өвлийн цагаан оготно шиг газар ухаад сэндийлнэ. Нөхөн сэргээлт хийхгүй байгаа нь энэ салбарын хөгжлийг хойшлуулж буй. Уул уурхайн шинжлэх ухаан өөрөө суурь шинжлэх ухаан гэж ойлгож болно. Зүгээр нэг шороо ухдаг бол хэн ч хийнэ. Гэхдээ орчин нөхцөл цаг үе өөр болсон. Техник технологийн хөгжлийг дагаад асар их чадварыг биднээс шаардаж байна. 
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал