Ежи Хенке: Монголчууд өөрсдөө хийж чадах бүтээгдэхүүнээ импортлоод байна

Польш улсын эдийн засгийн яамны болон хүнс, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, их дээд сургуулийн төлөөлөл бүхий 20 орчим хүн манай улсад ирж бизнес эрхлэгчидтэй уулзаад буцлаа. Тэд манай улсын бизнес эрхэгчидтэй уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгаа аж. Энэ хүрээнд тэд хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг зургаан аж ахуйн нэгжийн төлөөллийг ирэх сарын 13-18-нд Польш улсын Варшав, Краков хотуудад болох Польшийн ханган нийлүүлэгч шинийг санаалагч 24  бизнес эрхлэгчтэй уулзуулах гэж байна. Харин уул уурхайн салбарын төлөөллүүд энэ оны тавдугаар сард Польшийг зорих юм.
 
Тус уулзалтын үеэр Польшийн талаас хүнс болон уул уурхайн салбарын өнөөгийн зах зээлийн талаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгсөн бөгөөд тус хурлын сурвалжлагыг бид цаг тухайд нь уншигч танд хүргэж байсан билээ. Харин энэ удаад уулзалтын үеэр Польш улсын “Аbplanalp Consulting” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ежи Хенкетэй цөөн хором ярилцсан юм.
 
-Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу? 
 
-Анх удаа ирж байна. Би өчигдөр ирээд Улаанбаатар хотын томоохон хүнсний дэлгүүрүүдээр явж үзлээ. Монголын ихэнх дэлгүүрийн тавиур дээр дийлэнхдээ импортын бараа, бүтээгдэхүүн байдаг юм байна. Тэдгээр барааг монголчууд хялбархан хийж чадах атал яагаад импортолж байгаа юм бол гэж бодлоо. 
 
-Хурлын үеэр манай хоёр улсын хүнсний салбар хөгжлийн нэгэн адил замыг туулж байгаа гэж онцоллоо. Өнөөдөр танай улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зөвхөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна шаардлагатай тоног төхөөрөмжөө үйлдвэрлэж байна. Манай улс энэ зэрэгт хүрэхийн тулд таны харж буйгаар бид нэн тэргүүнд юу хийх хэрэгтэй байна вэ? 
 
-Монголд чанартай, шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн боловсруулж хэрэглэгчийн урд тавих тоног төхөөрөмж дутагдалтай харагдсан. Миний бодлоор өнөөгийн монголчууд сайн боловсруулж, багласан чанартай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үзэж байна. Үүнд чанартай тоног төхөөрөмж хэрэгтэй. Монголчууд чанартай зүйл хэрэглэх боломж бий. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чанартай боловсруулалт чухал. Манай хоёр улс 25 жилийн өмнө нэг гараанаас ижилхэн өгөгдөлтэй зэрэг гарсан. Энэ хугацаанд Польшид хийгдсэн өөрчлөлтүүд Монголд адилхан бий болж байна. Манай улс Монгол орноос цаг уурын хувьд арай чийглэг, зөөлөн уур амьсгалтай. Гэвч Монгол уур амьсгалдаа зохицсон мал аж ахуйг сайн хөгжүүлж чадсан орон. Түүхий эд тэр дундаа сүү гаргаж авах боломж өндөр. Тиймээс ал аж ахуйн салбарт бид хамтарч ажиллах боломж илүү их байна. 

-Манай улсын бизнес эрхлэгчид Польшийн үйлдвэрүүдээс тоног төхөөрөмж худалдан авахад Польшийн Засгийн газар зээл олгоно гэж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 
 
-Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 50 сая еврогийн зээлийг 20 жилийн хугацаанд олгохоор болсон. Жилийн 0.25 хувийн хүүтэй зээл юм. Монголын талаас ямар ямар компаниудыг энэ зээлд хамруулахыг одоо хүртэл шийдээгүй байна. Монголын Засгийн газрын зүгээс хүнсний үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн зээл авах саналыг бидэнд тавьсан. Энэ зээл нь хөдөө аж ахуйн салбарын техник, тоног төхөөрөмжийг манай улсаас худалдан авах нөхцөлтэй. Бид мөнгө л олгоно. Би танай улсын Засгийн газартай боловсролын салбарт хөрөнгө оруулахаар талаар ярилцах бодолтой байгаа. Тэр дундаа ХАА-н чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудад хөрөнгө оруулна. Боловсон хүчнээ бэлтгэхэд хөрөнгө оруулахгүй бол тухайн салбар унадаг.

-Одоо үйл ажиллагаа явуулж буй Монголын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд юу дутагдаж байна гэж та харж байна вэ?
 
 -Борлуулах цэгийг боловсронгуй болгох хэрэгтэй. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ гоё савлаж зарах хэрэгтэй. 
 
 
 
 
Г.Орхон