“ITB Berlin 2015"-д оролцох бэлтгэл бүрэн хангагджээ

“ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх сарын 4-8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнд манай улс анх удаа албан ёсны түнш орноор оролцоно. Монгол-Язгуурын нүүдэлчин буюу /Mongolia, Nomadic by Nature/ уриан дор тус арга хэмжээнд оролцох бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг өнөөдөр мэдээллээ. 
 
Түнш орноор оролцсоноор Монгол Улс эдийн засгаа ”солонгоруулах” чиглэлд томоохон алхам болно гэсэн хүлээлт байгааг салбарын сайд хэллээ. “ITB" үзэсгэлэнд 190 орны 10.000 гаруй аялал, жуулчлалын байгууллага оролцох төлөвтэй байгаа аж. Тус үзэсгэлэнд Монголын 16 тур оператор компани, 50 гаруй аялал жуулчлалын байгууллагын 300 гаруй төлөөлөл мөн оролцоно. Манай улсын 6-7 аяллын компани 2000 оноос хойш оролцож ирсэн байдаг. Тэдний хувьд ихэвчлэн шинэ түншүүдтэй болох, хамтарч ажиллах гэрээ хийх зорилгыг өвөртөлж очдог билээ. 
 
Өнөөдөр зөвхөн байгалийн баялгаас шалтгаалж буй эдийн засгаа төрөлжүүлэхэд аялал жуулчлалын салбар чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Засгийн газар үзэж буй. Үзэсгэлэнд улсын төсвөөс 7.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн хувийн хэвшил, олон нийтийн хандив болох 2.5 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа юм байна. 
 
Үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлалын хөгжлийн талаар хурал, дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлсон семинар, адал явдалт аялал жуулчлал, бизнес аяллын хэлэлцүүлэг болох бөгөөд Монголын аялал жуулчлалын салбарынхан улсаа төлөөлөн оролцох аж. Түүнчлэн манай улсад аялж байсан нэр нөлөө бүхий хүмүүс сэтгэгдэлээ энэ үеэр хуваалцах юм байна.  
 
Бусад улсын жишгээс харахад "ITB"-д оролцсон Энэтхэг, Индонез зэрэг дэд бүтэц сул хөгжсөн орнуудад сүүлийн 10 жилд 5-15 хувийн салбарын өсөлт гарсан судалгаа байдаг аж. Харин Турк улс шиг аялал жуулчлалын суурь сайтай, ДНБ-ийн 12.3 хувийг бүрдүүлдэг уг салбар бүрдүүлдэг, дэд бүтэц өндөр хөгжсөн орнуудын хувьд “ITB”–д оролцсоноос хойш аялал жуулчлалаа тууштай дэмжиж эрчийг нь алдахгүй авч явснаар ойролцоогоор 48 хувиар өсөлт нь хүртсэн байна. Бусад түншээр оролцож байсан орныг харахад 1-3 жилийн хугацаанд 10-30 хувиар салбарынх нь өсөлт хэмжигддэг байжээ. 
 
Засгийн газрын зүгээс 2016 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилгыг өвөртөлж байна. Мөн ирэх гурван жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарыг 30 хувиар өсгөхөөр төлөвлөөд буй. Энэ бол зөвхөн “ITB”-гээс хүлээгдэх үр дүн биш гэдгийг салбарынхан хэлж байна. Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дотоодын, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, уламжлалт зах зээлүүд болох Япон, Хойд Америкийн зах зээлд анхаарал хандуулан ажиллах талаар салбарын мэргэжилтнүүд зөвлөж буй.
 
"Аялал жуулчлал-Ирээдүй" ТББ-ын захирал Б.Индраа “Түнштэй болно гэдэг бол том амжилт. Өдийг хүртэл дотоодын компаниуд болон тэдний гаднын түншүүд л Монголын сурталчилгааг хийж ирсэн. Энэхүү үйл ажиллагааны үр дүнг үнэхээр бодитоор хүртье гэвэл "ITB"-тэй зэрэг шахам зочид буудлуудыг сайжруулах, нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг олон цогц менежментийн асуудлыг шийдэж чадвал  үр дүнд хүрнэ” гэсэн юм. 
 
Үзэсгэлэнгийн үеэр манай улс зургаан хэлээр 100 мянган ширхэг нэгдсэн каталоги бүхий сурталчилгаагаа тараах юм байна. Түүнчлэн  энэ удаад "ITB" 2015-ийн нээлтийн арга хэмжээг Монгол Улс  гардан хариуцна. Мөн олон улсын аялал жуулчлалын салбарын томоохон шийдвэр гаргагч 3600 хүнд зориулсан бэлгийн багц гаргасан юм байна. Үүнд Монголыг дүрсэлсэн фото цомог, ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн нэрийн хуудасны сав зэрэг багтаж байгаа аж. Мөн үзэсгэлэнгийн үеэр гурван удаагийн хэвлэлийн хурлыг 600 орчим салбарын мэргэжлийн сэтгүүлчийн дунд хийдэг аж. Үүний нэг нь одоогоор амжилттай зохион байгуулагдсан байна. 
 
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “ITB” олон улсын үзэсгэлэнд түнш орноор оролцсоноор тухайн орныг зорих  жуулчдын урсгал 15-30 хувь нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн жилүүдийн тоо баримтаас харвал манай улсад 2013 онд 417 мянга, 2014 онд 392 мянган жуулчин ирсэн” гэлээ. Жил ирэх тусам буурах хандлагатай байгаа жуулчдын тоо “ITB”-д оролцсоны дараа жилээс өндөр хувиар өснө гэсэн хүлээлт байна. 
 
“ITB” үзэсгэлэн нь 1966 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд дэлхийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, хамтран ажиллах хамгийн том талбар болж өгдөг гэдгийг түнш орноор оролцож байсан улсуудын жуулчдын урсгал сайжирснаас харж болох юм. 
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал