Сэм Уолш: Бид Монголоос ямар нэг онцгой эрх хүсч, тусгай шаардлага тулгаагүй

Сэм Уолш “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлаар 2013 оны нэгдүгээр сараас эхлэн ажиллаж байна. Австралийн иргэн Сэм Уолш нь Рио Тинто компанийн удирдах зөвлөлийн багт 1991 оноос ажиллаж эхэлсэн  бөгөөд тус группт олон албан тушаалыг хашиж байсан нэгэн. Тэрбээр өмнө нь “Женерал Моторс”, “Ниссан  Австрали” зэрэг байгууллагад 20 гаруй жил ажилласан туршлагатай. Сэм Уолш энэ удаад “Оюу Толгой” компани нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон баярт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсад ирээд буцлаа. Энэ үеэр бид түүнтэй ярилцсан юм.
 
-“Рио Тинто”, Монголын Засгийн газар хоорондын харилцаа ямар түвшинд байна вэ? Ялангуяа, Монгол Улс шинэ Ерөнхий сайдтай болсон энэ үед?
 
-“Рио Тинто”, Монголын Засгийн газар хоорондын харилцаа сайн байгаа. “Оюу Толгой” төсөл Монголын Засгийн газар төдийгүй тус улсын иргэд, мөн “Рио Тинто” болон түүний хувьцаа эзэмшигчдийн хувьд тун чухал төсөл. Хамтрагч талууд Монголын ард түмний сайн сайхны төлөө явж буй учраас зорилго нэгтэй ажиллаж байна гэж болно. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдэд ашиг хүртээх томоохон төсөл дээр хамтарч байна. Талууд сүүлийн 18 сарын турш хэлэлцээрийн ширээнд сууж, улмаар өнгөрсөн арваннэгдүгээр сард харилцан ойлголцлын санамж бичгийг Монголын Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд өнөөдрийг хүртэл хараахан шийдэгдээгүй байгаа асуудлуудыг хөндсөн төдийгүй шийдэл эрэлхийсэн саналуудыг ч тусгасан. Одоогоор тодорхой хэдэн асуудалд гарц хайж байна. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, “Рио Тинто”-гийн зүгээс олон улсад томоохон төсөл хэрэгжүүлэгч компаниуд ямар байр суурь илэрхийлдэг түүнтэй л адил зарчмыг баримталж байгаа. Бид ямар нэг онцгой эрх хүсч, тусгай шаардлага тулгаагүй. Асар их хөрөнгө оруулалт хийгдэх ийм хэмжээний төслийг урагшлуулахад шаардлагатай тэр л алхмуудыг хийхийг зорьж байна. Монголын Засгийн газартай хамтран шийдэх асуудлууд дээр ажиллаж байгаа. Зөвшилцөлд хүрнэ гэж итгэж байна. Монгол Улс төсөл хэрэгжүүлж, уул уурхай хөгжүүлэх асар их боломжтой орон. Ийм ч учраас “Рио Тинто” энд үйл ажиллагаагаа явуулах чин эрмэлзлэлтэй байна. Миний Монголд ирсэн нь манай компанийн дээрх эрмэлзлэл бодит гэдэгт мөн хэлэлцээр амжилттай болоосой гэж ихэд найдаж байгаагийн тод илрэл юм.    
 
-Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болох дөрвөн тэрбум ам.долларын асуудалд хөрөнгө оруулагчид хэрхэн хандаж байна вэ? Тэд сонирхсон хэвээр үү?
 
-/Сахүүжилтээс гараа татсан хэд хэдэн зээлдэгчид бий гэсэн эхний өгүүлбэр орчуулгын алдаа гарч, санаа нь буруу  тайлбарлагдсан тул засав/ Хэлэлцээрийн асуудал шуудармагц зээлдэгчид төслийг сонирхож хөрөнгө оруулах  хэвээрээ эсэхийг дахин бататгах хэрэгтэй. Төслийг сонирхож, хөрөнгө оруулалтын саналаа дахин харж үзэж буй олон зээлдэгч бий. Дэлхий бол ихээхэн эмзэг атлаа төвөгтэй газар. Бидний зүгээс дээрх нөхцөл байдлыг тавааруудын ханш , тэр дундаа зэсийн ханш буурсантай холбон үзэж байгаа. Мөн тохиогоод буй дэлхийн санхүүгийн хямрал, зөрчилт байдлыг  даван туулах арга зам хайж олон орон тэмцэж байна. Ийм нөхцөлд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн талаар зээлдэгч нартай дахин ярилцах шаардлага бий. 
 
-Төслийн хоёрдугаар үе гэгдэж буй далд уурхайн үйлдвэрлэл эхлэх хугацааг хамгийн ойрхондоо  хэзээ гэж та харж байна вэ? 
 
