Тавантолгойн төсөл завсарласан уу

Тавантолгойн мега төслийн явц болон үүсээд буй нөхцөл байдлын талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар мэдээлэл өглөө. 
 
Одоогийн байдлаар Тавантолгойн төсөл дээр хийж буй хөрөнгө оруулалт, концесийн болон хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүд үндсэндээ дуусах шатандаа орсон гэв. Хэлэлцээний ихэнх хэсгийг талууд тохиролцсон гэдгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар онцоллоо. Гэхдээ зарчимын хоёр, гурван асуудал дээр талууд дээд байгууллагуудтай ярилцах, зөвшилцөх шаардлага үүссэн аж.
 
“Эрдэнэс Тавантолгой” дээр олон гэрээний асуудал яригдаж байгаа. Тэр дундаа, Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай байгуулсан гэрээ монголчуудын санааг зовниож буй. Ажлын хэсгийн ахлагчийн хэлж буйгаар “Чалко” компаниас Зүүн Цанхийн нүүрсийг барьцаалж зээлсэн 350 сая ам.долларын өрнөөс 150 сая нь төлөгдөөгүй байна. Энэ өрийг Засгийн газраас тавьсан шаардлагын дагуу стратегийн хөрөнгө оруулагчид төлөх учиртай. Гэвч энэ асуудал хэлэлцээ хийх үед багагүй бэршээл дагуулжээ. Техникийн багууд үүн дээр аль аль талдаа сууж ажиллаж байгаа аж. 
 
Тавантолгойн төслийн ажил завсарласан эсэхийг С.Жавхланбаатараас тодруулахад “Завсарлагаа гэж ойлгож болохгүй. Хэлэлцэээ бол үргэлжилж байгаа. Аль аль талдаа нягталж, судалгаа хийх шаардлагатай асуудлууд байгаа учраас бид ширээний ард суугаад тохиролцох шаардлагатай байна. Энэ хүрэээнд аваад үзвэл хэлэлцээ хэвийн үргэлжилж байгаа гэж ойлгож болно. Яг өнөөдөр бодитоор нэг өрөөнд ороод ширээний ард сууж байгаа зүйл алга. Энэ нь дээрх чухал асуудлууд дээр аль аль талдаа ажиллах шаардлага гарсан гэдэгтэй холбоотой” гэж тайлбарлалаа. 
 
Одоогийн байдлаар “Чалко”-тай холбогдох асуудлаар тохиролцоонд хүрээгүй байгаа аж. Манай улсын 2011 онд тус компанитай байгуулсан гэрээнд өрөө төлж дуусах хүртэл Зүүн Цанхийн нүүрсийг тус компанид зуун хувь нийлүүлэх, төлж дууссаны дараа таван жил тус ордоос олборлосон нүүрснийхээ 80 хувийг Чалкод өгөхөөр тусгажээ. Энэ гэрээг зөрчвөл Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдахаар байгаа гэлээ. Гэвч аль болох ийм байдалд хүргэхгүйн тулд талууд энэ талаар нэлээд нухацтай ярилцаж байгааг ажлын хэсгийнхэн учирлав. 
 
Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Мөн 1072 хувьцаа сэргэх болно. Нөгөөтэйгүүр Чалкогийн өрийг барагдуулах асуудал яригдаж, Монгол энэ төслөөр дамжин олон улсын зах зээлд гарч ирэх боломж нээгдэнэ гэдгийг “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл дурьдлаа. 
 
Одоогийн нөхцөл байдлыг дүгнэн Хөрөнгө оруулалтын газрын дарга хэлэхдээ “Нэгдүгээрт бид гэрээ сайн хийж сурах хэрэгтэй. Дараа нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэхгүй бол арбитр дээр ялагдах нь тодорхой. Энэ бол олон улсын зарчим” гэсэн юм. 
 
 
 

Г.Орхон