Уул уурхайн салбарын сониноос

Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар ярьсан онцлох мэдээллээс уншигч танд тоймлон хүргэж байна. 
 
Манай улс энэ онд 1.3 сая тонн зэсийн баяжмал экспортолно
 
Тус салбарын гол нэр төрлийн ашигт малтмалын олборлолт болон экспортын хэмжээг авч үзвэл манай улс өнгөрсөн сарын байдлаар 1.7 сая тонн нүүрс, 205.8 мянган тонн зэсийн баяжмал, 2.5 тонн алт болон 1218.5 мянган баррель газрын тос олборлон экспортолжээ. Манай улс энэ онд 1.3 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар үүний 16.5 хувийг гүйцэтгээд байгаа аж. Цаашид 10 тонн алт, 7.7 сая баррель газрын тос экспортлохоор төлөвлөжээ. 
 
Өнгөрсөн сарын байдлаар ашигт малтмалын газар нийт 6.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 5.4 тэрбум, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 103.4 сая төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Салбарын сайдын багцын орлогоор нийт 23.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 
 
Шатахууны 47 хоногийн нөөцтэй байна 
 
Энэ сарын 20-ны байдлаар 228.8 тонн газрын тос олборлож 218.4 орчим тонныг экспортолсон байна. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээгээр тооцбол 47 хоног буюу 139.8 тонн газрын тосны нөөцтэй байна.
 
Үүнээс: 
 
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ бэлтгэл ажлын шатанд байна
 
Ерөнхий сайдын захирамжаар тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох  хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор Уул уурхайн яамнаас дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж. “Одоогоор тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийх бэлтгэл ажлын хүрээнд хууль эрх зүй, эдийн засаг, хөрөнгө оруулалт, технологийн шат дамжлагууд зэрэг ажилд ажлын хэсгийнхэн дүн шинжилгээ хийж байна” хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээллээ.
 
 
 
 
Г.Орхон