-Шийдвэрлэх хэд хэдэн зүйл бий. Нэн тэргүүнд, Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийг эцэслэх. Дараагаар бид өдгөө хоцрогдсон тоо баримт, мэдээллүүдээ шинэчлэх шаардлагатай болно. Ийнхүү ажиллах хүчнээ идэвхжүүлэх гээд олон ажил байгаа юм. Тэгэхээр өмнө нь хийж гүйцэтгэх ийм олон ажил байгаа учраас төслийн хоёрдугаар шат хэзээ эхлэх талаар баттай хэлэх боломжгүй. 
 
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьсан санамж бичгийг “Рио Тинто”-гийн зүгээс Монголын Засгийн газарт төлөх шаардлагатай гэгдэх 30 сая ам.долларын татвар болон далд уурхайн санхүүжилтийн дөрвөн тэрбум ам.доллар зэрэг  асуудлуудтай холбоотой тавьж буй эцсийн санал гэж ойлгож болох уу?
 
-Хамгийн сайн боловсруулсан, мөн бидний зүгээс санал болгож байгаа эцсийн хувилбар гэж болно. Бидний зүгээс дээрх санамж бичгийг тун боломжийн гэж харж байгаа. Мэдээж эцсийн шийд хүртэл боловсронгуй болгох олон зүйл бий. Ийм ч учраас хэлэлцээр үргэлжилсээр байна. Төслийн бүхий л явц хэлэлцээрт үндэслэж байгаа. “Оюу Толгой” төсөлтэй дүйх хэмжээний төсөл одоогоор Монголд байхгүй. Иймд эдийн засагт үзүүлэх ач холбогдлыг сайтар тунгаах хэрэгтэй. Бид ямар нэг тусгай  анхаарал халамж хүсээгүй гэдгийг дахин хэлье. Бидний зүгээс тогтвортой байдлыг л эрэлхийлж байгаа. Төслийг явуулахад ямар нэг онцгой зүйл гэхээс илүүтэй тогтвортой байдлыг л хүсэж байгаа.  
 
-Таны өргөн барьсан Харилцан ойлголцлын санамж бичгийг С.Баярцогт гишүүн Монгол Улсын хуультай харшилж байгаа  гэсэн. Түүний хэлснээр Монгол Улс ганц улсад зориулан татварын тусгай хууль хэрэгжүүлж таарахгүй хэмээсэн. “Оюу Толгой” төсөлд ч тэр. Энэхүү шүүмжлэлийг та хэрхэн хүлээж авч байна вэ?
 
-Бид шударга бас боломжийн санал тавьсан гэж үзэж байгаа. Төслийн 53 хувийн ашиг Засгийн газрынх байна. Энэ бол олон улсын стандартад нийцэх хувь хэмжээ. Дэлхийд хэрэгжиж буй бусад төсөлтэй харьцуулахад ч өрсөлдөх чадвар харьцангуй өндөр. Төслийг авч үзэхдээ нөөц ашиглах хугацаанд уурхайн насжилт, боломжит эрсдэлүүдийг давахаар   хэмжээний ашиг олж чадах эсэхийг баттай тооцсон байх хэрэгтэй. Уул уурхайн төсөл хэрэгжүүлэх нь Улаанбаатарын нэг захад үйлдвэр барихаас илүү эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь, уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй нөөцийн таамаг, өрөмдлөгийн нарийвчилсан програм, хүдрийг баяжуулах боломж, чадавх гээд олон зүйлд найдаж ажиллаж байгаа. Уул уурхайн төслүүд дэлхий дээр  хэрэгжиж байгаа бусад төрлийн төслөөс харьцангуй өөр. Төслийн ашгийг тооцоолохдоо дээрх хүчин зүйлсийг бодолцох нь чухал.  
 
-“Turquoise Hill” компанийн зүгээс татвартай холбоотой асуудлаар арбитрын шүүхэд хандах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Байдал тэр хүртэл хүндэрвэл “Рио Тинто” үүнд хэр бэлэн байгаа бол?
 
-Энэ бол нягтлан бодогч, аудиторуудын асуудал. Бидний хувьд энэ төрлийн үйл явц хэрхэн автоматжлагдсан байна, түүнийг л дагадаг. Дээрх асуултад хариулахын тулд надад валютын ханшийн зөрүү, тавааруудын үнэ, газрын тосны ханш гэх мэт мэдээллүүдийг өгөх хэрэгтэй. Учир нь энэ бүгд өөрсдийн гэсэн нөлөө үзүүлдэг. Тиймээс эн тэнцүү түвшинд авч үзэж байж, алдаа гарахгүй байх боломж үүснэ. “Рио Тинто” дэлхий даяар зохих ёсны татвараа  төлдөг. Саяхан бид тав дахь удаагийн татварын тайлангаа олон нийтэд мэдээллээ. Тайланд бидний олон улсад төлсөн татварын хэмжээг гаргасан байгаа. Сонирхож үзвэл зөвхөн 2014 онд  гэхэд л “Рио Тинто” 7.2 тэрбум ам.долларын татвар төлсөн байгаа юм. Бидний төлж буй татвар бүр улс, Засгийн газрын, орон нутгийн, бүс нутгийн хэмжээнд хүртэл төлөгдсөн байгааг харж болно. Бид татваруудаа тухай бүрт нь төлдөг. 30 сая ам.долларын татварын асуудлыг мөн Засгийн газартай хэлэлцэж байгаа. Шаардлагатай гэж үзвэл Олон улсын арбитрын шүүхэд бид хандана. 
 
