Засгийн газрын нөөц сангаас 3.3 тэрбум төгрөг зарцуулжээ

Засгийн газрын нөөц сангийн хоёрдугаар сарын төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төлөвлөгөөний харьцуулалт гарчээ. Батлагдсан төсвөөр энэ хугацаанд сангийн зардлыг 3.6 тэрбум төгрөгт барих төлөвлөгөөтэй байв. Тайлант хугацааны эцэст гүйцэтгэл гурван тэрбум 388 сая төгрөг болж төсвийн төлөвлөгөөнөөс 212 сая төгрөг хэмнэжээ.
 
Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогын эх үүсвэрээс Засгийн газрын тусгай сан бүрддэг. Засгийн газрын нөөц сан болон Эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ нь тухайн жилд төлөвлөгдөж байгаа ДНБ-ий нэг хүртэл хувьтай тэнцүү байхаар хуульчилж өгсөн. Төсвийн Ерөнхийлөн захирагч өмнөх онд гарсан зардлын гүйцэтгэл, байгаль, цаг уурын болзошгүй өөрчлөлтийн талаарх судалгаа, урьдчилсан таамаглал, экспорт, импортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дахь үнийн хэлбэлзэл, цаашдын төлөв, төсвийн орлогын боломж, чадавхыг харгалзан тухайн жилд улсын төсвөөс нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөдөг.
 
 
Ц.Элбэгсайхан