“Монголбанк ба эдийн засгийн хямрал”

Ийм сэдэвтэй хэлэлцүүлэг Тусгаар тогтнолын ордонд боллоо. Тус хэлэлцүүлгийг МАН-ын Шинэчлэлийн хорооноос зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт эдийн засагч Х.Батсуурь, А.Нарангэрэл, Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар нар оролцож, илтгэл тавьсан юм. Эдийн засагч Х.Батсуурь, А.Нарангэрэл нар Хямрал “Монголбанкны алдаатай бодлогоос үүдэлтэй юу”, “Монгол Улсын гадаад өрийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэв. 
 
Тэдний илтгэл Монголбанк алдаатай бодлого явуулснаас эдийн засаг хямарсан гэдгийг батлахад чиглэгдсэн байлаа. Тухайлбал Эдийн засаг тэлж байхад үүнийг дагасан мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэн, бодлогын хүүгээ багасгаснаар төгрөгийн ханш унасан. Монголбанк эдийн засгийн үзүүлэлтүүдээ тооцох аргачлал буруу байгаагаас бодитой дүгнэлт хийж чадахгүй байна. Тухайлбал инфляцийг тооцохдоо онц нөлөө үзүүлэхгүй бараа бүтээгдэхүүнийг их оруулдаг, хүчтэй нөлөө үзүүлэх бараа бүтээгдэхүүнийг тооцдоггүй. Ингэснээр инфляци бага болж харагддаг. Бодит байдал дээр 35 хувь хүрсэн байх магадлалтай гэлээ.
 
Монгол Улсын гадаад өр 3.4 тэрбум ам.доллар хүрсэн,  үүнээс 1.3 тэрбум нь Монголбанкны өр. Гэтэл Монголбанкны валютын нөөц 1.6 тэрбум ам.доллар байгаа нь нөөц шавхагдаж байгааг харуулж байна гэсэн юм. Түүнчлэн Монгол Улсын гадаад өр ДНБ-ийн 40 хувьтай тэнцэж байвал зохистойг олон улсын байгууллагууд тогтоосон бөгөөд манай гадаад өр дээрх хэмжээнээс аль хэдийн хэтэрсэн байгаа юм. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт өр ДНБ-ний 58.3 хувьтай байгаа. 
 
Харин Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатарын илтгэл төв банкны хэрэгжүүлсэн бодлогыг эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлахад чиглэж байв. Түүний илтгэлд дурдсанаар нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурсан нь эдийн засгийн хүндрэлийн үндсэн шалтгаан болж байгаа бөгөөд энэ нь орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт буцаж гарах урсгалтай болон урд хөршийн дотооддоо анхаарсан бодлоготой давхцсанаараа ихээхэн хүндрэл учруулах болжээ.
 
Нүүрс гэлтгүй дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэлэнхүйдээ буурч байгаа юм. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний хувьд “супер цикл”-ийн үе тохиож байгаатай холбоотой гэлээ. Супер цикл гэдэг нь тодорхой зах зээл дээрх үнэ аажмаар өсч байгаад боломжит хамгийн өндөр түвшиндээ хүрээд маш хурдацтай унах үзэгдэл юм. 
 
Үүний дээр Монгол Улсын хөрөнгө оруулалтад томоохон хувь эзэлдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалт нь өөрөө савалгаа ихтэйн дээр сүүлийн үед дотоод зах зээлээ дэмжиж, импортыг бууруулах бодлого явуулж байгаа нь асуудалд нэрмээс болж байна. Гуравдугаарт, зөвхөн Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалт том зах зээл рүү чиглэж байгаа аж. Өмнө нь дэлхийн томоохон зах зээлүүд ханасан байдалтай байсан учраас жижиг зах зээлүүд рүү хөрөнгө оруулалт чиглэж байжээ. Харин дэлхий даяар эдийн засаг хүндэрч байгаагаас хөрөнгө оруулалт эргээд АНУ болон бусад том зах зээл рүү татагдаж байгаа үе аж. Үүн дээр Монгол Улсын гол салбар уул уурхайн хөрөнгө оруулалтыг УИХ-аас шийддэг нь хөрөнгө оруулагчдыг татгалзахад хүргэж байна гэв. Хэдийгээр хөрөнгө оруулалтын хууль шинэчлэгдсэн ч хууль хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаагүй байгаа учраас хөрөнгө оруулалт сэргэхгүй байгаа гэсэн юм. Харин энэ жилээс гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтворжих хандлагатай болох юм байна. Учир нь орж ирсэн хөрөнгө оруулалт буцаж гараад дуусч байгаа аж.
 
Эдгээр нөхцөл шалтгааны улмаас Монголбанк дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг нэмж, бодлогын хүүгээ бууруулсан байна. Учир нь хөрөнгө оруулалт, экспортоор орж ирсэн доллар зах зээл дээр төгрөг хэлбэрээр эргэлтэд орж байгаад буцаад доллар хэлбэрт шилжин гадагш гарч байгаа учир үүнийг даган төгрөгийн хомсдол бий болжээ.
 
Түүнчлэн мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх шалтгаан нь төсвийн тэлэлт байсан гэлээ. Төсөв үргэлж томорч, халамж нэмэгдэж ирсэн учраас түүний зах зээл дээр ирэх ачааллыг зөөллөхийн тулд энэ замыг сонгосон байна. Тухайлбал Улсын төсвийн халамжийн зарцуулалт Азийн дунджаас 13 дахин их байдаг аж.
 
Мөн тэрээр илтгэлийнхээ үеэр өмнөх илтгэгч нар баталгаагүй эх сурвалжаас алдаатай тоо баримт авч ашигласан байдлыг залруулаад, зөв зүйтэй шүүмжлэлийг хүлээн авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм гэдгийг хэлсэн юм. Бүх илтгэл дууссаны дараагаар хэлэлцүүлэгт ирсэн зочид илтгэгчдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
 
 
 
Ц.Элбэгсайхан