60 гаруй мянган хүн хоршооллын салбарт ажиллаж байна

Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 3200 гаруй хоршоо бүртгэгджээ. Эдгээр хоршоод  21 аймагт 200 мянган гишүүнтэй, 60 гаруй мянган хүнийг байнгын ажлын байраар хангаж байна. Аймаг бүр хоршоог дэмжих төв бий. Тус төв нь мэргэжлийн холбоодтой хамтран ХАА, үйлдвэрлэл, үйлчилгээ болон хадгаламж зээл, худалдааны салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хоршоодыг дэмждэг байна.
 
Салбарынхан өнгөрсөн оны шилдэг хоршоодыг шалгаруулж, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү тэдэнд хүндэтгэл үзүүллээ. “2014 оны шилдэг хоршоо”-оор Архангай аймгийн “Өгийн мандал”, Өмнөговь аймгийн “Хийморь далай”, Ховд аймгийн “Тунгалаг уст шураг”, Дундговь аймгийн “Амьдралын туг” болон Дорнод аймгийн “Ноён даамал” хоршоод шалгарав. Эдгээр хоршоо нь хоршооллын хөдөлгөөний үндсэн зарчмыг бүрэн хангаж, хороошооны тотвортой хөгжлийг бүрдүүлж чадсан гэдгийг салбарынхан онцолж байна. 
 
Үүний нэг жишээ бол шилдэг хоршоогоор шалгараад буй Дундговь аймгийн “Амьдралын туг” хоршоо юм. Тус хоршоо нь 6000-7000 толгой малтай, хадлан бэлтгэдэг хоршоолол. Говийн гурван аймгийг хадлангаар хангадаг аж. Улсын нөөцийн санд гэрээний дагуу өвс нийлүүлж, малын тэжээл үйлдвэрлэдэг байна. Мөн шатахуун түгээх станц, ресторан, зочид буудал зэрэг нийтийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. 
 
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хоршооллын хөдөлгөөн улам идэвхжиж буй. Хоршоо нь үндэстэн дамнасан корпорациудтай харьцуулахад бага хэмжээний хөрөнгө эзэмшдэг ч тэднээс олон хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа аж. 
Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү “Дэлхий дахинд хоршоологчид 100 гаруй сая ажлын байрыг бий болгож, зургаан хүн тутмын нэг нь хоршооллын гишүүн, хоёр хүн тутмын нэг нь хоршооллын үр шимийг ямар нэгэн байдлаар хүртэж байна” гэлээ. 
 
Харин манай улсад сүүлийн 20 гаруй жилд хоршоолол хөгжиж буй. Хоршоог хөгжүүлэх нь манай улс шиг хүн ам цөөнтэй, өргөн уудам газар нутагтай хөгжиж буй оронд богино хугацаанд эдийн засгийн  үр ашигтай ажиллаж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хамгийн оновчтой хувилбар гэдгийг салбарын онцоллоо. Нөгөөтэйгүүр хоршоо нь бизнес эрхлэх хамгийн таатай, сонгодог хэлбэр аж.  
 
 
Г.Орхон