“Берлин хот эдгээр өдрүүдэд нүүдэлчдийн нийслэл болж хувираад байна"

Берлинд хүйтэн салхи үлээж, бороо асгарсан хүйтэн өдрүүд ээлжилж буй ч олон улсын аялал жуулчлалын салбарынханы хувьд их ажил ундарч, уур амьсгал өндөр хэмд хүрч “халуу шатаж” байна. Жилдээ нэг удаа Берлин хотын бүх зочид буудал дүүрч, хөл хөдөлгөөнд хүндхэн даруулдаг. Энэ бол И Тэ Бэгийн үеэр буюу гуравдугаар сарын эхний өдрүүд. 

“International Tourism Boerse-2015” (Герман дуудлага нь И Тэ Бэ) олон улсын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн энэ жил Монголоор овоглож буй.  Тус үзэсгэлэнгийн үүдээр Монголын лого бүхий таксинууд нааш цааш хүн зөөж, манай улсын онцлогыг гаргасан өнгө будаг нь алагласан сүрлэг том зургууд И Тэ Бэгийн гол хануудыг эдгээр өдрүүдэд чимжээ. Зөвхөн И Тэ Бэ дээр гэлтгүй сурталчилгааны зурагт хуудсууд метроны буудал, олон хүн зорчдог Берлиний зарим газруудад нааж байрлуулсан байх нь анзаарагдана. Мөн И Тэ Бэгийн төв хаалганы гадаа 15 ханатай Монгол гэр барьсан бөгөөд германчуудын хувьд ялангуяа гадаа их салхитай үед хүмүүсийг оруулахыг хориглох заавар өгсөн гэдгийг манай талын зохион байгуулагчид хэлж байлаа. Барилгын стандартын дагуу Берлиний аюулгүйн албаныхан болохгүй гэж Монгол гэрийг үзэж буй нь 2000 жил үеийн үед дотор нь амьдарч ирсэн монголчуудын хувьд таагүй мэдээ байв. Энэ жил Монгол улсын сурталчилгааны талбай өнгөрсөн хугацаанд оролцдог байсантайгаа харьцуулбал хоёр дахин томорч 160.000 ам дөрвөлжин болсон байгаа. Чингэхдээ дөрвөн гэрийг дөрвөн өөр газар барьжээ. 
 
 
 
 Тус үзэсгэлэнгийн хүндэт зочин болох НҮБ-ийн ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай Монгол орныг манай гариг дээрх онгон байгалийн гайхамшгаа хадгалан үлдсэн цөөн орны нэг  хэмээн тодорхойлсон. Мөн тэрбээр хэлэхдээ дэлхийн шинэ дүр төрхийг илэрхийлж ирсэн анхны аялагч судлаачид болон хамгийн анхны жуулчдын тэр цаг үед биднийг эргүүлэн авчирч бидний төсөөллийг цаг хугацаагаар аялуулж чаддаг тийм орон хэмээн хэлсэн юм. 
 
Түүний хувьд Монголд зочилж байсан хүн. Тэрбээр “Хөх тэнгэрийн орон” Монголын аялал жуулчлалын салбар тэнгэр мэт хязгааргүй тэлэн хөгжих нөөц боломж нэн өндөр бий гэдгийг И Тэ Бэгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн юм. 
 
Манай улсын хувьд тус үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг өөрийн өнгө төрхөөр зохиомжилж, гардан хариуцаж хийх ёстой байсан. Гараа сайн бол бариа сайн гэдгийн адил жил, жилийн түнш орнуудын ерөнхий өнгө нээлтийн ажиллагааг хэрхэн зохион байгуулахаас ихээхэн хамаардаг. Тэгвэл Герман талаас нээлтийн ажиллагаан дээр хамтарч ажилласан төслийн менежер Холгер Вилке “И Тэ Бэгийн зохион байгуулах багт орж 20 гаруй жил ажиллаа. Энэ хугацаанд олон орон түнш орноор оролцож байсан бөгөөд тэдний нээлтийн үйл ажиллагаан дээр хамтран ажиллаж, харж байсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Монголынх шиг ийм өвөрмөц, гайхамшигтай нээлтийн ажиллагааг харж байсангүй. Үнэхээр өвөрмөц боллоо. Миний хувьд хамгийн шилдэг нь гэж хэлье” гэсэн юм. Харин Берлин хотын дарга Майкл Мюллер “Манай орны нэг үг байдаг: Хэзээд найрсаг байх нь ямар ч төлбөргүй юм. Яг л ингэж бид  монгол иргэдийг үнэлдэг. Тэдэнд найрсаг, зочломтгой зан хэмжээлшгүй заяасан байдаг билээ” гэсэн юм.
 

