Өөдрөг ирээдүйг олон улсад тунхаглалаа

Б.Энхцэцэг

Өнгөрсөн онд Монголд Германы таван компани байгуулагдсан бөгөөд тэдний хувьд аялал жуулчлал, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. 1990 оноос хойш 261 Герман компани манай улсад үүд хаалгаа нээжээ. Тус улсаас манай оронд орж ирж буй хөрөнгө оруулалт гадаадын нийт хөрөнгө оруулалтын 0.8 хувийг эзэлдэг. Германчууд 61 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 1990 оноос хойш Монголд хийсэн аж. Тэгвэл энэ тоог нэмэгдүүлж, илүү олон Герман компаниудтай хамтрах зорилгоор Берлин хотын захиргааны байранд Герман-Монголын бизнесийн форумыг зохион байгууллаа. 

Өчигдрийн арга хэмжээнд Монголын талаас 30, Германы 45 компани оролцлоо. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Берлин хотын дарга Майкл Мюллер, “Дойчэ Банк”-ны ерөнхий захирал Юрген Фишен тэргүүтэй 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Монгол, Германы харилцаа олон жилийн өмнөөс найрсаг, халуун дотно байсаар ирсэн бөгөөд бизнес хийх боломжийн хувьд хоёр талын таатай орчин бүрдсэн гэдгийг онцолж хэлсэн. Мөн хоёр орны хувьд бизнесийн ойр харилцаа үүсгэхэд тулгарч буй томоохон сорилтуудыг хол зай, дэд бүтцийн асуудал хэмээв. Манай улсын хувьд шийдвэрлэхээр зорьж байсан дамжин өнгөрөх агаарын тээврийн асуудлыг хоёр хөршийн зүгээс нэлээд нааштай хүлээн авч, эцэслэгдэж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч дуулгалаа. Хятад улсын хувьд энэ асуудлыг бүрэн шийдчихсэн гэлээ. Энэ нь цаашид Герман улстай хийх эдийн засгийн харилцаанд томоохон түлхэц болох шийдвэр юм.
 
Энэхүү бизнесийн форум “ITB-Berlin” аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнтэй давхцан зохион байгуулагдаж буй. Монгол Улс тус үзэсгэлэнд анх удаа онцгой эрхтэй буюу албан ёсны түнш орноор оролцож байгаа билээ. Энэхүү өндөр байр сууриар оролцоход Германы Засгийн газар, тэр дундаа Берлин хотын захиргаа ихээхэн дэмжсэн гэдгийг Берлин хотын дарга хэлсэн юм. Тэрбээр Германы компаниуд Монгол Улстай хамтарч ажиллах өндөр сонирхолтой байгааг онцолсон юм. 
 
Германчууд өөрсдийн дэлхийд өрсөлдөх гол чадвар нь чанар, стандартын өндөржсөн хэм хэмжээ гэдгийг нэн сайн мэддэг ард түмэн. Тиймээс ч энэхүү давуу талаа олон улсын зах зээлд нийлүүлэхийг чармайх нь мэдээж. Монгол Улс тус орноос өндөр чанар, стандартыг “өвлөж” авахаас гадна олон талын цогц мэдлэг, өндөр технологи болон хөгжлийг уламжлах бүрэн боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалтын газрын сурталчилгаа, зөвлөх үйлчилгээ хариуцсан дарга Д.Ирмүүн “Германы бизнес эрхлэгчдийн хувьд эрүүл мэнд даатгал, банкны салбарыг түлхүү сонирхож байна. Шинээр дэд бүтцийн салбарыг сонирхож байгаа нь ажиглагдлаа” хэмээсэн юм. Ерөнхийдөө герман хөрөнгө оруулагчдын гол сонирхол нь уул уурхай, банк санхүү, дэд бүтэц, нэн ялангуяа  аялал жуулчлал болон даатгалын салбар байдаг байна. Д.Ирмүүн хэлэхдээ “Германчуудын хувьд хятад түншүүдтэйгээ бизнесээ улам ухаантай болгоё гэх тактик, стратегиэр хандаж хамтардаг. Манайхтай хамтрахад ч ингэж хандаж байна” гэлээ.
 
Германы төмөр замын “Deutsche Bahn” компанийн төлөөлөл Иенц Гиефа “Монгол Улсад бизнес хийх ерөнхий орчин ямар байгаа болон хууль эрх зүйн зохицуулалтын хувьд ямар өөрчлөлт гарч байгааг сонсох сайхан боломж хэмээн энэ төрлийн форумыг хардаг. Монгол Улстай урт удаан хамтарч байгаагийн хувьд Төр ямар нэг өөрчлөлт хийх болгонд бид өөрсдийн үйл ажиллагаанд өөрчлөлтийг дагаж хийх хэрэг гардаг нь хүндрэл учруулдаг. Энэ байдал харьцангуй тогтворжвол бизнес явуулахад илүү амар болох юм” гэж форумын үеэр бидэнд хэлж байв.  
 
