Хуулийн этгээдийн бүртгэлийг хөнгөвчилнө

Хуулийн этгээдийн бүртгэлийн шинэчилсэн журамд өөрчлөлт оруулах талаар төр, хувийн хэвшлийн хамтарсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Монгол дахь Америкийн худалдааны танхим, АНУ-ын бизнесийг дэмжих санаачлага төсөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон төр хувийн хэвшлийн төлөөлөгчид хэлэлцүүлгээр саналаа нэгтгэж Засгийн газарт өргөн барих аж.  
 
Хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилж цахим болгох. Энэ нь компани үүсгэн байгуулагч цахимаар мэдээллээ явуулах гэнэ. Түүнийг нь тав хоногийн дотор шалгаад хариу өгснөөр дараагийн шатанд шилжих аж. Хуулийн этгээдийн бүртгэл цахимаар хийлгэх улмаар гэрчилгээг ч цахим хэлбэрээр олгох асуудлыг энэ үеэр хөндсөн. Шаардлагатай тохиолдолд уг гэрчилгээний хуулбарыг ТҮЦ машинаас авах боломжийг бүрдүүлэх талаар яригдсан. 
 
Түүнчлэн шинээр бизнес эхлүүлэх үйл явцыг хөнгөвчилж, манай улсад үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлэхэд эхлэх хөрөнгө доод тал нь 100 мянган ам.доллар байдгийг хэвээр үлдээх аж. Ингэснээр цалин урамшуулал, үйл ажиллагааны зардал, болон бизнес эрхлэхэд гарах бусад зардлуудаар дамжин эдийн засагт үр ашгаа өгөх боломжтой гэж үзжээ. 
 
Хуульд өөрчлөлт оруулахын тулд бизнес эрхлэгчдийн санаа бодлыг тусгах нь чухал. Учир нь хуулийн хэрэгжилт бодит байдал дээр тэдний үйл ажиллагаатай нягт холбоотой. Энэ утгаараа тус хэлэлцүүлэгийн үр дүн Загсийн газрын бодлогод “үнэтэй” байх болно гэж зохион байгуулагчид үзэж байна.  
 
“Хоган Ловеллс” олон улсын хуулийн фирмийн захирал Кристофер Мелвилл “Монгол Улс гаднын хөрөнгө оруулалт татах хамгийн энгийн арга зам нь үйл ажиллагаа, эрх зүйн хувьд хялбар байх хэрэгтэй. Энгийн жишээ авахад гаднын комданиуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэх тохиолдолд бүх бичиг баримтаа нотариатаар баталгаажуулахаас эхлээд чирэгдэл их байдаг. Энэ удаагын хуулийн өөрчлөлт олон үйлдлийг нэгтгэсэн, үйл ажиллагааг хөнгөвчилсөн шинэчлэлийг хийнэ гэж найдаж байна” гэлээ. 
 
Түүнчлэн хуулийн этгээдийн бүртгэлийн үйл явцыг хөнгөвчлөх найман арга замыг хуулийн заалтад тусгасан байна. Тухайлбал, үйл ажиллагааг хөнгөвчилж цахимжуулах, тодруулга авахын тулд банкинд тэмдэгтийн хураамж төлөх, нотариатаар баталгаажуулах зэрэг үйлдлүүдийг хасах аж.
 
 
 
 
 
А.Буянзаяа