Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй

Их уурхайн заяа түшиж хөгжсөн Эрдэнэт хотод наран ургаж байна. Анхны бороон дуслуудыг сануулам чийг үнэртсэн цэнгэг өглөө үлээвэр хөгжмийн эгшигтэй уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр"-ийнхэн биднийг тосон угтлаа. Улаанбаатар хотоос 30 орчим хэвлэл мэдээллийхэнийг Монголын сэтгүүлчдийн эвлэл нэгтгэн Орхон аймаг руу илгээсэн нь энэ.  Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт ажилчдын хөлс хөдөлмөрийн үр дүн болох өнгөрсөн оны тайлантай бид танилцахаар ирсэн. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 200 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь төлөвлөсөн бүтээмжээ 18 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт аж. Тэд хоёр дахь жилдээ үйл ажиллагааныхаа тайланг олон нийтэд нээлттэй танилцуулж буй нь энэ юм.
 
Ойрын жилүүдэд дэлхийн зах зээлд зэсийн үнэ өмнөх онтой харьцуулахад 467 ам.доллараар доогуур байсан ч үйлдвэрлэлийн нийт орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 113.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн амжилттай ажилласнаа тэд тайландаа онцолж байна. Тус үйлдвэр 2013 онд улсын төсөвт 464.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол өнгөрсөн жил 462 тэрбум төгрөг төлж 12 дахь жилдээ шилдэг татвар төлөгчөөр шалгараад байгаа аж. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд л гэхэд тус үйлдвэр нийгмийн чанартай үйл ажиллагаанд 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. 
 
Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг манай улс 49 хувийг ОХУ-ын “Ростехнелоги” компани эзэмшдэг. Ийм ч учраас аливаа шийдвэрийг хоёр улсын хамтын хэлэлцээрийн дүнд гаргадаг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт өнөөдөр 6000 гаруй ажилтан байдгаас таван хувь нь ОХУ-ын инженер техникийн ажилтан бусад нь монгол хүн байгаа юм. Тэд өнгөрсөн 35 жилийн хугацаанд 706 сая тонн хүдэр боловсруулж, дөрвөн сая тонн зэсийн баяжмал, 56 мянган тонн молибдень үйлдвэрлэсэн байна. Эдийн засгийн ямар ч нөхцөлд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж улсын төсвийн 40 орчим хувийг бүрдүүлж ирсэн үйлдвэрлэгч бол Эрдэнэт юм.
 
Томилолтоор ирсэн сэтгүүлчид уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй танилцан бүх цех тасаг, өргөтгөлөөр салбарын захирлуудын тайлбартайгаар танилцах аялал хийсэн. Ажиллах нөхцөл хүнд хэцүү ч томоохон бүтээн байгуулалт дунд ажлаа хийж буй инженер, техникийн ажилтнуудтай бид мөн уулзаж ярилцсан юм. Тэд “Үйлдвэр миний төлөө юу хийж чадах вэ гэхийн оронд бид үйлдвэрийнхээ төлөө юу хийж болох вэ” гэх уриаг үйлдвэрийн ханан дээрээ тод мөн томоор бичсэн байв. Ийм итгэлээр Эрдэнэт эх орны үйлдвэрлэлийн “эцэг” нь болон түүчээлж байна. 
 
Төмөр бүхнийг дийлдэг гэх атал энэ үйлдвэрт төмөр хайлан урсаж буйг харлаа. Түүнийгээ хэвэнд цутгаж шаардлагатай 20 гаруй тоног төхөөрөмжөө Эрдэнэт үйлдвэрийнхэн өөрсдөө хийж, нийлүүлж байна. Тус заводын хөгжлийн зорилт нь орчин үеийн техник, технологийн дэвшлийг үр дүнтэй нэвтрүүлэн ашиглаж зах зээл, хэрэглэгчдийн хэрэгцээ, стандартад нийцсэн импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн ажиллах юм байна.
 
“Байгалийн баялаг бол тухайн улсын ард түмний өмч. Тиймээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд нийгэмд хэр өгөөжтэй ажилласанаар нь тухайн компанийг үнэлнэ. Өдийг хүртэл 36 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр энэ итгэлийг алдалгүй явж ирсэн” гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн Монгол хэсгийн дарга Д.Цогтбаатар хэлсэн. 
 
Эрдэнэт үйлдвэр ирэх 30 жилд
 
Эрдэнэт үйлдвэртэй танилцах аяллын үеэр Ерөнхий захирал Ц.Даваацэрэн сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр цацагдсан Эрдэнэт үйлдвэрийн нас дуусч буй гэх мэдээлэл ташаа гэдгийг хэлсэн юм. Тус үйлдвэрийн хувьд өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн дайны үйлдвэрлэлийн нөөц, хэмжээ, боломж ирээдүй  бий гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд томоохон төслүүд Монголд хэрэгжиж эхлээгүй байхад Монголын эдийн засгийн ганц "Саалийн үнээ" гэгддэг байсан Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг ирэх 30-40 жилд ч өөрчлөгдөхгүй нь. 
 