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 оны сүүлээр хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн баталсан. Хууль эрх зүйн талаас тогтворжиж байгаа бөгөөд үүнийг олон улсад таниулах ажлыг нэлээд хийж байна гэж Гадаадын хөрөнгө оруулалтын газраас мэдээлсэн юм. Гэвч шинэ хуулийн бусад хуультай зөрчилдөж буй асуудал бий. Ерөнхийд нь авч үзвэл сайн хууль болсон гэдгийг тус форумд оролцогчид онцолсон юм. 
 
Манай улсад хөрөнгө оруулалтын хуулийн шинэ хувилбарыг танилцуулсаны зэрэгцээ эдийн засгаа төрөлжүүлэх үйл явц сүүлийн жилүүдэд эрчимжсэн. Одоо монголчуудын хувьд хөрөнгө оруулалтын хүрээнд хууль эрх зүйн хэрэгжилтийг нэн тэргүүнд тодорхой болгож, үр дүнг нь олонд мэдрүүлэх асуудал дутаж байна. 
 
Монгол-Германы форумын үеэр Монголд санхүүжилт нь шийдэгдсэн, хэрэгжиж буй томоохон төслүүд болон ойрын хугацаанд хэрэгжих, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа зарим төслийг танилцууллаа. Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа барилга, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтын боломж өндөр байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн Аж үйлдвэрийн яамны Стратеги төлөвлөлтийн дарга Д.Баттогтох хөрөнгө оруулах боломж бүхий тодорхой төслүүд байгааг дуулгасан бөгөөд форумын үеэр коксжих болон цэвэр эрчим хүчний аж үйлдвэр барих төслийг илүү онцолж ярьсан юм. Харин олны сонирхол хамгийн их татсан илтгэл нь дагуул хот болохоор зураг төсөл нь гарч 2040 онд бүрэн ашиглалтад орох Майдар эко хотын тухай байв. Илтгэлийг төлөвлөлтийн багийн удирдагч Штефан Шмитц тавьсан юм. Нийт 300 мянган хүний багтаамж бүхий тус хотын төв хэсэгт Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ч том Майдар бурханы хөшөө сүндэрлэх бөгөөд хот тус хөшөөг тойрсон байдлаар ерөнхий зохион байгуулалтыг хийсэн аж. Майдарт хот байгуулагдсанаар Улаанбаатар хотын ачаалал багасна хэмээх хүлээлт байгаа юм. 
 
Германчуудын хувьд уул уурхайн салбарт томоохон тоглогчдын тоонд ордоггүй. Тиймээс манай улсын эдийн засгаа төрөлжүүлэх бодлогыг илүү дэмжиж байж болох. Үүнтэй уялдаад Герман-Монголын бизнесийн форумын үеэр санал болгосон ихэнх төсөл дэд бүтцийн чиглэлийнх байлаа. Энэ нь Монголын төр засаг олон бүтээн байгуулалтыг хувийн хэвшилтэй хамтарч хийх сонирхолтой байгааг харуулж байсан юм. Форумын үеэр бизнес эрхлэгчид Монголын зах зээлд Германы бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар бусад улстай харьцуулахад ямар түвшинд байх талаар сонирхож асуусан. Үүнд манай талаас Герман улс нь өндөр чанарыг амладаг учир үнийн хувьд ч өрсөлдөх чадвар өндөр байх боломжтой гэж тайлбарласан юм. 
 
Монгол-Германы форумын монгол зочид германы бизнес эрхлэгчдэд одоогоор хэрэгжиж буй мөн хэрэгжих гэж буй томоохон төсөл хөтөлбөр, ажлуудыг танилцуулсан бөгөөд мөн хууль эрх зүйн хувьд харьцангуй тогтворжиж буйг дуулгасан билээ. Одоогоор Монголд эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч цаашид энэ давааг даван гарах бүрэн боломж, нөөц бий гэдгийг манай улсын төлөөлөгчид хэллээ. Хэдий Монгол өнгөрсөн хугацаанд цөөнгүй томоохон алдаа гаргаж, хөрөнгө оруулалтын орчинг бүрхэгдүүлсэн ч дутагдлаа багасгаж, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэх тал дээр өндөр хүчин чармайлт гаргаж байгаа нь Монголд хөгжих сонирхол, илтгэл үзүүлэх боломж цаашид харагдаж байгааг илтгэж байна гэж германчууд үзлээ. Дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэх бодлого барьж буй нь хөрөнгө оруулагчдад мөн нэлээд таатай санагдсан гэдгийг тэдний зүгээс хэлж байв. Өөрөөр хэлбэл, манай улсын зүгээс зөвхөн германчууд гэлтгүй олон улсын хөрөнгө оруулагчдад өндөр ашиг бүхий Монголын ирээдүйг амласан юм.