“Мongolia Mining” үзэсгэлэнд 15 орны 120 компани оролцоно

Уул уурхайн техник, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн томоохон үзэсгэлэн “Мongolia Mining- 2015”  ирэх сарын 1-3-нд болно. Тус үзэсгэлэнг тавдахь жилдээ зохион байгуулж буй “Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцлаа

“Mongolia Mining”  үзэсгэлэн тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн онцлог юу байх вэ? 
 
-Энэ бол уул уурхайн салбарынхан цуглаж шинэ бүтээгдэхүүн, технологио танилцуулан, бизнесийн түншээ олдог томоохон уулзалт. Үзэсгэлэнгийн хамрах хүрээ, оролцогчдын тоо жилээс жилд өсч, зохион байгуулалтын хувьд чанаржиж байна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй болж буйгаараа онцлог. Энэ удаад уламжлал ёсоор уул уурхайн салбарын хэлэлцүүлгүүд болно. Мөн Польш, ОХУ, Англи, Хятад зэрэг орны төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны уулзалт хийнэ. Катерпилларын машин механизмын шоу, операторын ур чадварын үзүүлэх тоглолт гэх мэт арга хэмжээ болно. 

Энэ удаагийн үзэсгэлэн эдийн засгийн хямралтай үед болж байгаа нь сорилт болж байгаа болов уу. Ийм нөхцөлд хурлын үр дүнг ямар байна гэж хүлээж байна вэ? 
 
- Статистикийн тайлан үзэхэд, Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 7.4 хувь байсан. Үүнээс үзэхэд их өндөр өсөлттэй байгаа мэт. Гэхдээ 2011 оны 17 хувийн  өсөлттэй харьцуулахад их хэмжээгээр саарсан нь үнэн. Төгрөгийн ханшийн уналтыг тооцож үзвэл эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн. Гэвч өнөөдрийн уналт, маргаашийн өсөлтөөр солигдох нь дамжиггүй. Эдийн засгийн хямралд ч бас сайн тал бий. Илүү менежменттэй, чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг, хамгийн сайн бизнесийн байгууллагууд тэсч үлдэнэ. Тэд зах зээл дээрх байр сууриа улам батжуулдаг. Нэг ёсны байгалийн шалгарал шүү дээ. Эдийн засгийн хямралтай үед бууж өгөх биш харин ч идэвхтэй маркетинг явуулаад хямралыг амжилттай давах хэрэгтэй. Давж чадсан нь цаашид эдийн засгийн нөхцөл сайжрах үед зах зээлийн байр сууриа улам батжуулсан байх болно. “Mongolia Mining 2015” үзэсгэлэнд оролцож буй компаниуд тэрхүү байгалийн шалгаралд тэсч үлдэх чадвартай шилдгүүд гэдгээ харуулж байгаа гэж хэлж болно. 
 
Энэ удаагийн үзэсгэлэнд хэчнээн компани оролцох вэ? 
 
-Энэ онд 15 орны 120 компани оролцоно. Үзэсгэлэн гаргаж байгаа компаниудын тэн хагас нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон гаднын хөрөнгө оруулалттай компаниуд байгаа. Мөн дэлхийд тэргүүлэгч “Rubex Group”, “Wagner Asia Equipments” зэрэг компани, Тяньжинийн олон улсын уул уурхайн хөрөнгийн бирж, БНПУ-ын Бээжин дахь Элчин сайдын яамны Худалдаа хөрөнгө оруулалтын хэлтэс гэх мэт томоохон зочид оролцоно. Монголын уул уурхайг өөрийн зах зээлээ гэж харж байгаа, тэнд ирээдүйн хөгжил бий гэдгийг мэдэж байгаа бизнес эрхлэгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирж манай уул уурхайн салбарынхантай холбоо тогтоох гэж байна. “Mongolia Mining 2015” үзэсгэлэнд дээрх компаниуд уул уурхай, зам барилгын хүнд машин механизм, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж, өрөмдлөг зэрэг энэ салбарт хэрэгтэй бүх төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулна. Эдгээрийн хэрэглээ зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй, зам, барилга, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгтэй бүтээгдэхүүн нийлүүлэгчид ч цөөнгүй оролцдог билээ. 
 
Үзэсгэлэнгийн үеэр болох хэлэлцүүлгийн тухайд дэлгэрүүлнэ үү?
 
