М.Навчаа: Дэд бүтэц, хууль эрх зүйн асуудалд улс анхаар. Үлдсэнийг нь бид хийнэ

Аялал жуулчлалын “International Tourism Boerse-2015” Монгол улс энэ жил албан ёсны түнш орноор оролцсон. Өнгөрсөн 10 гаруй жил манай улсаас аялал жуулчлалын 7-8 компани бие даан оролцож ирсэн байдаг. Тэдний нэг болох  “Цолмон Травел” компанийн ерөнхий захирал М. Навчаатай бид үзэсгэлэнд хэрхэн оролцсон болоод салбарын хэмжээнд сорилт, шийдэл нь юу байгаа талаар ярилцсан юм. Тэрбээр энэ үзэсгэлэнд 25 дахь жилдээ буюу салбараасаа хамгийн олон удаа оролцсон нэгэн юм. Харин “Цолмон трэвел” компанийнхаа хувиар 22 жил оролцож байгаа аж. 

М.Навчаа нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд сэтгүүлч мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж байгаад 1992 оноос Германы  аялал жуулчлалын Лерниде Райзэн компанийн Монгол дахь салбарт төлөөлөгчөөр томилогдож байсан байна. Улмаар аялал жуулчлалын Цолмон Трэвел компанийг үүсгэн байгуулалцаж,  өдгөө Ерөнхий захирлаар нь ажиллаж байна.
 
-Танай компани гаднын хэчнээн түнштэй хамтарч ажилладаг вэ? 
 
-Манай байгууллага байнгын идэвхтэй харилцаж ажилладаг 30 гаруй гаднын түнштэй үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж бүгд олон жуулчин Монгол руу явуулаад байдаггүй. Дангаараа жилдээ 1000 жуулчин өгдөг нэг нь байхад ердөө 10 жуулчин ирүүлэх нь ч бий. 
 
-Энэ үзэсгэлэн ямар үр өгөөж өгч байсан болоод 20 гаруй жил тасралтгүй оролцсон юм бэ? 
 
-Дэлхийд аялал жуулчлалын олон үзэсгэлэн болдог. Түүнээс хамгийн том, мэргэжлийн гэдгээрээ И Тэ Бэ чухал ач холбогдолтой. Бид бүх түнштэйгээ И Тэ Бэ дээр ирж уулзаж туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа ярьдаг. И Тэ Бэ дээр 20 гаруй жил уулзаж буй гаднын түнш ч бидэнд байна. Гаднын аяллын компаниуд эхний хэдэн жилдээ тандаж байгаад жил бүр И Тэ Бэ-д оролцоод байхаар тогтвортой компани гэж үзэж, хамтарч ажиллахыг санал болгодог. Олон улсын аялал жуулчлалын байгууллагууд жилд нэг л удаа нүүр, нүүрээрээ тулан өнгөрсөн жилийн алдаа оноогоо ярилцдаг. Тухайн жилийн сонин сайхан, ямар аялал эрэлттэй байгаа болох, юуг яаж сайжруулах гэхчлэн яриаг гаднын хамтрагчидтайгаа уулзан ярилцах шиг том амжилт бол байхгүй. Энэ л тус үзэсгэлэнгийн гол ач холбогдол юм. Мөн аялал жуулчлалын салбар дахь шинэ чиг хандлага, аялагчид аль орон руу түлхүү явж байна, яагаад гэх зэргийг энэ үзэсгэлэнгээс олж авдаг. 

-Энэ жил манай улс түнш орон гэсэн давуу байр сууриар оролцлоо. Тэгвэл энэ жилийн хувьд танай компани хэр оролцсон гэж Та дүгнэж байна вэ?
 
