“Сoal Mongolia-2015” чуулганы эхний бүртгэл энэ сарын 10-нд дуусна

Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” корпораци болон Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан хамтран зохион байгуулж буй “Сoalmongolia-2015” чуулган ирэх сарын 9-10-нд “SS Convention Center”-д болно. Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын тус чуулган нь тавдахь жилдээ болох гэж байна.
 
“Coal Mongolia” чуулган нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн зах зээлд монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ үеэр манай улсын төдийгүйн олон улсын Засгийн газрын төлөөлөл, хөрөнгө оруулагч, техник технологи нийлүүлэгчид болон дэлхийн нэр хүнд бүхий судалгааны байгууллагын шинжээчид илтгэл тавьдаг юм. Энэ нь нэг талаар Азийн бүс нутгийн нүүрсний салбарын чиглэлээр зохиогддог томоохон чуулга уулзалтын нэг болсныг илтгэж байгаа аж. Нөгөөтэйгүүр чуулганд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцолж байна. 
 
Одоогийн байдлаар 400 гаруй хүн чуулганд оролцохоор бүртгүүлжээ. 10 гаруй орны төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд дотоодын 40 гаруй компани үзэсгэлэн гаргахаар бэлтгэлээ хийж эхлээд байгаа аж. Чуулганы хүрээнд ирэх сарын 8-нд “Энержи ресурс” компанийн Ухаахудаг, “Эрдэнэс Таван Толгой” болон “Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцах аялал зохион байгуулах гэж байгаа аж. 
 
Чуулганы хөнгөлөлттэй бүртгэл энэ сарын 10-нд дуусах бөгөөд ерөнхий бүртгэл үргэлжилж буйг зохион байгуулах хорооныхон мэдээллээ. Та бүхэн “Сoal Mongolia-2015” чуулганд амжиж бүртгүүлэхийг хүсвэл www.coalmongolia.mn веб сайт болон зохион байгуулах хорооны 70115590 дугаарын утсаар холбогдоно уу.