"Хэрвээ таниас яагаад Монгол руу аялах гэж байгаа юм бэ гэж асуувал Монголын Ерөнхийлөгч урьсан юм гэж хэлээрэй. Би Монгол Улсын Ерөнхийлөгч та бүхнийг эх оронд минь зочлон ирэхийг урьж байна"

 
 
Нээлтийн ажиллагаанд аялал жуулчлалын салбарын нэр нөлөө бүхий 3600 хүн уригдан оролцсон.  Мессе Берлиний нээлтийн танхимын суудал бүр эзэнтэй болж, олны анхаарал Монгол хэмээх орны мэдэлд очсон үдэш боллоо. Манай улсын хариуцсан нээлтийн арга хэмжээнд ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, И Тэ Бэ үзэсгэлэнгийн захирал, МУ ын Ерөнхийлөгч, Берлин хотын дарга, мөн ХБНГУ-ын Гадаад харилцааны сайд зэрэг оролцож, үг хэлсэн билээ. Мөн ардын болон орчин үеийн урлаг хосолсон Монголын соёлын танилцуулга тоглолт болсон бөгөөд танхим доторх хүмүүс суудлаасаа байсхийн босч алга ташиж, таалагдаж буйгаа илэрхийлж байлаа. Монголчуудын хувьд нээлтийн арга хэмжээний үеэр 3600 хүнд зориулсан Монгол хоол бүхий хүлээн авалт хийсэн. Манайхны хувьд ийм тооны хүнд зориулсан хүлээн авалтыг хийхэд нэлээд хүч хөдөлмөр зарцуулсан нь ойлгомжтой байв. Гэвч хөлс их урсахын хэрээр үр өгөөж нь гардаг үзэсгэлэн бол И Тэ Бэ. Энэ үеэр идээ будаа элбэг дэлбэг үйлчилгээ өндөр хэмжээнд байж чадсан юм.  Энэ үдэш Монголыг сонсгож, амтлуулж, мөн үзүүлж чадсан. Дашрамд дурьдахад Манай улс И Тэ Бэгийн “City Cube” хэмээх 2014 онд шинээр ашиглалтад оруулсан аварга цогцолборт анх удаа нээлтийн арга хэмжээгээ хийсэн орон болсон билээ.
 
 И Тэ Бэ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн захирал Кристиан Гөке “Берлин хот нь өнөөдөр нүүдэлчдийн нийслэл болоод байна. Учир нь Монгол улсын аялал жуулчлалын салбарын 300 шахам зочид төлөөлөгч болон дэлхийн 20 гаруй орны цахим ертөнцийн нүүдэлчид хүрэлцэн ирсэн байна. Аяллын блог хөтлөгчид өөрсдийгөө мөн нүүдэлчид гэж дам утгаар тодорхойлж, нэрлэдэг” гэсэн юм. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч нээлтийн арга хэмжээн дээр “Монголчууд эргэн ирлээ. Гэхдээ энэ удаад дайлаар мордох гэж биш найз нөхөд болох гэж ирсэн юм шүү “ хэмээн хошигноод авсан. Мөн тэрбээр олон улсын аялал жуулчлалын зах зээлийнхэн болон олон нийтэд хандан “Хэрвээ таниас яагаад Монгол руу аялах гэж байгаа юм бэ гэж асуувал Монголын Ерөнхийлөгч урьсан юм гэж хэлээрэй. Би Монгол Улсын Ерөнхийлөгч та бүхнийг эх оронд минь зочлон ирэхийг урьж байна” хэмээсэн юм. 
Берлин хотын Мэссэ үзэсгэлэнгийн цогцолборт эдгээр өдрүүдэд дэлхий нэг дор цуглаж байна. Дэлхийн өнцөг булан бүрийн сайхан газруудтай үзэх, танилцах боломж олдож буй. 
 
И Тэ Бэд 180 гаруй орны 10.096 аялал жуулчлалын мэргэжлийнхэн оролцож байна. Тус үзэсгэлэнгийн арга хэмжээний гол өдрүүд нь гуравдугаар сарын 4-8. Эхний өдрийн хувьд тухайн жилдээ түнш орноор оролцож буй улс нь нээлтийн ажиллагааг зохион байгуулдаг. Харин дараагийн өдрүүдэд мэргэжлийн зах зээлийнхэн хоорондоо уулзалддаг бол сүүлийн хоёр өдөр И Тэ Бэгийнхэн олон нийтэд үүдээ нээж,  үзэсгэлэнгээ сонирхуулдаг билээ.
 
 
Фотог Б.Баяр