-Монгол түнш орны байр сууриар оролцсон үр дүн энэ жилдээ бага мэдрэгдэж болох ч, ирэх жил илүү сайн мэдрэгдэнэ. Түүний дараагийн жилээс үр дүн нь бүр сайн гарна.  Бид энэ удаа хамгийн багадаа 5-6 жил хамтарч ажилласан 17 компанитай уулзлаа. Мөн сүүлийн 2-3 жил Монголыг сонирхож биднийг тандаж байсан 3-4 компани 2015 болон 2016 оноос аяллын хөтөлбөртөө Монголыг оруулж аялагчид явуулахаар тохирч гэрээ хийлээ. Энэ бол бидний жил бүр тогтвортой оролцож, итгэл даахаа илтгэж байсны үр дүн, том амжилт. Монголыг шинээр сонирхон, бидэнтэй уулзаж, мэдээлэл аваад явсан компани цөөнгүй байна.  Аяллын компаниуд нэлээд хэдэн жил зах зээлийн  судалгаа хийж итгэлтэй болсон цагтаа аялал явуулж эхэлдэг.  Тиймээс тэднийг ирэх жилээс бидэнтэй хамтарч аялал зохион байгуулаад эхэлнэ гэж хэлж чадахгүй. Гэхдээ Монголтой хамтарч ажиллахаар урьд жилүүдэд ярилцаж байсан таван компаниас гурван компанитай 2016 оноос эхлэн хамтарч ажиллах асуудлаа шийдвэрлэлээ. Энэ бол Манай байгууллагын тогтвортой оролцоо, мөн манай улс албан ёсны түнш орноор оролцож өргөн хүрээнд улсаа сурталчилсаны үр дүн. Мөн шинээр сонирхож монголын талаар судалж мэдээлэл авсан тав орчим компани бий. Эд бүгд шууд ирэх жилээс Монголыг маршрутандаа нэгтгэхгүй ч, магадгүй 2-3 жилийн дараа эгнээндээ нэгтгэх байх. 
 
-Танай компаниар дамжуулан жилд хэдэн жуулчин Монголд ирж байна вэ? 
 
-Манай компани жилдээ дунджаар 4000-5000 жуулчин авч үйлчилсэн байдаг. Одоогоос 20 гаруй жилийн өмнө ердөө 50 орчим жуулчин авч байсан. Түүнээс хойш жил бүр бага багаар жуулчдын тоо маань өссөөр, таван жилийн дараа гэхэд 200-300 аялагч авдаг болж өргөжсөн байсан. Аялал жуулчлал бол олон улсын байдал, гадны хүчин зүйлээс нилээд хамааралтай. Түүнчилэн манай улсын хувьд олон улс руу орох гарах гарц хязгаарлагдмал учраас ОХУ болон Хятадаар дайрч орох гарах болдог. Тухайлбал, 2003 онд Саарс /SARS/  өвчин дэлгэрснээс үүдэн Хятад руу аялах жуулчдын тоо огцом багассанаар Монголд ирэх жуулчин мөн буурсан байдаг. Энэ үед бидэнд ч бууралт мэдрэгдсэн. Гэвч чанарын хувьд унаагүй. Тухайлбал жуулчны тоо багассан ч ирсэн жуулчдын Монголд байсан хугацаа нь өсөлттэй гарсан байдаг. Харин сүүлийн жилүүдэд, тухайлбал 2010-2014 онд үйлчилсэн жуулчдын өсөлт хоёр, гурван хувьтай гарч байгаа нь манай хувьд өнгөрсөн жилүүдээс буурсан үзүүлэлт. Үүнд дэлхийн болон Монголын эдийн засгийн хямрал бууралт нөлөөлж байна.
 
-Танай компанийн хувьд хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын жуулчид аль улсынх нь дийлэнх байна вэ? 
 
-Үүсгэн байгуулагдсан цагаасаа тодорхой зорилготой явж ирсэн. Ерөнхийдөө баруун Европын жуулчид зонхилдог. “Цолмон Трэвел” гэхээр германчууд гэж ойлгогдох хүртэл хэмжээнд баруун Европыг хамарсан байдаг. Тэр дундаа Герман, Швейцарь, Австри улс буюу герман хэл зонхилдог орнуудын жуулчид манай компанийн нийт жуулчдын 50 орчим хувийг эзэлж байна. Бусдыг нь Европын бусад орнууд болон Америк, Австралийн жуулчид эзэлдэг. Өөрөөр хэлбэл, Азиас жуулчин авдаггүй ганц компани. 
 
