Нөөцийн махны зардлыг төр олгоно

Мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийт 14.5 тонн мах нөөцөлжээ. Гэвч эдгээр компаниудын үйл ажиллагааны зардалд төрөөс өнгөрсөн онд өгөх байсан 14 тэрбум төгрөгийн үлдэгдэл болох 4.5 тэрбумыг одоог хүртэл өгөөгүй байгаа аж. Мах үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Жадамба “Одоогийн байдлаар компаниуд зардлаа бүрэн нөхөж чадахгүй сууж байна. Нөөцийн махны хадгалалт, хөргөлт зэрэгт зардал их гарч байгаа. Компаниуд энэ долоо хоногоос илүү тэсч чадахгүй байдалтай байгаа” гэлээ. Тэд төрөөс үлдэгдэл мөнгөө авч байж нөөцөлсөн махаа савлан үндсэн зорилтынхоо хүрээнд худалдаалахаас өөр аргагүй. Учир нь, зах зээлийн үнээр худалдаанд гаргахаар үнэ хөөрөгдөнө гэж үзэж байна. 
 
Эл асуудлыг шийдвэрлэх үүднээс салбарын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд тэргүүтэй ажлын хэсгийнхэн Сангийн яамны удирдлагуудтай уулзсан байна. Төр энэ мөнгийг хэзээ компаниудад олгох талаар Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогтоос тодруулахад “Гэрээний дагуу олгох ёстой үлдэгдэл мөнгийг ямар хувилбараар шийдэхээ судалж байна. Өгөхийн хувьд өгч л таарна. Одоо ХХААЯ-ны компаниудтай хийсэн гэрээг нягталж үзэж байна” гэх тайлбар өглөө. 
 
2014-2015 онд компаниуд 40 хувийг, төрөөс 60 хувийн хөнгөлөлттэй зээлээр нөөцийн мах бэлтгэн улсад хүлээлгэн өгөөд буй. Гэрээний дагуу салбарын яам өнгөрсөн оны наймдугаар сарын 15-нд үйл ажиллагааны зардлын мөнгийг компаниудад олгож дуусах ёстой байжээ. Тодруулбал, мах бэлтгэн хадгалах, жижиглэж худалдаалахад гарах зардлыг нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцож компаниудын мах бэлтгэхэд гарсан өртгийг төрөөс олгохоор болсон байна.  
 
Нөөцийн махны менежерээр нийслэлд дөрвөн компани, Дархан, Эрдэнэт хотод тус бүр нэг компани ажиллаж байна. Эдгээрээс тухайлбал, “Баатрууд тэнгэр” ХХК 3.2 тн,  “Мах импекс” ХК 3.1 тн,  “Мах маркет”ХХК гурван тонн нөөцийн мах бэлтгэжээ. 
 
 
 
 
Г.Орхон