Суурин газрын иргэдийн сүүний хэрэглээ хөдөөгийнхөөс хоёр дахин бага

Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ өнгөрсөн оны байдлаар 452.6 сая литр байна. Үүний 17.5 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хангадаг аж. 
 
Хүнсний технологийн дээд сургуулийн доктор Ч.Нарангэрэлийн хэлж буйгаар өнгөрсөн онд орон нутагт сүү цагаан идээ боловсруулахад 68.8 сая литр сүү, цөцгийн тосны үйлдвэрлэлд 31.2 сая литр сүү хэрэглэсэн байна. Түүнчлэн 260 орчим сая литр сүү ямар нэгэн бүртгэл тооцоогүй зах зээлд нийлүүлэгддэг гэсэн судалгаа гаргажээ.  
 
Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэг хүнд хоногт 175 гр сүү, 248 гр сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байж өдөрт авах илчлэгийн хэрэгцээгээ бүрэн авч чадна гэжээ. Энэ оны байдлаар улсын нийт хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ шингэн сүүгээр 459.8 сая литр байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 107.2 сая литрээр өссөн дүн юм. 
 
Нийслэлийн нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 2012 онд 90 кг байсан байна. Энэ нь салбарын сайдын зөвлөмж хэрэгцээний дөнгөж 57.3 хувьтай тэнцэж байгаа юм.  Харин хөдөө орон нутагт нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ дэлхийн сүүний үйлдвэрлэл хөгжсөн орнуудын түвшинд ойртсоныг мэргэжилтнүүд хэлж байна. 
 
Хот, суурин газрын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хөдөөгийнхөөс хоёр дахин бага, хангамж жигд бус байгааг салбарын онцолж байна. Сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлийн зөвхөн 24 хувийг дотоодын бүтээгдэхүүнээр хангана гэдэг нь мал аж ахуйд суурилсан эдийн засагтай манай орны хувьд хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс цаашид сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болоод малчид, фермерийн аж ахуй эрхлэгчдийн зах зээлийн эргэлт, нийлүүлэлтийг дэмжиж, нийт иргэддээ экологийн цэвэр, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага гарч байгааг ХХААЯ-ны удирдлагууд анхаарч ажиллана гэлээ. 
 
Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулж буй “Сүүтэй Монгол” үндэсний аян өчигдөр нээлтээ хийв. Монголын Хүнсчдийн Холбоо, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санаачилгаар ХХААЯ, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран хүн амын сүү, сүүний бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд тус аяны зорилго чиглэж байгаа юм. “Сүүтэй Монгол” аян улс орон даяар дөрвөн сарын турш үргэлжилнэ.
 
 
 
 
Г.Орхон