44 хоногийн шатахууны нөөцтэй байна

Уул уурхайн яамаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо. Тус хурлаар онцолсон мэдээллийг уншигч танд хүргэе. 
 
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзэхэд өнгөрсөн сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 4.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 3.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 83.1 сая төгрөг, бусад орлого 934 сая төгрөг байна. Харин Газрын тосны газраас улсын төсөвт нийт 14.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнээс газрын тосны орлого 14.7 тэрбум төгрөг, бусад орлого 60.5 сая төгрөг байна. Ингэснээр уул уурхайн сайдын багцын хэмжээнд улсын төсөвт нийт 19.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 
 
Энэ сарын 22-ны байдлаар манай улс 1.17 сая баррель газрын тос олборлож 1.09 баррелийг экспортолжээ. Өнгөрсөн мягмар гарагийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 44 хоногийн шатахууны нөөцтэй байна. 
 
Шатахууны нөөц: /хоногоор/
 
 
 
 
 
 
 
  
 
Энэ сарын 18-нд буюу битүүний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Тус хуулийн тавдугаар зүйлд Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг хуульчилсан байдаг. Сая батлагдсан хуулийн агуулга нь тухайн стратегийн ордод төр эзэмшиж буй хэмжээгээрээ ногдол ашгаа дүйцүүлэн тусгай нөөц ашигласны төлбөрөөр авах сонголтыг нэмж байгаагаагаа онцлог аж.
 
Өөрөөр хэлбэл борлуулалтын орлогоос авч байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр нэмж тусгай төлбөр авах тухай асуудал юм. Тухайн төслийн хөрөнгө оруулалт, зардал өсөх болон төслийн үйл ажиллагаа сунжрах, ашигт малтмалын үнэ унаснаас болж хамтарсан компани алдагдал хүлээх зэрэг эрсдэлд төр өртөлгүй ногдол ашгаа урьдчилж авах боломжтой болох аж. Төр аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй зөвхөн хяналтаа тавьж ашгаа хүртэх сонголтыг хуульчилж өгч байгаа юм байна. 
 
 

Г.Орхон