-Дийлэнхдээ Герман хэлтэй орнуудаас жуулчин хүлээж авдагын хувьд Герман жуулчдын аялах хүсэл сонирхлыг тодорхойлбол? 
 
-Азиудын адил олноороо ирээд нэг газар очоод хурдан явахыг хүсдэггүй. Ихэвчлэн хоёр гурван жилийн өмнөөс төлөвлөн байж, тухтай сайхан амарч, хүссэн газарруугаа гэр бүл найз нөхдөөрөө амарч аялахыг илүүд үздэг. Тухайлбал Говиос Хөвсгөл, Өлгийгөөс Говьд очих зэрэг олон бүсийг нэг дор үзэж тойрон аялал хийх сонирхол өндөртэй байдаг нь ажиглагддаг юм. Ер нь бүгдийг л үзчихээд явья гэсэн хүсэлтэй хүмүүс байдагдаа Байгалийн сайхан, түүх дурсгалт газрууд болон малчин амьдралтай танилцах 7-20 хоногийн тойрон аялал нэлээд эрэлттэй байдаг. Мөн германчууд олноороо биш гэр бүлээрээ эсвэл сонирхол нийлсэн цөөн хэсгээр аялахыг чухалчилдаг болжээ. 
 
-Ирэх жилүүдээс Германаас ирэх жуулчдын тоо өсөх хандлага бий гэсэн тоон мэдээллийг И Тэ Бэ Мониторингийн албанаас өглөө. Тэгвэл энэ өсөлтийг угтан бид ямар бэлтгэл ажлуудыг хийх шаардлага байна вэ?
 
-Бид компанийнхаа хэрэгцээнд энэ тал дээр 2-3 жилийн цаадахыг харсан судалгааг  мөн хийсэн. Аялал жуулчлал өөрөө дамжин өнгөрч буй орнууд болон  улс төрийн байдлаас их хамаардаг. Тухайлбал, ОХУ Украйны үл ойлголцлоос үүдэн Транс-Сибирийн галт тэргээр ирэх жуулчдын тоо харьцангуй уналттай байна. Энэ жилийн хувьд ч мөн өсөх хандлага алга. Харин дамжин өнгөрч биш шууд Монголыг зорьж ирэх чиг хандлагын хувьд өсөх дүр зураг харагдаж байна. Үүнд энэхүү арга хэмжээнд монголчуудын оролцсон байдал, олон улсад хийсэн сурталчилгаа гэх зэрэг цөөнгүй хүчин зүйлс нөлөөлж байна. Мөн энэ жилийн хувьд нэг сонирхолтой зүйл ажиглагдаж байгаа нь Герман жуулчдын хувьд Иран улс их “мода” болж байна. Хувцсанд “мода” гэж байдаг шиг аялал жуулчлалд ч иймэрхүү чиг хандлагын давамгайлал бий. Иранруу явах хандлага их байгааг Германы аялал жуулчлалынхан өөрсдөө онцолж байна. Үүнтэй адил энэ жил хэвлэл мэдээлэл тэргүүтэй олон сувгаар өөрсдийгөө сурталчилсаны дүнд аялал жуулчлалын салбар дахь “мода” нь Монголоор үргэлжлэх байх гэж харж байна. Ерөнхийдөө манай улсруу зорих чиг хандлага нэлээн “наашилж” байна. Тэгэхээр ирэх жилээс жуулчдын сонирхол нэлээд нэмэгдэх боловуу гэсэн хүлээлт байна. 
 
