“Оюу толгой” 108 тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ

“Оюу толгой” компанийн шилдэг ханган нийлүүлэгчид шалгарлаа. Өнгөрсөн онд тус компани зөвхөн Өмнөговь аймгаас 77 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Энэ нь өнгөрсөн оноос 60.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн аж. 
 
Өнгөрсөн онд тус аймагт бүртгэлтэй 100 гаруй ханган нийлүүлэгч ААН “Оюу толгой”-д бараа, үйлчилгээ нийлүүлсэн байна.  Тус компанийнхан ирэх онд худалдан авалтаа 108 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавьжээ. 
 
Шилдэг ханган нийлүүлэгчээр аймгийн “Говь гурван сайхан” ХХК, Ханбогд сумын “Ханбогд Хурд” ХХК тус тус шалгарлаа. Мөн нийлүүлэгч компаниудаас аюулгүй ажиллагааг эрхэмлэгч,  бизнесээ өргөжүүлэн сайжруулагч болон нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч зэрэг төрөлд шилдгүүдийг тодруулсан юм.  
 
“Эрдэнийн говь” ёслолын үеэр компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Бид нэг зорилгын төлөө явж буй хамтран зүтгэгчид гэдгээ бүрэн ухамсарлан ажилладаг. Манайд ханган нийлүүлэлт хийж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дэлхийн жишигт хүрч, уул уурхайн салбарын үйл ажиллагаа, боловсон хүчин нь олон улсад өрсөлдөхүйц болж байгаа. Үндэсний компани олноор төрөн гарч чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг зөвхөн “Оюу толгой”-д төдийгүй дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буйг харахад нэн таатай байна” хэмээн онцоллоо. 
 
“Оюу толгой” компани өнгөрсөн онд үндэсний ханган нийлүүлэгч 800 гаруй ААН-тэй хамтран ажиллаж, 457 сая ам.долларын дотоодын худалдан авалт хийсэн байна. Энэ нь компанийн үйл ажиллагааны нийт зардлын 77 хувь гэлээ. 
 
 
 

Г.Орхон