-“Mongolia Mining” бол техник технологийн үзэсгэлэн боловч нөгөө талаас уул уурхайн салбарынхан хамгийн олноор ирдэг арга хэмжээ. Тэр утгаараа уул уурхайн салбарын төрөөс барьж буй бодлого, шинэ технологийн танилцуулга, бизнесийнхэн хоорондоо холбоо тогтоох уулзалт гэх мэт уламжлал болгон явуулж ирсэн чухал арга хэмжээнүүд ч энэ үеэр болно. Жишээлбэл, Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас тус салбарын эрх зүйн шинэчлэл, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл өгнө. Мөн Тяньжинийн Олон улсын уул уурхайн Хөрөнгийн биржийн төлөөлөл эрдэс баялгийн спот худалдаа, хайгуулын төслийн санхүүжилт болон бусад хөрөнгө босгох боломжуудын талаар илтгэл тавина. “Wagner Asia” компанийн Caterpillar  брэндийн тоног төхөөрөмжийг үзүүлэх тоглолт болохын зэрэгцээ БНПУ-ын Элчин сайдын яамны Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн танилцах уулзалт болно. Монголын талаас саяхан удирдлага нь солигдож, менежментээ шинэчлэхээр ажиллаж буй  “Эрдэнэс Монгол”  компанийн үйл ажиллагаа, цаашдын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх юм. 
 
Танай компанийн зүгээс уул уурхайн салбар өндөр өсөлттэй байсан 2011 оноос өнөөдрийг хүртэл энэ салбарынхантай хамтарч ажиллаж байна. Энэ хооронд эдийн засаг болоод улс төрийн тогтворгүй байдал нь уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлсөн гэж та харж байна вэ? 
 
-Улс төрийн байдал улс орны макро эдийн засгийн байдалд нөлөө үзүүлж, цаашлаад бизнест нөлөөлдөг. Гэхдээ манайд өнөөдөр улс төрийн тогтворгүй байдал байхгүй. Харин төрийн бодлогын тогтворгүй байдал байсан. Уул уурхай шиг олон жил үр ашгаа өгдөг салбарт татвар их бага, хяналт чанга сул байх нь гол биш, бодлого тогтвортой байх нь хамгийн чухал. Гэхдээ эдийн засгийн бэрхшээлтэй байдал бизнесийнхэн төдийгүй, төр засгийн хувьд их сургамж болсон. Төрийн бодлого тодорхойлогчдын түвшинд Хөрөнгө оруулалтын шинэ хууль батлах, салбарын хууль тогтоомжийг бизнес эрхлэгчдэд таатай болгох, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээн олгож эхэлсэн гээд олон нааштай арга хэмжээ авч байна. Энэ бүхний үр дүн гарах хүртэл багагүй  хугацаа шаардагдана. Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт саатсан, Тавантолгой төслийг олборлогчийг сонгох асуудал маргаантай, Гацууртын ордыг ашиглах асуудал эсэргүүцэлтэй тулгарсан гэх мэт асуудлууд байна. Энэ нь уул уурхайн салбарынханд хүлээлт үүсгээд буй. Ганцхан Оюу толгойн уурхай идэвхтэй бүтээн байгуулалт хийж байх үед уул уурхайн ханган нийлүүлэгчид төдийгүй бүхий л бизнесийн салбарт асар их эерэг нөлөө үзүүлж, эдийн засаг яаж “буцалж” байлаа. Тийм учраас цаашид цөөхөн томоохон төсөл хэрэгжээд эхлэхэд уул уурхайн салбарт хангалттай ажил гарч ирнэ. Монголчууд хангалттай ажлын байртай болж, улс орны эдийн засаг ч сэв хийтэл босоод ирнэ шүү дээ. 
 
“Mongolia Mining 2015” үзэсгэлэнг зохион байгуулахад гадна, дотоодын уул уурхайн томоохон компаниуд нэг дээвэр дор цуглуулна гэдэг амаргүй болов уу? 
 
-“Mongolia Mining”  үзэсгэлэнгийн гол зохион байгуулагч “Майнекс Монголиа” ХХК нь уул уурхайн хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын зуучлалын ажил эрхэлж ирсэн. Энэ үзэсгэлэнгээс гадна уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагааны өөр арга хэмжээнүүдийг ч зохион байгуулдаг. “Mongolia Mining” үзэсгэлэнг зохион байгуулахад Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч ажилладаг. Мөн “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Хэвлэл мэдээллийн олон байгууллагатай хамтарч ажилладаг. Олон улсын түвшинд хэд хэдэн нэр хүндтэй агентлагуудтай хамтарч ажилладаг. Энэ бүх хамтын ажиллагааны үр дүнд манай үзэсгэлэн олон улсын түвшинд зохион байгуулагддаг. 
 
 
 
Б.Баяр