-“Оюу Толгой” төсөл хойшилсоор байгаа нь төслөөс хүлээх үр дүнд сөргөөр нөлөөлөх болов уу?
 
-Одоогийн үйлдвэрлэл болон төсөлд төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гэж бодож байна. Өнөөгийн үүсээд буй нөхцөл байдал өдөр тутамд тохиолддог хүндрэлүүд учир ярилцаж, хэлэлцээд шийдээд л явна. Гэхдээ Монголын Засгийн газар болоод “Рио Тинто”-гийн зүгээс дээрх бүх асуудал хоёр тал хамтрагчид учир ижил тэгш байр сууриас хандана. 
 
Та зах зээл хүнд байгаатай холбоотойгоор ханган нийлүүлэгчид болон гэрээт байгууллагуудын хүчин чадлыг харгалзан Оюутолгойн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтаас хэр хэмжээний хөрөнгө хэмнэх боломжтой гэж харж байгаа вэ? 
 
-Тоо, баримтуудыг дахин нягталж шинэчлэх хэрэгтэй. Төслийн идэвхтэй үйл ажиллагаа суларсан гэдэгтэй санал нэг байна. Төмөр, зэс, хөнгөн цагаан гэх мэт уул уурхайн голлох  тавааруудын ханш буураад буй. Миний хувьд байдал сэргэнэ гэж найдаж байгаа. Ингэхийн төлөө ч зүтгэнэ.
 
-Монголын Засгийн газрын гол зорилго нь  “Оюу Толгой”-гоос ирэх шууд болоод ойрын хугацааны үр ашгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа. Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчид ашгаа хүртэж, ногдол ашиг тараах хүртэлх тэр олон жилийг хүлээх сонирхолгүй байх шиг байна. Ийм нөхцөлд ямар гарц байна? 
 
-Төсөл Засгийн газарт татвараас гадна бусад төлбөрийг төлнө. Оюутолгойн төсөл хэрэгжиж, ил уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 250 сая ам.долларыг татвар болон бусад төлбөрт зарцуулаад байна. 
 
-Гэсэн хэдий ч монголчуудын хувьд орлогын тэгш бус хувиарлалт, байгаль экологийн асуудалд сэтгэл зовинож байгаа. Монголчуудад уул уурхай хэрэгтэй гэдгийг “Рио Тинто” хэрхэн ойлгуулах вэ?
 
-Үүнийг ойлгуулах эхний хүчин зүйл бол татвар. Хоёрдугаарт, бидний бий болгож буй олон мянган ажлын байр. “Рио Тинто” бол дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани. Бид дэлхийн хэмжээний төслүүдийг дэлхийн хэмжээний туршлагад суурилан бий болгодог. Бид аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны асуудалд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг бөгөөд хамгийн шилдэг арга барилыг тухайн газартаа хэрэгжүүлэхийг зорьдог. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж буй улс орныхоо хууль эрх зүйн орчинд нийцэж үйл ажиллагаагаа явуулдаг. XXI зуунд уул уурхай чухал үүрэг гүйцэтгэж байна. Улс орныг хөгжүүлэх, хотжилт, аж үйлдвэр уул уурхайн бүтээгдэхүүнгүйгээр цааш хөгжинө гэдэг бараг л боломжгүй. Энгийнээр хэлбэл барилга барих боломжгүй болно. Бидний нийлүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүн байхгүй бол гар утас ч ашиглах боломжгүй болно. Тэгэхээр бид, уул уурхайн салбарынхан, хөгжиж буй улс орны чухал хэсэг болж таарч байна. Мэдээж бид шилдэг туршлагыг хөрсөнд буулгаж байгаа. Гэхдээ төслүүдийг урагшлуулах нь маш чухал. 
 
Зэс дэлхийн хөгжилд чухал үүрэг хүлээнэ. Дэлхий зэсгүй болоосой гэж хүсэхгүй. 
 
-Монгол бусад улстай харьцуулахад хамтран ажиллахад хэр ээлтэй орон юм бол?
 
- Өмнө нь хэлсэнчлэн Монголын татварын орчин бусад оронтой өрсөлдөхүйц. Бид татвараа төлж байгаа, төлсөөр ч байх болно. “Рио Тинто” дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Улс бүр уул уурхайн бизнес явуулах өөрийн гэсэн зарчим, шаардлагатай байдаг. Манай компани тэр бүхнийг бидний нийгэм дэх нэр хүндийн чухал хэсэг гэж хүлээн авдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа газар нутгийн болоод нийгмийн бүлгүүдийн хүлээлтэд нийцэн ажиллахыг зорьдог. Энэ тал дээр чамлахааргүй сайн үүрэг гүйцэтгэдэг гэж боддог шүү. 
 
 
 
Терренс Эдвардс