Эрдэнэт үйлдвэр ирэх гурван арван жилд гал алдахгүй гэдгийг гэрчлэх тод жишээ нь 50 сая ам.долларын өртөг бүхий томоохон бүтээн байгуулалт юм. Эрдэнэт үйлдвэр 1978 онд анх 100 хүний ортой эмнэлэг ашиглалтад оруулж байсан бол энэ удаад 500 хүний хүчин чадал бүхий “Эрдэнэт Медикал оношилгоо-Эмчилгээний төв”-ийг үйл ажиллагааг эхлүүлэхээр зэхэж байна. Өнгөрсөн жилийн төлөвлөгөөнд энэхүү эмнэлэг зөвхөн цаасан дээр байсан бол энэ жил амьдрал дээр бүтээн байгуулалт болон сүндэрлээд байна. Япон улсын барилгын стандартаар барьсан тус эмнэлэгийн тоног төхөөрөмжийг мөн л Наран улсаас авчирч суурилуулжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ц.Даваацэрэн “Эмнэлэгийн бүтээн байгуулалт бол эрдэнэ болсон хүнд оруулж буй том хөрөнгө оруулалт. Одоогоор менежментийн ажилд анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 36 жил хийсэн томоохон бүтээн байгуулалтуудаас хамгийн том нь" гэсэн юм.  Үйлдвэрийн ажилтан, албан хаагч, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн төлөө байгуулсан тус эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн үйл ажиллагааг дэмжсэн дэд бүтэц гэж байна. Хэрвээ тус уурхай ирэх хэдэн жилд хаагдах байсан бол ийм их мөнгийг Эрдэнэт үйлдвэр 100 хувь халааснаасаа гаргаж, энэ хэмжээний томоохон бүтээн байгуулалтад зарцуулахгүй байсан гэх
 
Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаатай холбогдуулан өнгөрсөн оны эцэст гаргасан “Хямралыг даван туулах төлөвлөгөө”-г тэд ч мөн хэрэгжүүлж эхэлжээ. Тэдний тооцооллоор зэсийн үнэ  5800 ам.доллар хүрэхэд “Эрдэнэт” үйлдвэр 36.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах аж. Тиймээс үйл ажиллагааны хэсэг бүрт үе шаттай арга хэмжээнүүд авч эхэлжээ. Тодруулбал, худалдан авалтыг зогсоож, түүнийг агуулахад байгаа бараа материалын нөөцөө ашиглан орлуулах, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай зардлаас бусад шатах тослох материалын зардлыг 10, удирдлагын зардлыг 20, томилолтыг 30, нийгмийн сангийн зардлыг 50 хувиар тус тус бууруулжээ. Энэ мэт бүх чиглэлд зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлснээр эдийн засгийн хямралыг эрсдэл багатай даван туулна гэж үзжээ.
 
Биднийг сурвалжлагаар очсон энэ үеэр Орхон аймгийн засаг даргын тамгын газар Эрдэнэт үйлдвэр хоорондын хамтын ажиллагааг үзэглэн баталгаажуулах үйл ажиллагаа болсон. Эрдэнэт үйлдвэрийг даган хөгжиж буй Орхон аймаг тус үйлдвэртэй 2013-2017 он хүртэл хамтран ажиллах гэрээг баталгаажуулж буй нь энэ аж. Эрүүл мэнд, дэд бүтэц нийгмийн салбарт үсрэнгүй хөгжлийг авчирч буй Эрдэнэт үйлдвэрт аймгийн удирдлагууд болон иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна. Учир нь тус үйлдвэр зөвхөн өөрсдийн үйл ажиллагааг амжилттай авч яваад зогсохгүй орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж, илүү олон хүний ажлын байр, амьдралыг баталгаажуулахад анхаарч байгаа нь олны талархлыг хүлээж байгаа аж.
 
Тухайлбал, Молибдений үйлдвэр, Катодын зэсийн үйлдвэр, амны хаалтны үйлдвэр, Лед гэрлийн үйлдвэр, Резинэн бүтээгдэхүүний үйлдвэр, Нано технелогийн даавууны үйлдвэр, Төмөрлөгийн цогцолбор үйлдвэр зэрэг долоон жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнээс худалдан авч импортыг орлон аймагтаа хөрөнгө оруулж баялаг бүтээгчдийг дэмжиж байна. Ингэснээр гадагшаа урсах валютын урсгал эх орондоо үлдэх, ажилгүйдлийн хэмжээг бууруулах олон талын ач холбогдолтой.
 
Дээрх жижиг дунд үйлдвэрүүдийн тухай Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу “Дархлаа сул байна. Үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Эрдэнэт үйлдвэр авахаа больчихвол  тэдний үйл ажиллагаа зогсох болно. Багагүй баялаг бүтээж буй энэ хүмүүсийг улсаараа дэмжин ажиллах, гаднаас авдаг зүйлээ дотоодын үйлдвэрээс авах цар хүрээгээ өргөтгөх хэрэгтэй” гэсэн юм. 
 
Эрдэнэт үйлдвэр олон жил төдийлэн нээлттэй үйл ажиллагаагаа явуулж ирээгүй. Гэхдээ тэд өнгөрсөн жилээс эхлэн үйл ажиллагааны тайланг олон нийтэд танилцуулж, хэвлэл мэдээллийнхэнд илүү нээлттай хандах болсон. Энэ нь төрийн өмчит олон компаниудын хувьд дагах ёстой сайн жишиг. Учир нь төрийн өмч бол ард түмний өмч юм.