"Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр боллоо

Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай тус станцын бүтээн байгуулалтыг “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компани хариуцах юм. 

Үүний дагуу хөрөнгө оруулагч компани болон Хөрөнгө оруулалтын газрын хооронд концессын гэрээ байгуулж гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр Аж үйлдвэрийн яамны байранд боллоо. Гэрээнд Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанийн гүйцэтгэх захирал Ван Шөүхэ  нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцсон юм. 

 
“Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг өнгөрсөн  2014 онд зарлаж, “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” ХК оролцогчоор шалгарсан билээ. Улмаар  Монгол Улсад бүртгэлтэй “Багануур Пауэр” ХХК-тай концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг Монгол Улсын  Засгийн газрын 2015 оны 88 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалтын газарт олгосон юм. Концессын гэрээний хугацаа 25 жил бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 8.9-9.9 сая ам.доллар болохыг хөрөнгө оруулагч тал өнөөдөр мэдээлсэн юм.   
 
Энэхүү станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад чухал нөлөө үзүүлж импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах ач холбогдолтой. Дорноговь, Дундговь, Хэнтий аймгийн цахилгааны ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр бий болох, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх юм.  
 
Д.Эрдэнэбат /Аж үйлдвэрийн сайд/ 
 
-Багануурын цахилгаан станц ашиглалтад орсноор уул уурхайн эрчим хүчний дутагдлыг нөхөх, цаашилбал зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй гэж үзэж байна. Тиймээс концессын гэрээ бол эрчим хүчний салбарт зурагдаж байгаа анхны томоохон гэрээнүүдийн нэг юм. Энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор хүнд үйлдвэрийн эрчим хүчийг хангах боломж бүрдэж байгаа. Тиймээс ч өнөөдөр энэхүү төслийг хэрэгжүүлэх концессын гэрээнд гарын үсэг зурлаа. 
 
Д.Зоригт /Эрчим хүчний сайд/ 
 
-Өнөөдөр  эрчим хүчний салбарын хөгжлийн хувьд түүхэн үйл явдал боллоо. Монгол Улсад сүүлийн 30-аад жил том хүчин чадлын станц баригдаагүй. Бид эрчим хүчний нийт  хэрэгцээний 20 орчим хувийг хоёр хөршөөсөө авч, хэрэглэсээр ирлээ. 1960, 1980 онд баригдсан манай цахилгаан станцуудын хүчин чадал бүрэн, дүүрэн ашиглагдаж байна. Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсөхийн хэрээр айл өрх, аж ахуй нэгж, үйлдвэрүүдийн эрчим хүч, дулааны хэрэгцээ жил ирэх бүр тогтмол нэмэгдэж байна.
 
Энэ хэрэгцээг найдвартай, тогтвортой хангахад Багануурын цахилгаан станц чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Цахилгаан станц Багануурын уурхайд баригдана. Уурхай дээр станц баригдах учраас нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэж, улмаар эрчим хүчний тариф харьцангуй хямд байх юм. Төвийн эрчим хүчний системд найдвартай, тогтвортой нийлүүлэх, цаашид Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарын хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэгэн чухал зорилт хэрэгжих үндэс тавигдлаа. Концессын гэрээг дагалдаж эрчим хүч, ус, нүүрс зэрэг бусад дагалдах гэрээг байгуулах ажил энэ оны дөрөв, тавдугаар  сард үргэлжилнэ. Улмаар бүтээн байгуулалтын ажил ирэх зунаас эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.