-Бид И Тэ Бэ үзэсгэлэнд нэлээн өргөн хүрээнд оролцлоо. Үүний дараа энэ салбарт тодорхой үр дүн гаргахын тулд одоо бид юу хийх хэрэгтэй вэ? Хувийн хэвшлийнхнийг Төрийн зүгээс ямар байдлаар дэмжих хэрэгтэй талаар саналаа хэлээч? 
 
-Аялал жуулчлал гэдэг валют оруулж ирж байгаа салбар. Бид гаднаас нь харвал бэлэн байгаа ёс заншил, байгалаа үзүүлээд мөнгө олоод байгаа юм шиг. Гэхдээ энэ бол үйлчилгээний салбар. Хэн хэрхэн хамгийн сайн үйлчилж чадаж байна, тэр илүү үнэлэгдэнэ. Тиймээс өөрсдийгөө үнэд хүргэхийн тулд маш сайн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Энэ зүйл Монголчуудад дутмаг байгаа. Гэхдээ төр, хувийн хэвшил компаниуд хоорондоо нэгдээд хийвэл чадахгүй юм бидэнд байхгүй. Хэдий тийм ч бид хэчнээн хичээгээд ч болохгүй асуудал байна. Зам, тээвэр гэхчлэн жижиг хувийн хэвшлийн компаниуд хийгээд дийлэхээргүй дэд бүтцийн асуудлууд. Тухайлбал, 200 км замыг Европт 2-3 цагт туулж байхад манайд дэд бүтцийн хүндрэлээс шалтгаалан 6-7 цаг явж буй хоцрогдлын асуудал байна. Мөн дотоодын нислэгийг аваад үзвэл бараг байхгүйтэй адил хязгаарлагдмал. Одоо бол бараг ганцхан “Аеромонголиа” компани л нислэг үйлдэж байна. Нислэгүүд нь аяллын гол цэгүүдийг холбодоггүй. Тухайлбал, Мөрөнгөөс Баян-Өлгий нисэх асуудлыг шийдээд өгөөч гэж гуймаар байна. Тэгвэл бид жуулчдаа бага ядрааж, аялуулах болно. Мөн гадаадын шууд нислэгүүдийг олшруулах асуудал байна. Зун нь ачаалал ихтэй ч өвөл нь зорчигч цөөрч алдагдалтай ажилладаг асуудлыг ойлгож байна. Гэхдээ шийдэх арга зам хэрэгтэй байна.
 
Музей үзэх гэхээр тайлбар нь хаа байгаа нь мэдэгдэхгүй, суугаад амрах суудал байхгүй гэх мэт дутагдалтай асуудлууд байна. Гэхдээ нөгөө талаас зочид буудлын хувьд олон улсын нэртэй сүлжээ буудлууд нээгдэж байна. Үйлчилгээ чанарын хувьд гологдохооргүй болж. Харин орон нутагт гурван гэр барьчихаад жуулчны бааз гэж нэрлээд сууж буй нь асуудалтай байна. Гэр бааз гэж ямар байх ёстой вэ гэдэг журмыг шинэчлэх хэрэгтэйг энэ үзэгдэл харуулж байгаа. Хувийн хэвшил үүсээд 20 гаруй жил, аялал жуулчлал үүсээд 60  жил боллоо. Салбарын хөгжлийг сайжруулахын тулд дэд бүтэц,  хотын аяллыг сайжруулж, нэгдэж юм хийе гэж хотын дарга хэлж байсан. Үүнийг бол би дэмжиж байна. Цэгцгүй байгаа асуудлуудыг цэгцэлж, нэгдсэн дүрэм журамд оруулан, салбарын оролцогчид нийлж том хөдлөхгүй бол жижиг, жижгээрээ хийх гэж оролдоод ямар ч бүтээмж бий болохгүй нь. Дэд бүтэц, хууль эрх зүйн  асуудалд улс анхаар. Үүнээс цааш хэрхэн үйлчлэх асуудлыг хувийн хэвшил бид анхааралдаа авья.
 
 
 
 
Б.Энхцэцэг